Гар угаах дадал зуршилгүй улс орнууд шинэ коронавируст халдварт илүү өртөмтгий байна

Twitter Print
2020 оны 04-р сар 28-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

Английн Бирмингемийн Бизнесийн сургууль, Хуулийн сургуулийн профессорууд бие засах өрөө хэрэглэсний дараа өөрийн мэдэлгүй гараа угаах дадал зуршил тогтоогүй улс оронд шинэ коронавируст (SARS-CoV-2) халдварт өртөх хандлага илүү их өндөр байгааг тогтоосон судалгааны үр дүнг Regulation & Governance сэтгүүлийн цахим хувилбарт нийтэлсэн байна.

ГАРАА УГААХ ДАДАЛ ЗУРШИЛГҮЙ ХАМГИЙН ЭХНИЙ ГУРВАН ОРОН БОЛ ХЯТАД, ЯПОН, СОЛОНГОС ГЭНЭ

2015 онд BVA France Sarl, Worldwide Independent Network of Market Research, GALLUP International гэсэн 3 байгууллагаас дэлхийн 63 оронд гар угаах зуршлын талаар судалгаа хийжээ. Энэхүү судалгаа нь "Ариун цэврийн өрөө ашигласны дараа ямар ч бодох зүйлгүйгээр гараа савандаж угаадаг уу?" гэсэн асуултад "тийм" эсвэл “үгүй” гэсэн хариулт авах зорилготоор хийгджээ. Судалгаанд хамрагдсан улс орон бүрээс хамгийн багадаа 500 хүний хариулт, нийтдээ 64,002 хүний хариулт авсан байна. Ингээд үр дүнг нэгтгэж харахад гараа угаадаггүй хамгийн олон хүнтэй улс орны эхний гуравт Хятад (77%), Япон (70%), Солонгос (61%) улсууд багтжээ.

Нидерланд (50%), Тайланд, Кени (хоёулаа 48%), Итали (43%) улсууд удаалж, Саудын Араб хамгийн бага буюу 3% -тай жагссан байна. Их Британи (25%), АНУ (23%) байсан бол 63 орны дундаж нь 26%-д ойрхон байж. Судлаачид энэ удаа дээрх судалгааны өгөгдлийг гар угаах соёл нь дадал зуршил болсон эсэхийг илэрхийлэх шалгуур болгон ашиглаж, шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтын хамрах хүрээнд гар угаах соёл хэрхэн нөлөөлж байгааг судлаж үзжээ. Улс орнуудад тархсан COVID-19 нөхцөл байдлыг ДЭМБ-ын 2020 оны 3-р сарын 8-ны өдрийн байдлаар нийтлэгдсэн батлагдсан тохиолдол, нас баралтын тохиолдлын тоон мэдээллийг ашигласан байна.

ГАР УГААХ СОЁЛ БА ВИРУСЫН ӨРТӨЛТ ХОЁРЫН ХООРОНД ХҮЧТЭЙ ХАМААРАЛ БАЙГАА АЖЭЭ

Соёлын ялгаа, эдийн засгийн хөгжлийн түвшин зэргийг тохируулсаны дараа регрессийн шинжилгээ хийж үзэхэд гар угаах соёл ба вирусын өртөлтийн хүрээ хоёрын хооронд хүчтэй хамаарал байгаа нь тогтоогдсон байна. Судлаачдын үзэж буйгаар "Ариун цэврийн өрөөнд орсоны дараа өөрийн мэдэлгүй гараа угаах дадал зуршил тогтоогүй улс орнуудад SARS-CoV-2 вируст өртөх хүрээ нь их байх хандлагатай байна. Энэ вирусын эсрэг вакцин хараахан гараагүй байгаа энэ цаг үед энэхүү цар тахалын дэгдэлт нь ертөнцийн хүмүүст халдвар дамжих нуугдмал эрсдлийг бууруулах арга замыг эрэлхийлэхэд хүргэж байгаа юм. COVID-19-ээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд "Гараа савантай усаар дор хаяж 20 секундын турш байнга угааж байх”-ыг өргөнөөр зөвлөж байгаа.

Энэ нь эрүүл ахуйн хувьд хувь хүний зан үйлд хэдийгээр богино хугацаанд ч гэсэн шууд нөлөө үзүүлэх боломжтой хэдий ч тодорхой нэг улс орон эсвэл дэлхий даяар гар угаах соёлыг өөрчлөх явдал нь илүү хэцүү ажил болох юм. Судлаачдын дүгнэснээр COVID-19-ийн дэлхий даяарх тархалтад олон хүчин зүйл нөлөөлж байж болзошгүй хэдий ч “гар угаах соёл” нь цар тахалд хүрэх үү үгүй юу гэдэгт улс орнуудын хэмжээнд ялгаа байгааг тайлбарлах гол хүчин зүйл болж байх шиг байна. COVID-19-ийн аюул заналхийлэлд өртснөөр дэлхий нийтэд гар угаах соёл тэлэх үү үгүй юу гэдгийг цаг хугацаа бидэнд хэлж өгөх болов уу хэмээсэн байна.

Эх сурвалж: The Impact of Cross-Cultural Differences in Handwashing Patterns on the COVID-19 Outbreak Magnitude. DOI: 10.13140/RG.2.2.23764.96649 Preprint · March 2020

Миний бодол: Гараараа хоолоо иддэг үндэстнүүд, гараараа нөгөө юугаа яадаг улс үндэстнүүд гараа их сайн угаадаг юм болов уу даа. За ямар ч байсан тэр улс үндэстнүүд ариун цэврийн өрөөнд орсоны дараа өөрийн эрхгүй гараа угаадаг дадал зуршилтай болсон юм байна. Харин энэ соёлт ертөнцийхөн, тухайлбал манай Ази тивийн 3 улс орон гараа угаадаггүйгээрээ эхний 3-т ороод амжсан байна. Эндээс харахад нээрэн эдгээр улс орнуудын заримаас нь Ковид -19 анх дэгдсэн, заримд нь одоо ч бас дэгдэлт өндөртэй хэвээр байгаа зүйл ажиглагдаад байна шүү. Бусдын хэрэгт хошуу дүрэх ч яахав. Тэгэхээр бид яахав гэхээр гараа л байнга сайтар угааж, ариутгаж байя.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.