Тэр бол нутгийн үнэртэй сэвшээ хонгор салхи

Twitter Print
2016 оны 04-р сар 21-нд 16:09 цагт
Мэдээний зураг,

Барилга байшин юу ч үгүй нүүгэлтсэн их тал, зөвхөн хүн, байгаль хоёр л хүртэлцэн, шүргэлцэж болох хөх униарт хөдөө нутгийн тухай төсөөлөл европчуудад байхгүй. Сул газрыг зөвхөн хундаам гэж хардаг тэдний сэтгэхүйг ч бид ойлгож цөхдөг нь ийм учиртай. Гэвч уртын дуу, Өвөрмонголоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа хоёр тэдэнд мэдэж, мэдрэхгүй тэр л гайхамшгийг хүргэж яваа. Оо энгэсэг, гялгяр хувцас, гоё чамин юу ч үгүй тайзнаа гарахад биед нь ахадмаар уужим талын цуурай танхимд бүрнээ түгж, тэгээд түүний хоолойгоор уянга болон хүрдэгт сонсогчид нь дуртай. Уулын бяцхан горхи шиг, тагийн танхил цэцэг шиг, агаар мэт, үүл мэт цэвэр тунгалаг байдагт нь биширмээр...

Тувагийн алдарт дуучин Сайнхо Намчылак Монголд ирээд, “Mother earth, father sky” тоглолтоо хийж байсан. Дараахан нь Цахар Тугчийн Урнаа ирж, ээлжит тоглолтоо толилуулан байсансан. Оросын хөгжмийн нэгэн шүүмжлэгч “Урна, Сайнхо хоёр бол Азийн дива юм” гэж хэлж байв.  Өнгөрсөн жил тэд хоёул элэг санаж Монголд оронд ойрхон зайтай ирж байсныг санан санан дурсмаар болдог юм.

“Түүний хоолой хүрхрээ мэт хүчирхэг эсвэл эрвээхэй далавчаа дэвэх мэт зөөлөнд хөрвөж чаддаг. Яагаад түүний сонсогчид, хөгжмийн шүүмжлэгчид хоолойг нь бүхэлдээ нэг оркестртой дүйхүйц гэж хэлдгийн хариу нь энэ” хэмээн Томас Авенариус “The Voice of new Nomads” шүүмж өгүүлэлдээ бичсэн байж билээ. Монголын урлагийг дэлхийд таниулж яваа энэ бүсгүй Ордос нутгаас гаралтай боловч одоо Германы иргэн болсон. “Өөрт олдож болох бүхий л боломжийг ашиглахын тулд” гэж тайлбарлаж байсан. 1968 оны хонь жил, Цагаан сарын урд өдөр төрсөн тэрээр эмэг эхийнхээ хайр халамж дунд хүн болжээ. Бусад монгол хүний л адилаар эмээ нь дууч хүн байсан төдийгүй шөнө бүр үлгэр хэлдгийн ачаар Урнаа монгол ахуйтай ойр өсөж, өнөө хэр элэг зүрхэндээ тээж, дээдэлдэг шигээ эх урлагаа буй чигээр нь түгээж яваа нь ч үүнтэй холбоотой байх. Түүнд багш гэж байсангүйн дээр өөрөө ч хэн нэгний заавар, тушаалаар явахыг хүсээгүй. Харин “Аав ээж, нутаг ус, айл аймаг, нагац ээж маань миний багш” гэж хэлдэг. Урнаагийн дуу бүрээс “элэг үнэртэж” байдгийн учир нь энэ байх.

Энэ бүсгүй Монголын тухай их гэгээн, дотно сэтгэлтэй болохыг нь энд, тэнд өгсөн ярилцлага бүрээс нь харагддаг. Монголд урьд хэд хэдэн удаа тоглолт хийсэн, чөлөө зав гарвал нь наашаа амрах гэж, найз нөхөдтэйгээ уулзах гэж гүйдэг юм билээ. Нэг удаа, 2005 онд билүү дээ, Монголд тоглолт хийхээр ирсэн үед нь “Ардын эрх” сонины сэтгүүлч ярилцлага авч л дээ. Тэгэхдээ “Таныг би Монгол гэж ярихаар нэг л сэтгэлд бууж өгөхгүй байна” гэж их л хүнийрхүү, бүдүүлэг ч гэмээр асуулт асуухад, Урнаа “Заавал ар, өвөр гэж ялгах хэрэг байна уу. Манай өвөрмонголчуудад цорын ганц л мөрөөдөл байдаг. Тэр нь ар Монголд ганц удаа ч болов очиж үзэх юмсан гэх мөрөөдөл. Өвөө, эмээ, аав, ээж маань, бас би. Магадгүй миний хүүхэд ч ийм мөрөөдөлтэй өсөж, өндийх байх. Тоглолт хийсний дараа үзэгчид “Та ямар үндэстэн бэ” гэж асуудаг. Тэгэхэд нь би “Монгол хүн. Манай аав, ээж Өвөрмонголд амьдардаг” гэвэл  “Өө тэгвэл та чинь хятад хүн юм байна шүү дээ” л гэнэ. Энэ үгийг сонсоод зүрх зүсэгдэх шиг л болдог” гэсэн байсан. Бас өөр нэг ярилцлагадаа тэр “Би халх Монгол, Өвөрмонгол хоёрыг илүү ойр дотно яваасай гэж дандаа хүсдэг” хэмээсэн байж билээ. Хамгийн сүүлд тэрбээр “Cosmopolitan” сэтгүүлийн Монгол дахь салбарын нээлтийн тоглолтод оролцсныг та санаж байгаа биз ээ. Удсан ч үгүй тэр ахиад л ирж буй нь энэ.

