Б.Догмид - Оосор бүчгүй орчлон /Өгүүллэг/

Twitter Print
2020 оны 05-р сар 10-нд 16:33 цагт
Мэдээний зураг,

Манай нэгдлийн шеф үйлдвэрийнхэн Улаанбаатар хотоос ирцгээж, сумын төвийн хаямал ингэ шиг хэдэн хүүхнүүдийн хөлд салхи оров. Хол, ойрт анир багатайхан хөдөөгийн бяцхан суурин ийнхүү нойрноос сэрж, өдөртөө хөсөг тэрэг хөлхөлдөн, шөнөдөө гэрэл, чийдэн гялалзаж, улаан булангийн тэртээгээс дуу, хөгжим хангинах нь гэрийн мухарт хэвтээ сохор чавганц боловч гараад гүймээр.

Сумын биеийн тамирын талбайд уриа, лоозонгууд алаглаж, гуулин хөгжимд төрийн дуулал эгшиглэхээс наахнуур юм болж туг өргөн, халуун шефийнхний урлаг, спортын баяр сүр жавхлантай эхлэв. Ирсэн улсын хүсэлтээр гар бөмбөгийн тоглолтоор наадмынхаа салхийг хагалж, хот хөдөөгийн хоёр баг хэн юу чаддагаа үзүүлж эхлэх тэрхэн агшинд говь нутгийн хаврын хавсарга салхи хөдөллөө. Уулгамч эмгэн шиг улаан шороонд туг, дарцаг дэрвэлзэн хийсч, шүдэнд элс шороо шажигнана. Хотынхон хэдийвээр зэрэг цолтой, бэлтгэл сургууль сайтай боловч цөм зааланд тоглоод сурчихсан тул салхинд хийссэн бөмбөгийг тэр бүр авч чадахгүй барьц алдан, тоолуулж эхлэх нь тэр.

Олимпийн тэмдэг бүхий улаан алаг майк, турсик, америк пүүзтэй хотынхны багийг монгол гутлаас бусдыг өмссөн алаг тарлан хувцастай, шороон шуурганд онгод нь орсон сумын хэдэн залуу чухам л будаа болголоо.

Хүчтэй салхинд эргэлдэн ирж, гар дээрээс хаашаа хамаагүй нисэн одох бөмбөг шефийнхний шигшмэл тамирчдыг сэтгэлээр унагав. Ийнхүү хотын супер одод, хөдөөний шороотой төмс шиг хэдэн банди нарт гунигтайгаар хожигдож, олны нүдийг хужирлахаар авчирсан алтан цомоо алдах нь тэр. Гар бөмбөгөөр завсаргүй гурав хожигдсон шефийн ахлагч даагаа нэхэх ухаан сийлж, нэгдлийн даргад хандан:

- Танай сумынхныг бид хөнгөн атлетикаар дийлэхгүй нь бололтой. Тэгэхэээр одоо дараачийн тэмцээнээ боксоор эхлэе гэж шахлаа. Нэгдлийн дарга чихээр нь хатгав уу гэлтэй толгой сэгсэрч:

- Манай хөдөөнийхөн тэр зодоон, нүдээнийг чинь мэдэхгүй. Тийм юм үзэж хараа ч үгүй улс гэж цааргаллаа.

Шефийн дарга аргадаж учирласан дуугаар:
- Та тэр газраас халуун сэтгэл өвөрлөн зүтгэж ирсэн манай нөхдийг иймхэн юмаар гомдоох ёсгүй. Танай залуусын дотор гартаа бээлий углаж үзсэн эрчүүл ганц нэг байлгүй яахав. Та цорын ганцхан хүн л олчих хэмээн тулгалаа. өөрийн эрхгүй шахаад орсон сумын дарга үүдэнд суудаг бичээч хүүхнээ дуудлаа.

- Манай нэгдлийн архичингууд дотор чинь агсам согтуу тавьж, амьтан хүний хамар сөргөчихөөр зовхи нь өөдөө хүн юу байдагсан билээ.

Бичээч бүсгүй нүдээ түргэн түргэн цавчлан даргынхаа хөлстэй нүүр өөд гайхан харлаа.

- Өнгөрсөн намар нөгөө мангар Сүхээ, Дамбий гуайн шинэ гэрийн найрыг тараасан дуулдсан.
Дарга, эрсэн эрлээ олсондоо санаа амрав бололтой сандлынхаа түшлэгийг налж:
- Сүхээг даруй, түргэн над дээр дууд гэлээ.
Төдхөн архад хөхүүр шиг биетэй, цээж хэнхдэг задгай нэгэн цөлх эр “Даргаа орж болох уу” хэмээсэээр доор бөхийн орж ирсэн нь мөнөөх мангар Сүхээ байлаа.

Дарга түүний нүүр лүү нухацтайяа ширтэн харснаа:
- Чи чинь ноднин намар аварга малчин Дамбий гуайн найрыг тараасан гэл үү хөө гэж зандрангуй аястай асуулаа.
Мөнөөх эр дорой дуугаар эг, магхийн түгдэрч:
- За нэг тиймэрхүү юм болох нь болсон гэж хамар дороо аймтгай дуугаар өгүүллээ.
- За тэгвэл чи маргааш миний нүдэн дээр алд биеэрээ нүглээ наминчлах цаг чинь болж дээ хө.
- Яаж, даргаа би ер ухаарсангүй … гэвэл
- Маргааш чи хотоос ирсэн шефийнхэнтэй бокс тоглоно. Өөрөөр хэлбэл, нударга зөрүүлнэ гэсэн үг.
- Даргаа би ч зодоон, цохионд од муутай амьтан даа.
- Зодолдох дургүй бол чи таван жил хуц, ухна маллана гэж мэдээрэй. За яв, маргаашийн тэмцээнд бэлтгэ хэмээн хөөж гаргав.
Мангар Сүхээ эзэндээ аашлуулсан хөгшин нохой адил доор бөхийн нударгаа чирэн гарч одлоо. Гадаа, өндөр тавцан бүхий дэвжээ засч, хэц олс татан боксын тэмцээн эхэллээ.

