
2007 онд Энэтхэг улсын Дели хотод болсон Жорлонгийн асуудлаархи Дэлхийн дээд хэмжээний уулзалтанд дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож, бие засах газар дутагдалтай байгаагаас болж дэлхий нийтэд нүүрлээд байгаа аюулуудын талаар анхааралтай авч хэлэлцсэн билээ.
Дэлхий нийтээрээ 11-р сарын 19-нд тэмдэглэх болсон “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр зохиогддог арга хэмжээнүүд нь дэлхий дээр яг одоо 2.6 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын 40 хувь нь шаардлага хангасан жорлон буюу ариун цэврийн байгууламжийн гачигдалтай амьдарч байгаагаас болж жилд хэдэн мянгаараа амь насаа алдаж байгаа эмгэнэлт явдлыг бууруулж, улмаар зогсооход чиглэгдсэн байдаг.
Үнэндээ “Дэлхийн жорлонгийн өдөр” гэхээр зарим хүмүүс тоглоом наадам болгоод өнгөрөөдөг ч үнэн хэрэгтээ ариун цэврийн наад захын шаардлага хангасан жорлонгүйгээс болж амь насаа алдсан хүмүүсийн тоо 20 дугаар зууны байлдаан зөрчилдөөнөөс болж амь насаа алдсан хүмүүсээс хавьгүй их байдаг байна. Бие засах газрын дутагдалаас болж гэдэсний замын халдварт өвчнөөр өвдөх нь элбэг байдаг бөгөөд Африк тивийн улс орнуудын 31%, Зүүн өмнөд Азийн орнуудын хүн амын 36%, Номхон далай болон далайн бүсийн орнуудын хүн амын 53% нь наад бие засах нөхцөл бололцоогоор хангагдаагүй байдаг байна. Нэг үгээр хэлбэл энэ үзүүлэлтэнд хамрагдсан хүмүүс ил задгай, хаа дуртай газраа бие засдаг гэсэн үг. Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын судалгаагаар дэлхийн 1.1 тэрбүм хүн ил задгай, хаа тааралдсан газраа бие засдаг аж.
Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага энэ байдал хэвээр үргэлжилбэл хөрсний бохирдолт, ундны усны хомсдол, ариун цэврийн хангалтгүй байдлаас болж хөгжиж байгаа орнуудын хүн амын тэн хагасаас илүү хувь нь хүнд өвчинд нэрвэгдэнэ гэж сануулж байна.
Дээрхи хүчин зүйлүүд нь гэдэсний халдварт өвчин гарах эх үүсвэр болж, үүнд хамгийн ихээр хэлмэгддэг хүмүүс бол яах аргагүй хүүхдүүд байдаг байна. Гэдэсний халварт өвчнөөр өдөрт ойролцоогоор 2,000 хүүхэд нас бардаг гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн (UNICEF) судалгаанд дурдсан байна.
Жилд дунджаар 5-аас доош насны 600,000 хүүхэд гэдэсний халдварт төрөл бүрийн өвчнөөр хорвоог орхидог гэсэн судалгаа бас байна.
Мөн энэхүү асуудалд эмэгтэйчүүд ихээр өртдөг байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд ил задгай газар бие засахын тулд шөнө дөл болохыг хүлээж, биеэ хүчээр барих шаардлагатай болдог. Яагаад гэвэл эдгээр орнуудад өдрөөр эмэгтэйчүүд бие засч байгаад бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байдаг аж.
Мөн олон зуун охид сургууль дээрээ бие засах газаргүйгээс болж сургуульд явж, боловсрол олж чаддаггүй харамсалтай мэдээ байна.
Энэ асуудлыг тухайн орны дэд бүтцийн хөгжил, эдийн засгийн дорой байдалтай холбож үзэх нь бий. Гэвч эдгээр асуудлуудыг шийдэж, байдлыг сайжруулахын төлөө дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж, нааштай алхам хийсээр байна.
