“Хаан жимс”-ийнхэн уламжлалт чацарганы баяраа тэмдэглэв

Twitter Print
2014 оны 09-р сар 15-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

Нийслэлээс 50 гаруй км-ын зайд, “Цонжин болдог” хөшөөт цогцолбороос дөрвөн км-ын зайд орших “Хаан жимс” жуулчны баазад өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь "Хаан жимс" компаниас жил бүрийн есдүгээр сарын эхний долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулдаг чацарганы ургацын баяр болсон юм. Ирсэн зочид гийчид бүгд л сав суулга барьж, “Хаан жимс”-ний ургацаас амтархан идэж, уралдаан тэмцээнд идэвхи санаачлагатай оролцож байлаа. Чацарганы өнгө буюу улбар шар өнгийн хувцсаар ижилссэн хосууд ургацын дээжээр шагнуулдаг уламжлал бий. Энэ уламжлал ёсоор оролцогчид ургацын дээжээр шагнуулсан юм.

Тус компанийн ургацын баярыг чимдэг нэг үйл ажиллагаа бол яах аргагүй урлагийн тоглолт. Олон янзын жимсний хувцастай бяцхан оролцогчид хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан жимсний тухай дуугаа сонирхуулсан бол ардын урлагийн бяцхан авьяастнууд морин хуурын эгшигээр энэ өдрийн жаврыг үргээж ирсэн зочид төлөөлөгчдийн сонорыг мялаалаа.

Хүний биед хамгийн чухал амин дэмүүдийг өөртөө агуулсан "хаан жимс" гэгддэг чацаргана жимсийг зах зээлд нийлүүлж, ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангах буянтай ажлыг эхлүүлээд өдгөө 10 гаруй жилийн нүүрийг үзжээ.

“Хаан жимс” компанийн агрономич н.Ганбат "Бид 5 га талбайд дөрвөн төрлийн чацаргана тариалдаг бөгөөд өдгөө зургаа дахь жилдээ ургацын баяраа тэмдэглэж байна. Бид ирэх оноос шинэ үйлдвэр ашиглалтад оруулж, дотоод болон гадаадад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болно. Өдөрт дөрвөн тонн чацаргана боловсруулж эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ямар нэгэн химийн бодисгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнийг экспортлож туршилтаар Япон улсад чацаргана гаргаж байгаа.  

Бидний амжилт, арвин их ургац хураан авах ажилд нөр их хөдөлмөр зарцуулагддаг. Чацарганы мод гэхэд хүний амьдралын хугацаатай адил насалдаг. Бас яг л хүүхэд шиг чин сэтгэл, арчилгаа, тордлогоо шаардагддаг. Мөн чацарганы мод үр жимсээ өгөх хүртэл таван жил хүлээх хэрэгтэй. Харин чацарганы мод нэг ургасан хойноо 10-15 жил үр жимсээ өгдөг” гэсэн юм.

Хүч тамир оруулагч чацарганы тухай

Чацаргана нь найрлагандаа уусах чадвар сайтай сахар / фруктоз, глюкоз/, органик хүчил, каротинойдын найрлаганд ордог VC, VE, VB1, VB2 зэрэг олон төрлийн витаминуудыг агуулдаг шим тэжээлээр баялаг жимс юм.

Боловсруулаагүй жүүс нь хүний биед хэрэгтэй олон төрлийн микро элементүүд болон 18 төрлийн амин хүчлийг агуулдаг. Чацарганы жимсний жүүс нь бусад модoт жимснээс олон төрлийн найрлагатайгаараа давуу юм. Чацаргана нь С витаминаар баялаг бөгөөд ердийн жимстэй харьцуулахад хэдэн арав дахин илүү юм. Мөн Е витамины агууламж нь бүх төрлийн жимснүүдээс хамгийн их юм. Эдгээр найрлагууд нь хүний биед амархан шингэдгээрээ онцлогтой. Хятадын уламжлалт эмчилгээний бүртгэлийн толь бичигт дурдагдсанаар чацарганыг олон төрлийн эмчилгээнд хэрэглэх бололцоотой гэжээ. Тухайлбал, цусыг эрүүлжүүлэх, гэдэсний өвчин мөн цангахаас сэргийлэх зэрэгт. Чацарганы шүүс нь түүнийг гаргаж авах явцад бохирддоггүй.

Чацарганы өтгөрүүлсэн жүүс

Өтгөрүүлсэн жүүс нь амины хүчил, С, В1, В2, РР3 гэсэн натурал витаминууд олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Боловсруулаагүй жүүсний амт чанар, найрлага, витаминууд нь хэвээр хадгалагддаг. 
Өтгөрүүлсэн жүүс нь зунгааралдсан хүрэн өнгөтэй шингэн юм. Өтгөрүүлсэн жүүсийг түүнээс 3 дахин их усаар шингэлэхэд боловсруулаагүй жүүс болж хувирна.

Чацарганы тосыг уух байдлаар дотуур мөн түрхэх байдлаар гадуур хэрэглэдэг

Тос нь 40-100мг каротин, 180-250мг каротинойд агуулдгаараа А витамины баялаг эх үүсвэр болдог. Түүнчлэн Е витамин өндөр хэмжээтэй буюу 110-165мг агуулагддаг байна. Чацарганы тос нь өвдөлтийг намдаах, шарх аниулах мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй зэрэгцээ арьсны элдэв төрлийн /дулааны, химийн, цацрагийн үйлчлэлээр бий болсон/ түлэнхийг эмчлэхэд хэрэглэдэг.  Нэг хоёрдугаар зэргийн түлэгдэлтийн үед арьсны гэмтсэн хэсэгт чацарганы тосыг өдөрт 2 удаа түрхэж хэрэглэдэг.

Нэлээд гүнзгий түлэгдэлтийн үед чацарганы тос нь түлэгдэлтийн шархыг аниулахад илүү тус дэм болж арьс шилжүүлэн суулгах хөрсийг бүрдүүлж өгдөг.

 
Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.