
1912 оны 4-р сарын 10-ны өдөр Титаник анхны бөгөөд сүүлийн аялалдаа гарсан өдөр. Энэ өдөр Английн Соутхамптений /Southampton/ боомтоос тухайн үедээ дэлхий дээрх хамгийн том, хамгийн найдвартай, хамгийн тансаг хөлөг онгоц хэмээн шуугиж байсан Титаник хөлөг АНУ-ын Нью-Йорк хотын чиглэлд хөдөлсөн бөгөөд энэ аялал нь хөлгийн анхны бөгөөд сүүлийн аялал байсан юм.
Титаник хөлөг нь “White Star Line” далайн тээврийн компани хөрөнгө оруулж хийлгэсэн онгоц бөгөөд 46,000 тонн жинтэй, 269,06 метр урт, хамгийн өргөн хэсгээрээ 28,19 метр өргөн, 53,34 метр өндөр, 9 давхартай, 20 уурын тогоо, 162 зууханд өдөрт 650 тонн нүүрс хэрэглэдэг, 16,000 морины чадалтай, дээд хурдаа авсан үед 24 зангилаа хүртэл хурдалдаг /ойролцоогоор цагт 45км/цаг/, 6,7 метрийн диаметртэй багцаагаар 20 метр өндөр 4 яндантай, 3000 хүн 3 жилийн хугацаанд хийсэн, 66,000 тонн, тухайн үедээ дэлхий дээр цорын ганц усан түрц нь 4000 тонноос давсан зорчигч тээврийн хөлөг онгоц байсан юм.
Хөлөг үнэхээр дээд зэргийн люкс онгоц байсныг усан бассейн, фитнес танхим, Турк ванн, зураг авахуулах харанхуй өрөө, гурван ч навчин тамхи татах танхимтай байснаас харж болох бөгөөд сонгодог европын барилгын дотор засалтай байсныг та бүхэн Титаник киноноос харсан биз ээ.
Энэхүү агуу том хөлөг нь хөлгийн баг ороод 3500 хүний багтаамжтай бүтээгдсэн бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн тасалбарын үнэ 4,300 доллар бол 3-р зэрэглэлийн тасалбар нь 36 доллар байж.
Эхний бөгөөд эцсийн аялалд хөлгийн тавцан дээр нийт 2200 орчим зорчигч болон хөлгийн багийнхан байсан боловч хөлгийн нийт аврах завьнууд 1178 хүнийг л багтаахаар байжээ.
1912 оны 04-р сарын 14-ний шөнө 23 цаг 40 минутын орчимд 22 зангилаа хурдтай явж байсан хөлгийн ажиглагч Фредерик Флит /Frederick Fleet/ хөлгийн урдхан талд мөсөн уул байгааг анх хараад ажиглалтын цэгээсээ эхний түгшүүрийн дохиог өгсөн байна. Нэгдүгээр офицер Уильям Мердок /William Murdoch/ хөлөг онгоцоо саадыг тойрон гаргахын тулд хөдөлгүүрүүдийг эргүүлэхийг тушаасан боловч хэтэрхий оройтсон байв.
Титаник хөлгийн баруун тал мөсөн уулыг мөргөж, усан доорхи хэсэгт хэд хэдэн нүх үүсэв. Онгоцны их бие цоороогүй ч хонхойсон хэсэгт зарим нэг гагнаасууд салж зай гарснаар секүндэд 7 тонн ус хөлөгрүү нэвчин орж эхлэжээ. Хөлөг ус үл нэвтрэх таван тасалгаатайгаас удалгүй дөрвөн тасалгаа нь усанд автсан тул сүйрэх нь тодорхой боллоо. Титаник хамар талаасаа живж эхлэв. Усанд автсан хэсэг ихсэх тусам тасалгаанаас тасалгааруу ус нэвчин орсоор байдал улам хүндэрсэн.
15-ны шөнийн 02:10-02:15 цагийн үед буюу хөлөг мөсөн уулыг мөргөснөөс хойш хоёр цаг хагасын дараа түүний живэх хурд гэнэт нэмэгдэж, усан онгоцны тавцан усанд живсэн тул далайн ус бүх нүх, сараалжаар цутгаж байв. Нэгэнт хошуун хэсэг усанд живсэн тул хөлгийн ард тал уснаас өргөгдөн сэнсийг ил гаргаснаар хөлгийн их биенд маш их ачаалал үүсэн онгоц хоёр ба гурав дахь яндангийн голоор хоёр хэсэгт хуваагдлаа. Хошуу хэсэгрүү ус юүлэгдэн, ихэвчлэн уснаас дээш байсан хөлгийн хойд хэсэгт агаар хуримтлагдсан. Тиймээс энэ хэсэг нь хэдэн минутын турш хөвөх чадвартай хэвээр байсан бөгөөд бараг босоо байрлалд орсон үлдсэн хэсэг 02 цаг 20 минутад усруу орох хүртэл хэдэн зуун хүн амьд үлдэх найдвар тээн тэнд байсаар байжээ.
Хөлөгт сууж явсан хүмүүс ийм онцгой байдлын үед яах ёстой талаар огт мэдлэггүй байв. Олон хүний хэт замбараагүй байдал, зохион байгуулалтын алдаа, багийн гишүүдийн туршлагажсан байдал зэргээс болоод аврах завьнуудаа бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадаагүй тул 1517 хүн нас барсан нь далайн тээврийн түүхэн дэх хамгийн том эмэгнэлт ослуудын нэг юм.
Энэхүү осол Канадын эргээс ойролцоогоор 563 км зайд болсон бөгөөд хөлөг 3800 м-ийн гүнд живжээ.
Ослоос 1-р зэрэглэлийн зорчигчдийн 60%, 2-р зэрэглэлийн зорчигчдийн 40%, 3-р зэрэглэлийн зорчигчдийн 25%, хөлгийн багийн 25% нь амьд гарсан байдаг.
Хөлгийн ослоос болж амь үрэгдсэн хүмүүсийн дунд хөлгийн ахмад Эдвард Смит /Edward John Smith/, хөлгийг бүтээсэн үйлдвэрийн ерөнхий архитектор Томас Эндрюс /Thomas Andrews/ нар байсан юм. Хөлгийн ахмадыг хамгийн сүүлд харахад тэр удирдлагын бүхээгтээ байсан гэж амьд гарсан гэрчүүд хэлсэн байдаг.
Хөлөг яагаад живсэн талаар олон таамгууд байдаг бөгөөд Египтээс олдсон хараалтай бунханы чулуун авсыг тээж явсан тул хараал нь нөлөөлсөн, харь гаригийнхан сөнөөсөн ч гэсэн ярианууд гарч байв.
"Титаник"-ийн их биеийн хоёр хуваагдан живсэн үлдэгдэлийг 1986 онд Францын нэг хайгуулын анги умард Атлантын далайн 3700 метрийн гүнээс олсон ба энэ нь уг аварга хөлөг живснээс 74 жилийн дараа анх удаа хүмүүс далайн гүнээс харсан нь тэр юм.
Уг хөлгийн бодит байдлаас сэдэвлэсэн ижил нэртэй киног Парамоунт Пикчерс, 20-р зуун фокс компаниуд Жеймс Камеруны найруулгаар 1997 онд бүтээсэн бөгөөд Оскарын наадмаас 11 номинацид шагнал хүртэж энэ наадмын бас нэг үнэмлэхүй амжилтыг тогтоож байв.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.