Ухань хот хилээ нээлээ

Twitter Print
2020 оны 04-р сар 08-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид коронавирусын халдварын голомт болсон Ухань хотод тогтоосон хорио цээрийн дэглэмээ бууруулжээ. 11 сая хүн амтай Ухань хотод коронавирусын халдварын анхны тохиолдлууд өнгөрсөн 12-р сард бүртгэгдсэн ба коронавирусын халдварын тархалтыг бууруулах зорилгоор 1-р сарын 23-наас эхлэн Ухань хотод хатуу хөл хорио тогтоосон юм.

76 хоногийн турш хөл хорионд байсан Ухань хот хилээ нээж, иргэд өнөөдрөөс эхлэн Ухань хотоос гарах боломжтой болж байгаа аж. Гэсэн хэдий ч коронавирусын халдварын дэгдэлттэй холбоотойгоор тус хотод тогтоосон зарим журам мөрдөгдсөн хэвээр байх гэнэ. Гар утсан дээрээ засгийн газраас эрүүл болохыг нь баталсан тусгай QR код авсан иргэд өнөөдрөөс эхлэн онгоц, галт тэрэг, нийтийн тээвэр ашиглан хотоос гарч, ажилдаа эргэн орох боломжтой болох юм. Ухань хотын төмөр замын удирдах газраас мэдээлж байгаагаар энэ лхагва гарагт Ухань хотоос галт тэргээр 55 мянган хүн гарах төлөвтэй байгаа ба эдгээрийн 40 орчим хувь нь Хятадын үйлдвэрлэлийн бүс болох Гуандоныг зорьж байгаа аж.

БНХАУ-д сүүлийн хэдэн долоо хоногуудад дотоодын халдвар бараг бүртгэгдээгүй ба үүнтэй холбоотойгоор өнгөрсөн 3-р сарын сүүлээр Хубэй мужийн зарим хэсэгт хорио цээрийн дэглэмийг сулруулсан юм. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж байгаагаар Ухань хотод коронавирусын халдвар авсан 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас тус хотод 2500 гаруй хүн нас барсан билээ. Энэ нь БНХАУ даяар коронавирусын халдварын улмаас нас барсан нийт иргэдийн 77 орчим хувь нь юм. Коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж эхэлснээр Ухань хотод халдварын тархалтыг бууруулах хатуу арга хэмжээ авсан билээ. Хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг 2 сар гаруйн хугацаанд зогсоож, үйлчилгээний газруудыг хааж, сая сая иргэдийг хатуу хөл хорионд оруулсан юм.

China lifts 76-day lockdown on Wuhan as city reemerges from ...

Хятадын эрх баригчдын авсан хатуу арга хэмжээний ачаар 2-р сард өдөрт хэдэн мянгаар нэмэгдэж байсан халдварын тохиолдлуудын тоо 3-р сарын дундаас буурч, 3-р сарын 10-нд Ерөнхийлөгч Си Жиньпин өөрийн биеэр Ухань хотод айлчилж, Ухань хот болон хотын оршин суугчдыг "баатрууд" хэмээн магтсан билээ. Хорио цээрийн дэглэмийг сулруулснаар Ухань хотын иргэд нас барсан иргэдээ оршуулах боломжтой болоод байгаа аж. Засгийн газраас оршуулгын ёслол хийхийг хориглож, оршуулгын газруудыг хааснаар хотын оршин суугчдад хэдэн сарын турш коронавирусын халдвар болон өөр бусад шалтгаанаар алдсан талийгаачдаа оршуулах боломжгүй байсан юм.

Коронавирусын дэгдэлтийг бууруулахын тулд өнгөрсөн хэдэн сарын хугацаанд коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн цогцсыг эмнэлгээс шууд цогцос чандарлах газрууд рүү хүргэж байсан юм. Талийгаачдын чандарыг оршуулгын газруудад хадгалж байгаа ба гэр бүл, ойр дотныхон нь засгийн газраас оршуулгын ёслол үйлдэхийг зөвшөөрөх тогтоол гарахыг хүлээж байсан юм. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дэлхийн 200 гаруй оронд тархаад байна. Дэлхий даяар уг вирусын халдварыг авсан 1.4 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. 

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

Mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.