
Украины Запорожье атомын цахилгаан станцыг ОХУ-ын цэргүүд бүрэн эзэлснийг Украины тал мэдээллээ. Одоогоор цахилгаан станцын нэгдүгээр реакторт гарсан галыг унтраагаад байна.
Галын улмаас ямар нэгэн осол гараагүй, мөн цацрагийн хэмжээ хэвийн байгааг Олон улсын атомын энергийн агентлаг тодотголоо. Атомын цахилгаан станцын уг хэсэгт пуужин туссанаар гал гарсан гэж Украины Эрчим хүчний сайд мэдэгджээ.
Энэхүү АЦС Европын хамгийн том атомын цахилгаан станцад тооцогддог юм. Тус станцтай ойр байрлах Энергодар хотын дарга Дмитрий Орловын мэдэгдсэнээр "дайсны талаас АЦС-ын барилга байгууламж руу тасралтгүй их буугаар буудаж, бөмбөгдөж" байгаатай холбоотойгоор гар гарсан аж.
Запорожская АЦС-тай нийлээд Украинд нийт 4 атомын цахилгаан станц үйл ажиллагаа явуулдаг. Энергодар хотод байрладаг, Зөвлөлт Холбоот Улсын үеийн загвараар бүтээгдсэн тус бүр нь 950 мегаваттын хүчин чадалтай зургаан реактортай энэхүү цахилгаан станц нь тус улсын эрчим хүчний хэрэглээний 25 хувийг дангаар хангадаг аж.
Хэрвээ атомын цахилгаан станцад ноцтой осол гарвал Чернобылиэс 10 дахин хүчтэй дэлбэрэлт болно гэж Украины Гадаад хэргийн сайд мэдэгдсэнийг шинжээчид үгүйсгээд байгаа юм. Мөн станцын аюулгүй байдлын систем Чернобыль болон Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш илүү сайжирсныг онцолж байлаа.
Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлаг Украин болон бусад орны эрх баригчидтай "дайн тулааны хүнд нөхцөлд цөмийн аюулгүй байдлыг хангахын тулд Украин улсад тусламж дэмжлэг үзүүлэх тухай" ярилцаж байгаа аж.
Атомын цахилгаан станц руу оросууд гал нээсэн тухай мэдээлэл гарсны дараа “S&P 500” индекс унаад байгаа бол алтны үнэ өссөөр байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.