ТАВАН ЕС: Урь унахын угтал гэдэг

Twitter Print
2021 оны 01-р сар 28-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Хахир өвөл хулжиж, хаврын урин золгохын эхэн шинж илэрдэг гэлцдэг таван өсийг хасч тоолох анхны өдөр өнөөдөр тохиож байна. Тэнгэрийн урхаг арилдаг, хүний архаг үлддэг гэдэг билээ.

Байгалийн хуульт үзэгдэл бүхэн хэн хүний хүсэл зориг, санаа сэтгэлээс үл хамааран тохиож, үр шим, урхаг гамшгаа хүмүүний ертөнцөд үлдээдэг. Байгалийн тийм нэгэн шалгуур сорилтын дор хүн төрөлхтөн нэгэн жилийн урт хугацааг тун барцадтай үдэж байгаа ч, дарангуйлал дарамтнаас нь хараахан салж чадаагүй л байна. Зарим нэг хартай сэжигч хүн энэ цар тахал байгалийн жирийн нэг өвчин биш, зориуд гаргаж тараасан нэг ёсны бактериологийн зэвсэг ч гэж хэлээд үзсэн. Гэвч өнөөгийн улам бүр жижигрэн, хол ойрын зай нь ойртож буй дэлхий ертөнцөд нэг нь сүйрэхэд, нөгөө нь цэцэглэнэ гэж яавч байхгүй болсныг ухаарахаараа нэг болоо биз ээ. Хүн төрөлхтөнд заяасан аугаа сод ухаантан, онолын физикч Альберт Эйнштейн, “Дэлхийн 3-р дайн гарлаа гэхэд өөр хоорондоо ямар зэвсгээр тулалдахыг би мэдэхгүй юм. Харин дэлхийн 4-р дайнд л лав чулуу, саваагаар нүүлгэж, нүдэлдээд эхлэх юмдаг” хэмээсэн сануулга үгийг хэн хүнгүй саналгүй яав вэ.

Цар тахал дэлхийг хамран дэгдсэн өнгөрсөн хугацаанд цөөнгүй орон дархлаа тогтоох тун тариа гаргаж аваад, хүч мөнгөтэй улс орнууд хүн арддаа хэдийнээ хийгээд эхэлчихлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден л гэхэд тангаргаа өргөөд л, өдөр тутам нэг сая америк иргэддээ вакцин хийлгэх, түүний тулд хоёр зуун сая тун вакцин нэмж нийлүүлэхээр эрс шийдвэр гаргав. Нэг хоногт нэг сая хүн. Сонсоход санаанд багтамгүй их тоо шиг боловч, 330 гаруй сая хүн амтай орны хувьд, тийм хурдтайгаар хүн ардаа тарилаа, арван зургаагаас доош насны наяад сая хүүхэд багачуудаа хасаад гэхэд л, хагас жилдээ ч багтахааргүй их ажил өрнөх нь.

Манайд харин ийм эрчтэйгээр вакцинжуулбал, нэг өдөр, нэмээд хагас өдөр л байхад хангалттай. Хүн амын олон цөөний зөрөө гэдэг аливаа юмны хүртээмжинд ийм л их ялгаатай байдаг ажээ. Бичиж байгаа сэдвээсээ яльгүй халихад, асар их байгалийн баялгийнхаа үр шимийг хүн арддаа бага сага ч болов, жигд тэгш хүртээсээр ирсэн бол, өнөөдөр монгол хүний сэтгэл өндөр, үнэлэмж дээгүүр, бахархал дүүрэн байхсан билээ. Өлссөн, даарсан, өвдсөндөө хүүхдийн нулимс урсахгүй, дутсан, шаналсан, арга барсандаа хөгшдийн сэтгэл хямрахгүй болохсон доо.

Энэ догшин цагаан өвөл энд тэндгүй л бослого үймээн ихтэй, хатуу ширүүн өвөл болж байна. 1814 онд гадны халдлагад нэгэнтээ өртөж, галд автсанаас өөрөөр гар хүрээгүй, онгон дагшинаараа байсан АНУ-ын Конгрессын ордон руу өөрсдийнх нь иргэд уулгалан дайрахыг дэлхий дахин түгшин харав. Хойт хөрш Орос оронд 1917 онд Эзэн хааныхаа өвлийн ордон руу шуургалан орж, эзлэн авч байсан бол, энэ өвөл Путины ордон хэмээх шуугиан дэгдэж, хэдэн арван хотод тоо нь зөрөөтэй яригдавч, олон мянган хүн оролцсон жагсаал мөргөлдөөн болохыг нь дэлхий дахин анзааран харав. Газар нутгийнхаа хэмжээгээр манайхаас гэхэд, гучин найм дахин бага боловч, Европын холбооны хамгийн баян орнуудын нэгэнд тооцогддог Нидерландад гурван шөнө дараалан үймээн самуунтай үдэхийг бас л дэлхий дахинаараа гайхан харав. Учир шалтгаан нь гэвэл, цар тахлаас үүдэж, хөл хорьсонд нь тийнхүү хилэгнэн догширчээ.

Энэтхэгийн тариачдын, Францын багш нарын тэмцэл хөдөлгөөн өрнөж байхад, манайд ч гэсэн засаг төрөө хүн арддаа хүнлэг хандах, байгалийн баялгаа сул тавиад туучихгүй байхыг шаардан жагсаал цуглаан өрнөж, өлсгөлөн хүртэл зарлачихаад байна. Өвлийн хүйтэн, ходооны хоосон гэдэг бол хүчин хавсрахаараа хүн удаан тэсэхийн аргагүй аюумшиг. Яг ийм үеэр Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ учир битүүлгээр огцорч, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хэмээх шинэ Ерөнхий сайд тодрон гарч ирэв. Цаг үе удирдагчаа төрүүлдэг гэсэн үг бий. Тийм тохироо үнэхээр бүрдэж, цаг үе нь үгүйлэн байж, таарах тохирох хүнээ гэв гэнэт ийнхүү тодруулан гарав уу, үгүй юу гэдийг ирэх цаг, их олон үйл явдал аяндаа тайлаад өгнө.

Цаг үеийнхээ нэхэмжлэлийг мэдэрсэн, монгол түмнийхээ хүсэмжлэлийг таньсан л хүн байгаасай билээ. Монголчуудын дийлэнхи олонхид тийм найдлага, үгүйлэл бий гэдгийг энэ залуу мэдэж, мэдэрч байгаа буй за.

До.Чулуунбаатар тэрлэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.