Жинхэнэ Санта Клаус

Twitter Print
2021 оны 12-р сар 23-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Техас мужийн нэгэн сургуульд түүхийн багшаар ажилладаг Лезли Раш хэмээх бүсгүй, гэрийнхэн (хэдэн үеийн турш) нь үр хүүхдүүддээ Санта Клаусын талаарх үнэнийг хэрхэн хэлдэг тухайгаа бичиж ирүүлсэн нь үнэхээр авууштай санагдсан тул та бүхэнтэй ийн хуваалцаж байна:

“Хүүхэд чинь 6-7 нас хүрч, Санта Клаус байдаг гэдэгт эргэлзэж эхлэнгүүт хүүхдээ бэлэн болжээ гэж ойлгоорой.

Би хүүхдүүдээ кафед дагуулж ордог... тэгээд захиалсан зүйлсээ хүлээж байх зуур: “Миний хүү энэ нэг жилийн дотор их том болжээ. Зөвхөн биеэр биш шүү... сэтгэлээрээ ч бас том болж, өөрөө Санта Клаус болоход бэлэн болж. Чиний харсан Санта Клаусууд үнэндээ бол Санта шиг хувцасласан том хүмүүс байсныг чи харсан байх. Зарим найзууд чинь “Санта Клаус гэж огт байдаггүй юм” гэдэг байх. Санта болох болоогүй байгаа хүүхдүүд л тэгж боддог юм. Миний хүү бэлэн болж...” гэж хэлдэг. (Энэ үгийг хэлэхэдээ дуугаа аль болох намсгахыг хичээгээрэй... хүүхэдтэйгээ нэг юм хуйвалдах гэж байгаа мэт).

Дараа нь хүүхэддээ "Дотроо хэн нэгэн хүнийг сонго... жишээ нь, хөрш айлын хүн. Чиний "даалгавар" бол тэр хүнд юу хэрэгтэй байгааг сэмхэн олж мэдээд, түүнийг нь сайхан боож баглан бэлэглэх явдал. Ингэхдээ, өөрийгөө мэдэгдүүлж огт болохгүй. Санта байна гэдэг бол хүмүүсээр магтуулах л гэж бэлэг тараахын нэр биш... тэднийг сэтгэлээсээ баярлуулахыг л хэлдэг юм шд" гэж тайлбарладаг.

Том хүү маань манайхаас холгүйхэн амьдардаг “шулам авгайг” сонгож авлаа. Тэр авгай нээрээ л аймар санагддаг сан. Гэрээ тойруулан хашаа хатгачихаад хэнийг ч оруулдаггүй. Гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харахаараа “чимээгүй тогло” гэх зэргээр орилдог нэгэн байв. Хүү хичээлдээ явах замдаа, тэр авгайг хэвлэлээ авахаар гэрээсээ хөл нүцгэн гарч ирж байхыг нэг бус удаа харсан тул түүнд гэрийн шаахай бэлэглэхээр болов. Тэгээд тэр авгайн размерийг олж мэдэхийн тулд тагнуулд гарч гэрийнх нь гадна ургадаг мод бутан дотор хэдэн өдөр нуугадаж өнгөрүүлэв. Дараа нь бид дэлгүүрээс хөрш авгайд таарах дулаан шаахай худалдаж авсныг хүү, бэлгийн цаасанд боогоод “Зул сарын мэнд! Сантагаас” гэсэн үгтэй мэндчилгээг дээр нь нааж тогтоолоо. Зул сарын өмнөхөн нэгэн орой хүү маань, хөрш авгайн гэрт очиж үүдэнд нь боодолтой бэлгээ үлдээчихээд ирэв.

Маргааш өглөө нь хөрш авгай гэрээсээ гарч ирээд үүдэнд нь боодолтой юм байхыг аваад буцаад орчихов. Дараа нь юу болох бол гэхээс хүү маань байж ядан байлаа. Дараа өглөө нь хөрш авгайг хэвлэлээ авахаар гарч ирэхэдээ дулаан шаахай өмссөн байгааг хараад хүү маань баярлаад сүйд болов. Хүүгээ, сэтгэл нь хөдөлсөндөө хэн нэгэн хүнд ам алдах вий гээд “Хөрш авгайд бэлэг өгснийг чинь ХЭН Ч мэдэх ёсгүй... Үгүй бол чи Санта байхаа больчихно шүү” гэж сануулав.

Дараа дараагийн Зул сараар хүү маань өөр өөр хүмүүсийг сонгож, тэдэнд юу хэрэгтэй байна тэр л зүйлсийг нь нууцаар бэлэглэв. Нэг Зул сараар унадаг дугуйгаа сайтар угааж цэвэрлэн, суудлыг нь сольж шинэчлээд манай нэг найзын охинд бэлэглэж билээ. Тэр найзынх маань амьдралын бололцоо таарухан айл байлаа. Унадаг дугуй (хуучин ч гэлээ) тэдний хувьд их үнэтэй бэлгэнд тооцогдох байсан тул бид эхлээд тэр найзаасаа охинд нь дугуй бэлэглэх зөвшөөрөл авч билээ.

Бага хүүд Санта Клаусын талаар хэлэх цаг нь ирэхэд том хүү маань “Дүүд би өөрөө хэлмээр байна” гэв. Одоо тэд гайхалтай сайн “бэлэглэгчид” болоод байгаа. Тэд өөрсдийгөө, бусдыг хуурч байна гэж бодож байгаагүй нь “Жинхэнэ Санта байхын” нууцыг мэддэг болсонтой нь холбоотой байх...”

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.