Жишээ нь, Америкийн бохирын сантехниикийн нэгэн компани Бангладеш улсад бие засах газруудын ариутгал болон бие засах газарт үүрлэсэн өвчин тараагч шавж хорхойнуудыг устгах ажлыг өөрийн хөрөнгөөр гардан гүйцэтгэж байгаа нь ач холбогдолтой ажил болж үр дүнгээ өгч эхлээд байна.
Мөн жорлонгийн асуудал дутагдалтай байгаа өөр олон улсуудад янз бүрийн арга хэмжээг үндэсний томоохон компаниудын тусламжтайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Энд нэг эмгэнэлтэй гэмээр статистикийг бас дурджээ. Юу гэвэл, дэлхий дээр амьдран байгаа 7 тэрбум хүний 6 тэрбум нь гар утас барьдаг байна. Гэтэл тэдний 4.5 тэрбум нь бие засах газаргүй тийм орчинд аж төрж байгаа юм байна.
Эдгээр муу нөхцөл дээр далайд ойрхон орнуудад далайн шуурга болох, үер усны аюул зэрэг нь өвчин тархахад нэрмээс болдог аж.
Жишээ нь, саяхан Филиппин улсад болсон хар салхины аюулаас болж олон хүн эрүүл ахуйн наад захын шаардлага хангасан орчинд амьдарч чадахгүй байна. Ийм аймшигтай орчин нөхцөлд амьдарч, өдөр бүр үр хүүхдээ халдварт өвчнөөр үхэхийг харахыг хүн хүсдэг гэж үү? гэж ДЭМБ-ын албан хаагч халаглан ярьж байна.
Харин энэ байдал Монгол улсад ямаршуухан байна вэ?
Манай улсын нийт хүн амын 65 хувь нь бохирын төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй болон сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдардаг байна. Нийслэлийн хүн амын 63 хувь нь гэр хороололд амьдардаг бөгөөд айл өрхүүдийн 95 хувь нь өөрийн гэсэн бие засах газартай боловч 97 хувь нь энгийн нүхэн жорлонтой байгааг судалгаагаар тогтоожээ. Нэг үгээр хэлбэл, бидний дүр зураг дэлхийн орнуудын дунд ядуу буурай орныхтой тун адилхан байгааг та анзаарч байгаа байх.
Хөдөө орон нутгийн хувьд сургуулийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнгүүд, төрсөн эмэгтэйчүүд өвлийн хүйтэнд ч тэр хальж дүүрэх шахсан модон жорлонд гадаа бие засаж байна. Зөөврийн ус хэрэглэдэгээс болж тэр болгон гараа угааж, эрүүл ахуйн наад захын нөхцөл хангах боломжгүй орчинд аж төрж байна. Монгочууд бид сүүлийн жилүүдэд улс орон маань эрчимтэй хөгжиж, эдийн засгийн чадавхи жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа тухай дээр дооргүй ярьж, хэлж, бичиж байгаа боловч хөдөө, орон нутгийн ард иргэд хамгийн сайндаа модон жорлондоо, хөдөөгийн малчид жилийн 4 улиралд ил задгай газар бие зассаар байна. Энэ асуудал хотод ч тулгамдсан асуудал болж байгаа. Та бид эргэн тойрон байшингийн булан, хүүхдийн тоглоомын талбай, мод бут гээд хаа сайгүй бие засч байгаа эрчүүдийг харсаар дасал болжээ. Бие засах газар болон бие засах газрынхаа ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн асуудлыг хариуцан сайжруулах нь тухайн айл өрх, хувь хүн бүрийн хариуцан хийх ажил ч улс, үндэстний аюулгүй байдлын бас нэгэн чухал асуудал тул хот, гудамж талбай, суурин газрууд, хот хөдөөг холбосон бүх замуудыг ариун цэврийн шаардлага хангасан жорлонгоор хангах нь хот, аймаг, сум, баг бүрийн төлөвлөлтөнд тусгагдаж ажил хэрэг болж байх нь чухал байна гэдгийг энэ өдөр онцлон сануулмаар байна.
Ц. Мөнхбаяр