
АНУ-ын эрх баригчид энэ сарын 31-нээс өмнө Афганистанаас Америкийн бүх иргэдийг татан авах боломжтой хэмээн үзэж буй талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департаментаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр АНУ болон АНУ-ын түнш орнуудын онгоцнуудын тусламжтайгаар Афганистанаас өнөөдрийн байдлаар нийт 37 мянган хүнийг татан авсаны 16 мянга гаруйг нь сүүлийн 24 цагт татан авсан талаар онцолсон байна.
Түүнээс гадна Кабулын олон улсын нисэх онгоцны буудлын бүсэд иргэд амиа алдсан талаар тайлбар өгөхдөө Жейк Салливан тухайн улсын засгийн газар нь унасан, иргэний дайнтай, нийслэл хот нь эзлэгдсэн зэрэг нь гэнэтийн бөгөөд аюултай нөхцөл байдал үүсэх нөхцөл болдог ба үүнээс сэргийлэх ямар ч боломжгүй гэдгийг онцолжээ.
Жейк Салливаны мэдэгдсэнээр АНУ-ын засгийн газар Талибан хөдөлгөөнтэй Кабулын нисэх онгоцны буудалтай холбоотой бүх асуудлыг хэлэлцэж байгаа ба үүнд нисэх онгоцны буудал руу АНУ болон бусад орны иргэдэд аюулгүй зорчих боломжийг олгох зэрэг багтаж байгаа аж. Нөгөө талаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений хувьд Талибан хөдөлгөөний удирдагчидтай харилцахыг яарахгүй байгаа аж.
The Times сонинд бичсэнээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ мягмар гарагт болох "Их-7" -гийн шуурхай хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас Афганистанаас иргэдийг татан авах ажлын хугацааг сунгах санал тавихаар төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Ж. Байдений хувьд иргэдийг татан авах ажиллагааны дуусах хугацааг хойшлуулах нөхцөл байдал үүсэхгшй гэж найдаж байгаагаа өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ.
Харин Талибан хөдөлгөөний зүгээс АНУ иргэдийг татан авах, цэргүүдээ гаргах ажлаа хугацаандаа дуусгаж чадахгүй нөхцөлд АНУ гэрээ хэлэлцээрээ зөрчиж, ноцтой үр дагаврыг дагуулна гэдгийг анхааруулсан юм.
Эх сурвалж: https://www.interfax.ru/world
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn