Хүүхдийн чинь эцэг Монгол байгаасай!

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Багадаа тоглож өссөн найз маань хүнтэй гэрлэсэн сураг жилийн өмнө сонссон юм. Хэд хоногийн өмнө бяцхан хүү тэвэрчихсэн, нүүрэндээ мишээл нуусан, түүнтэй гудамжинд таарлаа. Дунд ангиас хойш түүнтэй огт уулзаагүй санагдана. Тэр үеэс хойш хичнээн удсан ч, багын төрх нь хувираагүй байна. Харин чихмэл тоглоомтойгоо ярьж инээдэг байсан тэр инээмсэглэл нь хэзээ ч байгаагүй мэт алга болчихсон харагдсан. Сургуульд байхаас эхлээд л түүнд олон жаал хайрын захиа илгээсэн. Хожим, миний уулзаагүй тэр олон жилүүдэд хэдэн залуу түүнд сэтгэлээ өгсөнийг мэдэхгүй юм. Ямартай ч, захиа илгээсэн олон жаалын анхны хайр, сэтгэлээ нээсэн тэдгээр залуусын зүрхийг шархлуулж одсон бүсгүйн хань нь гадаад эр болжээ.

Шовх хамартай, банкинд ажилдаг үсэрхэг эр ялалт байгуулж. Магадгүй одоо ч тэр бүсгүйг бодон гуниж байгаа Монгол залуус ялагджээ. Ёс жудагтай, Монголын нэртэй түүхч аавынхаа ухааныг өвлөсөн, залуудаа үзэсгэлэнгээ бишрүүлж явсан Монгол бүсгүйн гоо төрхийг шингээсэн тэр найз минь тэс өөр хүн болсон нь анзаарагдсан. Харь эр Монголд ирэх дургүй учраас 2-3 жилдээ нэг нөхрийнхөө амралтаар эх орондоо зочилох болсон гэнэ. Шар үстэй, европ төрхтэй бяцхан хүүдээ харь нэр өгсөн байсан. Эгчтэйгээ түргэн хэллэг хэлж уралддаг байсан охин, эх хэлээрээ аялгатай ярих нь ажиглагдсан. Энэ бүхний зэрэгцээ хээнцэр хувцас, хар шил нь багын найзыг минь харийн Монгол болгож өөрчилжээ.

Олон жил уулзаагүй болохоор түүнд ярих зүйл минь хэдэн өдөр үргэлжлэхээр урт байсан. Одоо түүнд ярьсан ч, андын дурсамж биш нутгийн сонин болж үлдэх байсан биз дээ. Дэндүү харамсалтай. Монгол ухаан гоо нэгэн бүсгүйгээ харьд алдаж, насан нөгчих хүртлээ түүх, төр хоёроо дээдэлсэн эцгийн Монгол удам тасарч, зээгээ өсгөх хувьгүй ээж нь насны сүүлээ асрагчийн гарт үдэх болжээ.

Харь нутаг чамин гоё. Хот нь хоггүй цэвэр. Хүмүүс нь магнай тэнэгэр. Өндөр цамхаг, өргөн замтай. Өгөр байшин, өнчин хэдэн улиастай, өвгөн хотоос минь өнгө илүү, тэр үнэн. Харь нутаг үзэсгэлэнтэй. Зүлэг нь зүүдэлгүй наамал шиг. Цэцэг нь солонгын өнгөтэй. Уулс нь өндөр сүрлэг. Тачир зүлэг, таван салаа, тахир муруй толгодоос минь өнгө илүү, тэр үнэн. Гэхдээ... чамин хотын цэвэрхэн гудмаар өндөр өсгийт өмсөн алхах үед, бойтогны чинь мөр үлдсэн төрөлх хот чинь л чамайг санана...

Магнай тэнэгэр харь хүмүүс дунд мишээл цэлгэр байх мөчид, харуулдсан өдрийнхөө тоогоор үрчлээ нэмэх ижий аав чинь чамайг үгүйлнэ. Өвдвөл асрах ижий чинь, алдвал зэмлэх аав чинь, бүдэрвэл түших анд чинь гээд үнэтэй бүхэн чинь энд л үлдэх болохоор... Монгол... Энэ нэрийг битгий мартаарай. Чиний эх орны нэр юм шүү.

Нутгийн чинь ус шиг чамайг бүүвэйлэх гол горхи, нугын чинь зүлэг шиг чамайг өлгийдөх газар шороо тэнд байхгүй. Харь нутагт, салхи нь зэврүүн байх вий. Өвгөдийн сүнс шингэсэн нутгийн чинь салхи шиг чамайг дулаацуулахгүй. Харь нутагт, зам нь уруу байх вий. Эцгийн сургааль, эхийн халамж аль аль нь дэргэд чинь байхгүй. Харь нутагт чи даарах вий!

Ижий аавдаа эрхэлж өссөн эх орны чинь соёлоос эр нөхөр болох харь залуугийн ертөнц тэс ондоо. Үеийн үед дамжсан Монгол цус, эцгийн удмын нэг салаа мөчир нь чи гэдгийг бүү мартаарай. Удам нь тасрахаас үхэхийг илүүд үздэг Монгол эр болохоор эцэг чинь харь овог зүүх чамд хэлэхгүй ч зүрхэндээ гомдож байгаа. Түүдэг гал тойроод андуудтайгаа суухад чинь түрлэг болгож нутгийн дуу аялаж нөхөр чинь чадахгүй, харьд хатуу ханддаг Монголчууд учир эр нөхрөөс чинь хажиглавал найзууддаа битгий гомдоорой.

Харь эрийн гэргий болох Монгол охид олон болжээ. Монгол залуус гологдсон байх... Болзоонд урихдаа цэцэг барьж очоогүй ядуу монгол залуугийн зүрхийг нэвтэлж нэг хараарай, магад чамд зориулж тарьсан мянган сарнай тэнд ургасан байгаа. Бороонд нороход чинь хүрмээ тайлж нөмрүүлэхээ мартсан бүдүүлэг монгол залуугийн бодлыг нэг уншаарай, дотроо чамайг дааруулахгүй гээд чанга тэвэрч байж мэднэ. Харь эрээс дундуур хайрлаж, дутуу хүндэлсэн өөдгүй монгол залуугийн сэтгэл рүү өнгийж нэг үзээрэй, бурханаа залдаггүй магнай өндөрт будаггүй үзэсгэлэн Монгол бүсгүй чамайг л залсан байгаа. Харь хүн Монгол залуугаас илүү байж болох ч Монгол эр нөхрөөс хэзээ ч илүү байж чадахгүй гэдгийг битгий мартаарай...

Би Монгол Эр Хүн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.