Наговицын нутгийнхандаа Монгол мах амлах болжээ

Twitter Print
2014 оны 09-р сар 12-нд 12:29 цагт
Мэдээний зураг,

Буриадын тэргүүн Вячеслав Наговицын бүс нутгаа Монгол малын махаар хангана гэж амлаж байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн зөвшилцөлд хүрсэн ажил хэргийн дагуу Буриадын мах боловсруулах үйлдвэрийн төлөөлөгчид Монгол улсын талтай яриа хэлэлцээр хийх гэж байгаа талаар тэрээр мэдэгджээ.

ОХУ-д Монгол улсаас их хэмжээний мах нийлүүлж эхэлбэл Буриад улсын эдийн засагт үлэмж үр нөлөө үзүүлнэ гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа аж. Харин Буриадын парламентын гишүүд Зөвлөлтийн цаг үед тус бүгд найрамдах улс Монгол улсаас нийлүүлж байсан малын махыг боловсруулах тусгай үүрэг хариуцлагатай бүс нутаг байсан гэдгийг сануулж байгаа аж. « Өнөөдөр гахайн мах манайд хангалттай байна. Харин үхрийн мах дутагдаж байгаагаас энэ талын ажил хэрэгтэй байна» гэж парламентын депутат Александр Стопичев үзэж байна.

Буриад улсын тэргүүн Вячеслав Наговицын засгийн газрын өргөтгөсөн хуралдаан дээр тус улсын хүнс хөдөө аж ахуйн яаманд Монгол улсаас мах нийлүүлэх асуудлаар хамтран ажиллах үүрэг өгчээ. ОХУ, Монгол улсын ерөнхийлөгчдийн хоорондын гэрээ хэлэлцээрийг биелүүлэх ажлын хүрээнд бэлтгэл зохион байгуулалтын олон асуудал шийдвэрлэх хэрэгтэй байгааг Наговицын онцлоод « Манай хоёр улс гэрээ хэлцэлд гарын үсэг зурж, ерөнхийлөгч чиг үүргээ өгсөн. Одоо хамгийн чухал нь мах нийлүүлэх нөхцөл, үнийн асуудлаар яриа хэлцэл хийх хэрэгтэй байна» хэмээн мэдэгджээ.

Буриадын Ардын Хурлын депутат Вячеслав Ирильдеев, «Клуб Регионов» хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Монгол улсаас ОХУ-д нийлүүлэх мах тус улсын эдийн засагт онцгой үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэж, « Зөвлөлтийн цаг үед Монголоос нийлүүлэх мах хүлээн авах зориулалтаар манай мах боловсруулах комбинатуудыг барьж байгуулж байсан. Одоо энэ үйлдвэрүүд улам боловсронгуй болж, илүү их хэмжээний мах, махан бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай болсон учир чанарын шаардлага дутмаг махны үндсэн дээр генийн хувьд сайжруулсан мах үйлдвэрлэх, цаашид дэлхийд хамгийн сайн Монгол малын мах боловсруулах боломж бүрдэж байна. ЗХУ-ын үеэс Буриад улс Монгол малын мах боловсруулах тусгай үүрэгтэй, үүгээрээ мэргэшсэн билээ» гэж тэмдэглэсэн байна.
Буриад улсын парламент бүс нутгийн засаг захиргааныхаа шийдвэрийг биелүүлж орон нутгийн холбогдох байгуулагуудыг Монгол улсаас мах нийлүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, хамтран ажиллах үндэс суурийг тавихаар болсон байна.

club-rf.ru

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.