
Тоорой бандийн үеэс өмнө 1600 оны сүүл үед Халхын Заябандид Лувсанпэрэнлэй “сайн эрс”-ийг цуглуулан хуарагнуулж хооллож ундлан ажил даалгадаг байжээ.
Манж, Хятад руу урсаж буй үнэт эрдэнэс, адуу малыг Монголын хилийг давахаас нь өмнө нууцаар авчруулдаг байв. Заябандид тэднийг “Төрийн сайн эрс” хэмээн нэрлэж, тэдний хүчээр Монголын баялгийг хэсэг зуур ч гэсэн хамгаалж чаддаг байсан гэдэг.
Тоорой банди:
1830 онд одоогийн Дарьгангын “Бударын чулуу” хэмээх газар мэндэлж, бага балчир насандаа эцгээс өнчрөн эхийн хамтаар тун тарчигхан амьдарч байхдаа “Бургасан дуган”-д шавилан сууж байсан боловч лам багшийнхаа зодуурыг үл тэвчин дуганаасаа оргожээ. Тоорой банди хожим “төрийн бөөс” хэмээх хочтойгоор алдаршиж 1860 оны дунд үед Цахар найман хошуунд төдийгүй Халх даяар нэрд гарсан шилийн сайн эр болжээ. Хошуу нутгийнхаа ард олонтой олсон олзоо хуваан, харийн худалдаачид, ноёд түшмэдийн эсрэг тэмцжээ.
Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан малаа үгээгүй ядуу хүмүүст тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь “Тоорой бандиас авсан” гэж хэлж байгаарай гэдэг байв. Хэрвээ адуучин нь адуугаа буцаагаад аваад явсан байвал нөгөө ноёд түшмэлийн адуунаас шилж байгаад 20, 30-аар аваад явчихдаг байжээ. Түүнээс хойш өөрийн алдсан морио таниад “Тоорой өгсөн” гэж сонсвол буцааж авдаггүй байжээ.
Тоорой хэмээх нэр нь говь нутгийнхны “эр зоригийн мод” хэмээдэг тоорой модны нэр болов уу, харин банди хэмээх нь түүнийг хийдэд шавилан сууж байсан учир ийнхүү нэрийдсэн болов уу хэмээн судлаачид үздэг.
Тоорой банди нэгэн өдөр өөрийн хувь заяаг асуухаар Говийн мэргэн хутагтынхыг зорьж очтол ноён хутагт “шагайт чөмөг” зооглон сууж байжээ. Тоорой банди мэнд амрыг нь асуутал, хутагт үг ч хүлээлгүйгээр шагайт чөмөгнийхөө шагайг мултлан нэг хоёр орхитол “морь” буужээ. Хутагт тэр шагайгаа морь буусан чигээр нь Тооройд үг хэлэлгүй өгөөд уншлага уншиж гарчээ. Тоорой түүнийг нь аваад “чиний амьдрал морин дэл дээр юм байна, морьтой нөхөрлө, морь чиний хань” гэсэн айлтгал болохыг ухаараад буцсан гэдэг.
Тоорой банди Монголын их баялаг сүргийг харийн хил давуулахаас өмнө “шомбодож” нутгийн ядуу олонд тараадаг байсан учраас ард олны дунд
Тоорой бандийг байхад торгоны сайныг өмслөө
Тоорой бандиас хойш тостой даавуу ч олсонгүй
Гэрийн хаяанд суугаад гэзгийг минь илдэгсэн
Хажууд минь түшиж суугаад хацрыг минь илдэгсэн
Гуна гүнжийн нуруунд гундаа нь үгүй Тоорой
Гучин хоёр хошуундаа баригдаа нь үгүй Тоорой
Цантын цагаан нуруунд цантаа нь үгүй Тоорой
Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо ... хэмээн дуунд мөнхрүүлэн дуулдаг болжээ. Тоорой бандийн эл хөшөөг 1999 онд #Ганга нуурын зүүн хойно байрлах Гангын цагаан овоон дээр уран барималч Ж.Дүүрэнтөгс урлан босгожээ. Хөшөөний урд байх аяны тогоонд ирсэн гийчид цай чанаад, цайныхаа дээжээс Тоорой бандийн гартаа барьсан аяганд нь хийж өгч хамт үдэллэх ёсыг бодож бүтээсэн байна.
Ч.Буянбадрах
Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.