АНУ-д хуй салхины улмаас 90 гаруй хүн амиа алдаад байна

Twitter Print
2021 оны 12-р сар 13-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын зургаан мужаар дайран өнгөрсөн хүчтэй хуй салхины улмаас 94 гаруй хүн амиа алдаж, сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. 

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын зургаан мужаар нийт 30 орчим хуй салхи дайран өнгөрч, замдаа хотуудыг сүйтгэж, хэдэн арван иргэд сураггүй алга болоод байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хуй салхины улмаас хамгийн их хохирол амссан Кентакки мужид онц байдал зарлажээ. 

Кентакки мужид хуй салхины улмаас 80 гаруй хүн амиа алдсаны дийлэнх нь лааны үйлдвэрийн ажилчид бөгөөд амиа алдагсдын тоо цаг тутам нэмэгдэж байгаа тухай Кентакки мужийн Дэд амбан захирагч Жаклин Колмэн онцолжээ. 

Мэйфилд дэх лааны үйлдвэрийн нурангин доороос 40 хүнийг гаргаж аваад байгаа ч 60 хүн ор сураггүй хэвээр байна. Өнгөрсөн бямба гарагаас хойш аврагчид нэг ч амьд хүн олоогүй аж. 

Мэйфилд хотод болж буй аврах ажиллагаанд оролцож буй Конгрессийн гишүүн Жеймс Комерын мэдэгдсэнээр Мэйфилд хотоор дайран өнгөрсөн хуй салхи хамгийн том нь байсан аж. 

Цахилгааны шонгууд унасны улмаас ус болон цахилгааны хангамж доголджээ. 

Кентакки мужийн амбан захирагч Энди Биширийн мэдэгдсэнээр хуй салхи 365 км замыг туулахдаа замд таарсан Мэйфилд, Доусон Спрингс зэрэг хотуудыг сүйтгэжээ. 

Хуй салхины улмаас Иллинойс мужийн Эдвардсвилл хотод байрлах Amazon компанийн агуулах нурж, 6 хүн амиа алджээ. Amazon компанийн зүгээс хохирогчдын гэр бүлийнхэнд зориулж 1 сая ам. долларыг хандивлаад байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Кентакки мужид онц байдал зарлаж, тус мужид санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэхийн сацуу хуй салхины хүч нэмэгдэж, хэмжээ нь томорсон зэрэг нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байх өндөр магадлалтайг онцолжээ. 

АНУ-д хамгийн урт замыг туулсан хуй салхи нь 1925 оны 3-р сард Миссури мужид дэгдсэн хуй салхи бөгөөд уг хуй салхи 352 км замыг туулж, 695 хүний амийг авч оджээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.