Урнаа "Тал нутаг" (1995), "Хөдөөд" (1999), "Амилал" (2004), "Тэнгэрийн шувуу”"(2012) зэрэг долоон цомог гаргаж, энэ зуур мөн “Эзэн богдын хоёр загал” кинонд тоглож амжсан. Одоо Монголд хийсэн ээлжит тоглолтоо “Тэнгэрийн шувуу” гэж нэрлэжээ. Урнаагийн Монгол дахь тоглолт бүрийн ард “Tseren tours” гэх нэр байнга дагалддаг. Учир нь тус компанийн захирал Э.Цэрэндолгор бол Урнаагийн үнэнч шүтэн бишрэгчдийн нэг юм. Тэрбээр өөрийн Фэйсбүүк хуудастаа ийн бичсэн байв. “Би яагаад Урнааг сонсдог вэ гэж үү? Би янз бүрийн хөгжим сонсдог, таашаадаг. Гэхдээ Урнаагийн хоолойн цэвэр өнгө, өнгө будаггүй өөрөөрөө байхын үлгэр, улам бүр биднээс холдон буй монгол ахуйг хүүрнэдэг нь, салахын аргагүй уянгалаг хоолой, хөгжмийн давтагдашгүй хэмнэл зэрэг нь намайг өөрийн ертөнцдөө орж, өөрийнхөөрөө байхад минь тусалдаг. Надад урьд ямар ч дуучин энэ хэмжээнд хүрч нөлөөлж байгаагүй” гэжээ. Хөгжим ойлгож, мэдэрдэг хүмүүс Урнаад унаж, тусдаг олон зуун шалтгааны ердөө нэг хэсэг нь л энэ юм.

Уруулаа улаанаар будаж, үсээ годойтол нь янзлаад, урт даашинз намируулан тайзнаа гарч ирдэг дуучдаас Урнаа хэлбэрийн болоод агуулгын хувьд тэс өөр. Тэр тайзнаа дээлтэйгээ л гарна. Тэгэхэд хүмүүс өмсгөл зүүлтэд нь сатаарах юмгүй, харин өөрт нь, улмаар өөрийнх нь дуунд уусаж, жинхэнэ тоглолт, жинхэнэ дуучин, жинхэнэ дууны нэгдэл бүрддэг юм. Тэр зөвхөн ар Монгол гэхгүй, монголчууд аж төрдөг газар оронд их очдог юм билээ. Улаан-Үдэд хийсэн тоглолтынхоо үеэр “Анх удаа Улаан Үд хотод ирж, буриад садан нартайгаа уулзаж байна. Төрсөн нутагтаа би хайртай, түмэн олон та нартаа танилцуулж өгөхдөө дуртай” гэж хэлээд “Санждорж” хэмээх дуугаа дуулах үед нь тэнд биеэр байгаагүй ч тэр танхимд цугласан хүмүүсийн халуун дотныг мэдэрч дөнгөсөн билээ. “Бүүвэй”, “Хөдөө” гээд түүний олон дуу зүрх сэтгэлд бууриа засаад үдэлжээ.

Тэр яг л хэзээ ч юм, хаа нэгтээ уулзаж байсан дотно танил шиг, эсвэл элэнц өвгөд, эмгэдийн амьд халуун дүр ч юм шиг элгэмсүү, түүний дуу нь эмээгийн маань орой бүр ярьж өгдөг үлгэр шиг ойр сонсогддог. Урнаагийн бүхий л уран бүтээл нь эх хэлээр байх учир мэдэж, мэдэрч цөхөхийн зовлонгүй. Тэр өөрийнх нь доторх монголоо хөглөж байхын тулд бидний дуу, хөгжмийг ч бас сонсдог гэсэн. Тэр дундаа Норовбанзад агсны хэд хэдэн цомгоос гадна Адарсүрэн агсны дуунуудыг ч шимтэн сонсдог юм билээ. Энэ тухай “Тал нутаг шигээ уужим сайхан аялгууг сонсохоор хэн ч уярахгүй байхын аргагүй шүү дээ” гэж хэлсэн байсан.

Монгол аялгууг дэлхий нийтэд танилцуулж, дуу дуулахаа болих хүртлээ эх нутагтаа суурих суухгүй гэж шийдсэн тэрбээр “Энэ зам маань даанч хол. Уг нь гэртээ хариад энгийн сайхан амьдрах юмсан. Гэсэн ч дуулах хүсэл минь дийлэх юм” гэж ярьсан байж билээ. 

Сартай шөнө дэнгээ унтраагаад нойртоо орсон хойно

Салхин хүргэж ирэх уужим талын хонхон дуугаар

Сочин сэрээд лавлаж сонсохоор чихээ талбин чагнавал

Сондор хонхон сэм нэг ойртоод, сэм нэг холдоод байх нь ... (Тэмээний явдал дууны хэсгээс. Энэ дууны шүлгийг тэр өөрөө бичжээ)

Герман улсад амьдарч уран бүтээлээ туурвидаг Даваагийн Бямбасүрэн бүсгүй Урнааг гол дүрд нь тоглуулсан "Эр хоёр загалын дуу" ("The Song of the Two Horses") хэмээх баримтат кино хийсэн байдаг. Энэ киноны промог сонирхуулъя.

Tekism

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.