
Өнгөрсөн мягмар гарагт Токиогийн Паралимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. "Паралимпын тамирчид салхи хаашаа ч үлээсэн бай, салхины хүчийг ашиглан урагшаа явахаа мэддэг. Тэд эр зоригтой байж, жигүүрээ дэлгэснээрээ хэний ч хүрч чадаагүй өндөрлөгт хүрч чадна гэдгээ мэддэг" хэмээн Токиогийн Паралимпын наадмыг зохион байгуулагчид онцолжээ.
Паралимпын наадмын нээлт паралимпын тамирчдын эр зоригийг тодотгосон "Бид жигүүртэй" гэсэн агуулга бүхий жүжигчилсэн тоглолтоор эхэлжээ. Олон Улсын Паралимпын Хорооны Ерөнхийлөгч Эндрю Парсонс, "Энд байгаадаа итгэж өгөхгүй байна. Энэ өдөр ирнэ гэхэд олон хүмүүс эргэлзэж байсан. Хүмүүс үүнийг боломжгүй гэж байсан ч асар олон хүмүүсийн хичээл зүтгэлийн ачаар спортын уг наадам маань эхэллээ." Коронавирусын цар тахалтай холбоотойгоор энэ удаагийн Паралимпын наадам өмнөх жилүүдийнхээс өөр байх ч хэдхэн долоо хоногийн өмнө дууссан Токиогийн Олимпын наадам спорт ямар хүчтэй болохыг харуулж чадсан юм. Нээлтийн үеэр мпорт нь "өөрчлөлтийн салхийг" бүтээх чадалтай гэдгийг Токиогийн Паралимпын наадмыг зохион байгуулагчид харуулахыг зорьжээ. Токиогийн Үндэсний цэнгэлдэх онгоцны буудал болон хувирч үзэгчид нэг далавчтай бяцхан онгоцтой танилцана. Тэрээр ганц далавчтай учраас хэзээ ч нисч чадахгүй хэмээн өөртөө итгүүлсэн ч сайхан сэтгэл, хайр энэрэл зэргийг эргэн тойрноосоо мэдрэн, тэнгэрт дүүлэх нисэх хүсэл эрмэлзэлтэй болж байгааг үзүүлжээ.
Түүнчлэн нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн 17 сард болсон үйл явдлуудыг онцолж, цэнгэлдэхэд мандуулах Япон улсын далбаа, Паралимпын далбааг оруулж ирэх хүндтэй үүргийг коронавирусын цар тахлын үед иргэдийн төлөө хамгийн их ажилласан эрүүл мэндийн салбарын ажилчид, аврагчид, цэрэг цагдаа нарт даатгажээ. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон 714 хүний 166 нь хөгжлийн бэрхшээлтэй байсан ба япончууд Токиогийн Паралимпын наадмын ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн харьцаа хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байгаа аж.
Түүнээс гадна Афганистан улсын далбааг цэнгэлдэхэд Паралимпын наадамд ажиллаж буй сайн дурын ажилтан барьж орж ирсэн ба энэ нь тус улсын хоёр тамирчин улс оронд нь үүссэн нөхцөл байдлын улмаас Паралимпын наадамд оролцох боломжгүй болсонтой холбоотой аж. Паралимпын наадмын бамбарыг Олимпын наадмын бамбараас доор байрлуулсан байсан ба бамбарыг Японы Паралимпын тамирчид асаажээ.
Токиогийн Паралимпын наадамд 162 орны 4400 тамирчин оролцож, спортын 22 төрөлд 539 медалийн төлөө өрсөлдөх юм. Токио хот Паралимпын Зуны Олимпын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа ба анхных нь 1964 оны Паралимпын наадам юм.
Олон Улсын Паралимпын Хорооны Ерөнхийлөгч Эндрю Парсонс, "Паралимпын тамирчдаа та бүхэн Паралимпд оролцох гэж хөлс хүч, цус, нулимсаа урсгаж, бүхнээ зориулсан. Одоо дэлхийд хурд хүчээ гайхуулж, эр зоригоо харуулах цаг чинь ирлээ. Дэлхий та нарт шошго зүүсэн бол тэр шошгыг нь авч хаян, Олимпын аварга, баатар, найз, хамтрагч, хүмүүсийн үлгэр жишээ авдаг хүн, зүгээр л бусадтай адил хүн гэсэн нэрээ олж авах цаг чинь боллоо. Та нар бол хүн төрөлхтний шилдгүүдийн нэг, зөвхөн та нар өөрсдөө хэн байхаа юу байхаа шийдэж чадна. Та нар бол үнэн. Та бүхэн гайхамшигтай. Юу ч болж байсан шилдэг нь байхыг сонгосон хүмүүс бол та нар. Та бүхний оролцоо хувь тавиланг чинь өөрчилж чадна. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй 1.2 тэрбум хүний амьдралыг өөрчилнө. Энэ бол спортын хүч юм. Өөрчлөлт спортоос эхэлдэг. Маргаашнаас эхлэн Паралимпын тамирчид дэлхийг дахин өөрчилж эхэлнэ" хэмээн Паралимпын наадмыг нээж үг хэлэхдээ онцолжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/disability
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.