Рингний буланд нүүр амаа бээлийгээрээ үрчин бие халаалт хийж, дороо дэвхцэн байсан хотын тамирчин шүгэл тасхиймэгц мангар Сүхээг нүдээ харах нь байтугай амьсгал авах сэхээ өгөлгүй бөмбөрдөн нүдлээ. Сүхээ хоёр бээлийгээрээ нүүрээ даран дэвжээний буланд амь наана, там цаана шигдэж байтал ашгүй эхний завсарлагын дохио дуугарчээ. Зүүн, баруун зүгийг ялгахгүй болтол дүйртлээ нүдүүлж нус, нулимсандаа холилдсон хөөрхий эр арай чүү сандал олж суугаад амьсгал дарж байтал хоёр дахь раундад гарах болов. Түрийг нь эргүүлсэн бакиал, хөх шуудаг өмссөн, цээж нүцгэн эр лагс биеэ дааж ядан бослоо.

…Хоёр бээлийгээ даахгүй болтол сульдсан түүнийг эсрэг тоглогч нь толгойг нь салж унатал нударгалан цохих бүр нүднээс нь хөх гал манасхийн бутарч, эз дийлэн хашгиралдах хүмүүсийн дуу, шуугиан холдон ойртон сонсогдоно. Өөрийн эрхгүй хөл борхирон сөхөрч унахын өмнөхөн хоёр дахь завсарлагаа дуусч Сүхээ арай чүү амьтай, голтой хоёр яс хагацав.

Нэрээ марттал зодуулсан түүн дээр нэгдлийн дарга гүйн ирж “Сүхээ! чамд өөрийн ухаан байна уу? Чамд лантуу шиг хоёр гар байсаар байтал чи яагаад түүнийг ганц ч удаа цохидоггүй амьтны үр вэ. Цаад муугаа нам шаагаад, алаад өгөөч” гэж тачаадан хашгирлаа. Сүхээ сая ухаан орсон мэт үс нь норж ширэлдсэн толгойгоо нэг муухан өргөж:

-Шефийн хүнийг би тэгж хамаагүй цохиж болох юм уу. Та надад арга хэмжээ авч албаар зодуулж байгаа юм биш үү гэж бувтнаснаа тэр салагнан бослоо.

Хотын тамирчны онгод нь оржээ. Өрсөлдөгчөө хэд хэдэн удаа хүнд цохилтод оруулж, тасархай давуу оноо авсандаа эрдсэн эр, мангар Сүхээг илэрхий элэг барин задгай өрж, энд тэнд нь гаран үсчин нударгална. Эцсэн төлөг, борлон ноолон, тохуурхан тоглож буй чоныхтой төсөөтэй хоёр гурвалжин шар нүд, түүний хөлстэй нүүр Сүхээгийн хоёр бээлийний дундуур орж, гаран гялалзана. Хөдөөх эр тэнэж, төөртөл цохиулахаа ч юман чинээ бодсонгүй. Эцсийн раундад хамаг хүч чадлаа ганц баруун гартаа зангидан отож байснаа өрсөлдөгчийнхөө толгойг овоо хараандаа ороод ирмэгц зүүн уулын оройгоос утаа, хярвас ханхалтал ганц шаав. Нөгөө гоё ганган хувцастай, хөөрүү дэгжин эр хоёр гараа алдлаад тэрий хадан унав. Ганцхан энэ л агшинг хүлээж байсан мэт хуран цугларсан хүмүүс шагайн зурхай дээрх сүүлчийн ганц хясааг оносон адил уухайлах нь холгүй түрхэрэн шуугилдлаа.

Шүүгч ухаангүй хэвтэж байгаа хүний зүг гараараа занган нэг, хоёр, гурав хэмээн тоолж эхлэв. Учрыг үл ухаарсан мангар Сүхээ шүүгчээс:
- Та, маань уншихын оронд ийнхүү дэмий тоолохын учир юу вэ хэмээн асууваас тэрээр:
- Энэ хүн намайг арав тоолохын хооронд босоод ирвэл чамтай дахин тоглоно. Босч эс чадвал…
- Сүхээ шүдээрээ бээлийнийхээ уяаг тайлах зуураа:
- Энэ хүн дахин босохгүй ш дээ гэвэл шүүгч хөмсөг, сормуусаа сэрвэлзүүлэн уурлаж:

- Чи одоо дугаа солиороод байна... Тэнэг амьтан уу гэж ундууцлаа. Мангар Сүхээ бяцхан харамссан янзтай толгойгоо сэжин:

- Би энэ өвлийн нэгдлийн гурван зуугаад үхрийг гав ганцаараа цохиход нэг нь ч босч ирээгүйг манай дарга нар цөм мэднэ. Та бүхэн намайг тэмцээнд шал дэмий оруулж дээ гэж гэмшингүй өгүүлээд гунигтайхан санаа алдлаа.
Энэхэн агшинд оосор, бүчгүй орчлонгийн цасан цагаан өрх сансрын салхинаа дэрвэж байлаа.

1998.12.15. –ны 15.33 цаг Улаанбаатар хот.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.