Багахан ялгаа /Ёгт үлгэр/

Twitter Print
2020 оны 09-р сар 18-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Дорнын нэгэн улсын эзэн хаан хамаг шүд нь ар араасаа унаж байна гэж зүүдэлжээ. Хар дарж зүүдэлсэндээ сэтгэл нь ихэд тавгүйрхсэн тул тэрээр зүүд тайлагчаа дуудаж ирүүлээд нойрондоо юу харснаа ярьж өгөв.

Зүүд тайлагч хааны яриаг анхааралтай сонсоод: “Эзэнтэн минь, таагүй муу үг сонордуулах гэж байгааг минь өршөөж хайрла. Гэвч хаантан та хайртай дотно бүх хүнээ нэг нэгээр нь алдах юм байна” гэв. Энэ үгийг сонсоод хаан ихэд хилэгнэн уурлаж зүүд тайлагчийг хар нүхэнд хорьж оронд нь өөр хүн олж ирэх тушаал буулгав.

Хааны зарц нар эзнийхээ тушаалыг ёсоор болгож өөр нэгэн зүүд тайлагч дагуулж ирсэн нь хааны ярихыг дуустал сонсоод: “Хаантан минь, билиг дэмбэрэлтэй үг дуулгах гэж байгаадаа мөхөс миний бие туйлаас баяртай байна. Учир юун гэвэл, хаантан та хайртай дотно хүмүүсээсээ илүү урт насалж удаан жаргах юм байна” гэв. Энэ үгийг сонсоод хааны сэтгэл онгойж, магнай нь тэнийх шиг болов гэнэ. Тэгээд баярлаж талархсандаа тэрээр зүүд тайлагчийг харамгүй шагналаа.

Хааны бараа бологсод энэ бүхнийг үзээд мэл гайхаж цэл хөхрөв гэнэ. Тэд зүүд тайлагчаас: “Таны өмнөх хүн та хоёр хаантаны зүүдийг адилхан тайллаа. Гэтэл тэр шийтгүүлж, харин та шагнуулдгийн учир юунд билээ?” гэж асуувал зүүд тайлагч: “Бид хоёр хааны зүүдийг адилхан тайлсан нь үнэн. Гагцхүү хамаг учир юу хэлэх вэ гэдэгт бус, харин ЯАЖ хэлэх вэ гэдэгт байдаг юм...” гэж гэнэ.

Носсрат Пезешкианы “Худалдаачин ба тоть” номын хэсгээс...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.