
Хар хунгийн 32 эргэлтгүй "Хунт нуур"
Өчигдөр Монголын театрт 184 дэх удаагаа "Хунт нуур" балет тоглогдлоо.
Партер 3-р эгнээний 15-20 хавьд сууж байсан гоё хувцасласан, балетын сургалтанд явдаг шинжийн бүсгүйчүүд бодвол театрт анх удаа ирсэн байх, зураг бичлэг, бүр лайв хийж, инстадаа оруулж лайкаа тоолж, утасны гэрэл гялалзуулав. Ингэж үзэхгүй ээ Монголчуудаа!
Ийм хүмүүс байнгын үзэгчдийн тав тухыг алдагдуулж сүүлдээ бүр театрт ирүүлэхгүй болгож байна. Тэд мэдээж 2-р үзэгдэлд хар хунгийн 32 эргэлт гол дүрийн хунгийн хөл гэмтсэнээс тоглоогүйг анзаараа ч үгүй л байх. Тэгэхэд байнгын үзэгчид сэтгэл түгшин, дүр солигдон тоглолт амжилттай үргэлжилж байхыг нулимстай бахархан үзэж суудаг юм. Бас оркестрын үлээврийн хэсэг замбараагүй, ер нь л бүхэлдээ хөгжим сэтгэл дүүргэх сайн биш байгааг ч анзаарахгүйгээр бусдад төвөг удаж, ард шивэр авир хийж ярина, сандал өшиглөнө, юм идэж ууна. Яагаад ийм ОРК юм бэ! Мэдрэмжгүй, Мэдрэл!
Хунт нуурыг уг нь бельтажнаас үзэх хамгийн гоё харагддаг юм. Олон хунгийн өрөлт, зогсолт үзэсгэлэнтэй гэж. Бас дууриудаа тэндээс үзэж, сонсмоор байна. Гэвч өнөөх л мэдрэмжгүй, хэнэггүй хүмүүсээс болж 1 давхарт 1-р эгнээнд л сууж үзэхгүй бол хоорондоо чалчаад хөгжим сонсуулахгүй, үнэн тэнэг.
Бас хоцрохоо больчих тэгэх үү, тоглолт яг 17:00-доо эхэлдэг юм. Монгол улсад ганц цагаа барьдаг газар цагтаа ирээд сурчих, хөгжим сонсоод яг гоё ороод сууж байхад мэдрэмж эвдэн урдуур хойгуур гүйлдэх.
За бас "Хунт нуур"-ын билет www.ticket.mn-д дөнгөж ороод л 6 цагийн дотор 2 өдрийн 1000 тасалбар дууссан ба дамын наймаачид ч энд бас дэм үзүүлж буй нь харагдлаа.
Ишш, үнэхээр сонгодог тоглолт үздэг хүнд бүх тоглолт л сайхан шүү дээ. Хунт нуур л үзэж үзэхгүй бол юмнаас хоцорчих гээд байгаа юм шиг бяцхан сэтгэлгээг нь луйварчид ашиглаж л байна. Тэр үнэ хөөрөгдсөн билетийг нь авч, гоёж гангалж ирчихээд соёлгүй байгаад байгаа хүмүүсийг одоо яалтай вэ?
Театрын үзэгчдийг бэлдэх!
Бусдад гай болохгүй амьдрах!
Энэ хоёрыг бүгд ойлгоосой, хамт театрт дагуулж ирж байгаа нэгэндээ хэлээсэй OMG!
"Сонгодог Урлаг Сонирхогч" хуудасыг 10 гаран жил хөтөлсөөр байгаа, ганц мөрөөдөл болвоос театр дүүрэн бэлтгэгдсэн үзэгчидтэй мөр зэрэгцэн тоглолт үзэхсэн гэдэг жижигхэн л хүсэл.
Тэрнээс чанаргүй байна, соёлгүй байна гээд гадны гоё театруудад үзэж болох ч Монгол хүн байна даа гээд яг Монгол хүн энэ дуурь, энэ балетыг яаж амьдуулах, хүргэх тэр мэдрэмж нь л надад сонин.
Эцэст нь хэлэхэд Монголынхоо театрт хайртай, эх оронч үзэлтэй хүний хувьд сөрөг, муу, алдаатай байсан бүхнийг мэдсэн ч нийтэд түгээхгүй, театраа дүүрэн л үзэгчидтэй байлгахын тулд дандаа сайныг өдий хүртэл энд нийтэлсээр ирснийг зарим нэг урлагийн хүмүүс өөрсдөө урлагийн мэдрэмжгүй үзэгчидтэй байснаас байгаагүй нь дээр гэж хэлсэнд гомддог л юм. Бид ямар мэргэжлийн ч байгаа биш, нарийн гүнзгий түвшинд анзаарахгүй ч Хунт нуураа 20 гаруй удаа үзсэн хүний хувьд хөгжим сүүлийн жилүүдэд сэтгэл дүүргэхгүй байгааг аль хэсэг болохгүй байгааг илэрхийлж хэлж чадахгүй юм.
Гэтэл өнгөрсөн 7 хоногийн Аида дуурийг ОХУ-ын удирдаач ирж удирдахад өөрийн мэдэлгүй л нулимс урссан байдаг юм.
Үзэгчид бид өөр өөр мэргэжлийн, урлагийн биш хүмүүс тул сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж, мэргэжлийн урлагийн түвшинд тайлбарлаж чадахгүй билээ. Тэгэх ч албагүй ба үзэгчидээ хүндлэн чанарын өндөр түвшний тоглолт хүргэх, бид ч соёлтой үзэгч байх нь зүй ёсны билээ.
Өнөөдөр бельэтажнаас Хунт нуураа ганцаараа л сууж үзнэ, хөгжим гоё байгаасай, шинэ Зигфридийн зохицлыг харна, эргэн тойрны хүмүүс бага чалчаасай, завсарлаад ярьж болдог шүү! Ярих гээд байдаг хүмүүс над шиг байнга ганцаараа үзчихэж болдоггүй, чаддаггүй юм уу?
Тоонд бус чанарт анхаарах цаг иржээ нэгэнт. Угаасаа хүн бүр сонгодог тоглолт үздэг байх албагүй ч, дуурийн театрт ирж буй бол соёлтой үзэгч байх үүрэгтэй юм. Театрын жинхэнэ, байнгын үзэгчид олон болог.
Жич: Дуурийн театрынхан минь, сүүлдээ бүр "Хунт нуур"-аа ч олигтой тоглож чадахаа байх нь уу.
Эх сурвалж: "Сонгодог Урлаг Сонирхогч" хуудас
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.