
Эхнэр, нөхөр хоёр нэг охинтой, бас нэг жижигхэн хүүтэй юмсанжээ.
-Охин минь, дүүгээ харж бай. Ээж аав хоёр нь ажилдаа явлаа, эргэж ирэхдээ чамд алчуур авчирч өгнө. Харин хашаанаасаа битгий гараарай, дүүтэйгээ тоглоорой гэж ээж нь хэлэв.
Ингээд аав ээж хоёр нь ажилдаа явчихаж. Охин ээжийнхээ хэлснийг мартчихаад дүүгээ цонхныхоо доор өвсөн дээр суулгаж орхиод өөрөө гадаа гудамжинд гаран тоглож эрхэлсээр өнжжээ. Энэ үед олон хун галуу нисэн ирж дүүгий нь шүүрч аваад далавчин дээрээ суулган нисэн одов.
Охин эргээд ирсэн чинь дүү нь алга байв. Айж сандран, ийш тийш харайн эрсэн ч хаана ч байдаггүй гэнэ!
Охин дүүгээ дуудан, аав ээжий хоёр загнана гэж айлгасан ч, асгартал уйлан эрсэн ч дүү нь байдаггүй гэнээ. Охин цэлгэр талд гарч харвал алсад хар ойн цаагуур хун галуу шувуудын далавч гялалзаад л алга болж гэнэ. Хайртай дүүгий нь нь хун галуу аваад явсныг охин таамаглав. Хун жаахан хүүхэд хулгайлдаг гэсэн муу яриа аль эртнээс билээ. Охин араас нь хөөн гүйв. Гүйж явтал нэг пийшин дайралджээ.
Пийшин минь, хун галуу шувууд хаашаа ниссэнийг хараагүй биз? Пийшин,
-Хар гурилан боовноос минь идвэл хэлж өгнө гэв.
-Хар гурилан боов би идэхгүй ээ! Гэртээ би цагаан гурилаар хийснийг ч иддэггүй юм...
Пийшин юу ч хэлсэнгүй. Охин цаашаа гүйж явсан чинь алимны мод дайралдав гэнэ.
-Алимны мод минь, хун галуу хаашаа нисээд явчихав? асуув.
-Ойн алимнаас минь амсаач, тэгвэл хэлж өгнө.
-Гэртээ би усалж тордсон цэцэрлэгийн улаан алим тоодоггүй... Алимын мод юу ч хэлсэнгүй. Охин цааш гүйж явсан чинь жимсэн эрэгтэй сүүн гол урсаж байна гэнэ.
Жимсэн эрэгт сүүн гол минь, хун галуу хаашаа нисээд явчихав?
-Сүүнээс минь уу, жимснээс минь ид, тэгвэл хэлж өгнө.
-Гэртээ би амттай цөцгий ч уудаггүй...
Ингээд охин өргөн аглагийн дээгүүр өтгөн ойн дундуур удаан гүйжээ. Нар жаргах гэж байдаг, одоо яах вэ, ганцаараа яаж буцах вэ гэтэл өмнөхөн нь сох ганц цонхтой тахиан хөлт байшин эргэлдэн эргэлдэн байх нь харагдав гэнэ.
Байшинд Шулмас эмгэн утас ээрэн, хөөрхөн дүү нь вандан дээр суугаад мөнгөн алимаар тоглож байв. Охин байшинд орлоо.
-Сайн байна уу?
-Сайн байна уу, охин минь! Зориглон ирсний учир юув?
-Хөвд хаг дундуур хөвөлзөх намаг дээгүүр гүйсээр хувцсаа норгочихлоо, хатааж сэврээхээр ирлээ.
-Аа тэгвэл май, хувцсаа хаттал утас ээрч бай.
Ингэж хэлээд Шулмас эмгэн ээрүүлээ өгчихөөд гараад явчихав. Охин утас ээрч байтал гэнэт пийшин доороос хулгана гарч ирээд,
-Охин минь, чанасан будаа надад өгөөч, чамд хэрэгтэй үгийг хэлж өгнө шүү гэж гэнэ. Охин хулганад будаа өгөхөд хулгана хэлэв.
-Шулмас эмгэн халуун усныхаа байшинг галлахаар явсан. Чамайг угааж цэвэрлээд, улаан галд шарж идчихээд чиний ясан дээр гулгаж тоглоно. Охин ухаан гартлаа айж, уйлан гашуудахад хулгана дахин,
-Дүүгээ аваад одоохон зугт. Би чиний оронд утас ээрч байя гэж гэнэ. Охин дүүгээ аван зугтан гүйв. Шулмас эмгэн цонхныхоо гадаа ирээд,
-Охион, чи байна уу? гэж асуухад
-Ээрч байнаа, ээрч байна гэж хулгана хариулаад байжээ. Шулмас эмгэн усаа халаачихаад охиныг авахаар орж ирвэл гэрт нь хэн ч алга байв. Шулмас эмгэн хашгирав.
-Хун галууд аа, хурдлан хөөгөөрэй. Эгч нь дүүгээ аваад явчихлаа. Эгч дүү хоёр сүүн гол дээр гүйж иртэл араас нь хун галуу шувууд хуйлран нисэн хөөж яваа харагдав.
-Гол эх минь, бид хоёрыг нуугдуулаад өгөөч.
-Энгийн жимснээс минь идэж үз.
Охин жимснээс нь идээд, жигтэй их баярлалаа гэж хэллээ. Гол жимст эргийнхээ доор эгч дүү хоёрыг нуув.
Хун галуу шувууд харсангүй, хажуугаар нь нисээд өнгөрчихлөө.
Эгч дүү хоёр дахиад л цаашаа гүйж явав. Хун галуу шувууд эргэж нисэн эгч дүү хоёрыг харахаа шахав. Одоо яанаа? Аюул аюул? Алимны мод харагдав.
-Алимны мод минь, биднийг далдалж нуугаад өгөөч!
-Ойн алимнаас минь ид дээ!
Охин ойн алимнаас идээд, онцгой их баярлалаа гэж хэллээ. Алимын мод тэднийг мөчрөөрөө бүрхэж, навчаараа хучив.
Хун галуу шувууд харсангүй, хажуугаар нь нисээд нисээд өнгөрчээ. Эгч дүү хоёр дахиад л цаашаа гүйж явав. Одоо ч гэр нь ойрхон болжээ. Гэтэл хун галууд тэднийг олоод харчихав. Олон талаас нэгэн зэрэг шунган нисэж, гүр гүр дуугаран далавчаа сэр сэр сэвэн дайрч, дүүгий нь охины гараас булааж авахыг шахлаа. Охин пийшингийн дэргэд гүйж ирээд
-Пийшин минь, эгч дүү хоёрыг халхалж нуугаад өгөөч!
-Хар гурилан боовноос минь ид.
Охин боовноос авч амандаа хийгээд дүүтэйгээ цуг пийшингийн аманд орж нуугдан суув.
Хун галуу шувууд гүр гүр дуугаран далавчаа сэр сэр сэвэн эргэлдэн эргэлдэн ниссэн ч эгч дүү хоёрыг олсонгүй, эмгэн Шулмастаа хоосон буцжээ. Охин пийшинд баярлалаа, гялайлаа гээд дүүтэйгээ цуг гэртээ гүйн ирэв.
Тэгтэл ч эцэг эх хоёр нь эргээд ирж гэнээ.
"Үүлэн бор" үлгэрийн номноос
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.