16 жил өнгөрлөө

2017 оны 09-р сар 11-нд 08:00 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 9-р сарын 11. Одоогоос 16 жилийн өмнө АНУ-ын Нью Йорк хотын төвд орших Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхагийг Аль-Кайда бүлэглэлийн алан хядагчид онгоцоор мөргөж сүйрүүлснээр энэхүү аймшигт террорист халдлагын золиос болж гэм зэмгүй 3000 гаруй хүн амиа алдсан билээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийг эргэн санахад Нэгдсэн улсын агаарын тээврийн 11 нислэгийн дугаартай 76 зорчигч бүхий “Бойнг-767” онгоц 110 давхар, Дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр барилгын хойд цамхагийн 80 давхрыг эхлээд мөргөсөн ба 18 минутын дараа 175 нислэгийн дугаартай 51 зорчигтой “Бойнг-767” онгоц урд талын цамхагийн 60-р давхрыг цөмлөн мөргөжээ.

Гэнэт болсон үйл явдалд цочирдсон хүмүүс үймэлдэж, АНУ-ын онцгой байдал, Холбооны мөрдөх товчоо, 911-т дуудлага өгөх нь тэр. Нью Йорк хотын чимэг болсон “Дэлхийн худалдааны төв”-ийн байр хэдхэн цагийн дараа нуран унаж, Нью Йорк хот тэр чигээрээ үнс нурам, тоос шороонд дарагдсан аж.

Дээрх онгоцнууд тус бүрд 4-5 тооны алан хядагч цаасны хутгаар зэвсэглэн орж, барьцаалах үйл ажиллагаагаа явуулсан гэдэг. Тэдгээр амиа золиослогчдын зарим нь АНУ-д нэгээс илүү жил амьдарсан, зөвхөн энэ ажиллагааг гүйцэтгэхийн тулд нисгэгчийн сургалтад сууж туршлагажиж байсан байна. Тэдгээр Ислам шашинт алан хядагчид бүгд Саудын Араб болон Арабын орнуудаас гаралтай байсан бөгөөд Осама Бин Ладенаар толгойлуулсан Аль Кайда алан хядах байгууллагын гишүүд байжээ. 

2001 оны есдүгээр сарын 11-нээс хойш Осама Бин Ладен гэх зартай алан хядагчын нэр дэлхийд алдартай болсон. Алан хядагч бүлэглэлийнхэн Персийн булангийн дайнаас хойш Ойрхи Дорнодод цэргээ үргэлжлүүлэн байршуулаад байсан Америкт ийнхүү хорсож олон мянган хүний аминд хүрсэн нь сүүлд тодорхой болжээ.

2001 оны есдүгээр сарын 11-ний 21 цагт Ерөнхийлөгч Жорж Буш телевизээр ”Алан хядагчдын халдлага бидний хоёр том барилгыг нурааснаас биш Америк орны суурийг ганхуулж чадахгүй, тэд байшингийн раам төмрийг хугалсан болохоос Америкийн зоригийг хугалж чадахгүй. Бид үүнд холбоотой ямар ч алан хядагчийг тэвчихгүй. Тэднийг хэн ч хамгаалж чадахгүй” гэсэн мэдэгдэл хийсэн.

Ноён ерөнхийлөгчийн ууртай мэдэгдэл хариугаа авахаа бүрэн илэрхийлснийг дэлхийн хэвлэлүүд онцолж байлаа. Ингээд 2001 оны аравдугаар сарын 7-нд Афганистан дахь Талибаны дэглэмийг устгах, Осама Бин Ладены алан хядах ажиллагааны эсрэг Нэгдсэн улсын цэрэг Афганистанд орж ирсэн юм. Америкийн цэрэг ердөө хоёрхон сарын дотор Афганистан дахь Талибаны дэглэмийг устгажээ. Дарлалаас бусдыг хамгаалах Америкийн сайхан сэтгэлийн ард Осама Бин Ладенаас хариугаа авах асар их хүсэл байсаар байсан юм. Энэхүү аймшигт халдлагын улмаас 3000 гаруй хүн хорвоог орхижээ. Хохирогчид дунд Нью-Иорк хотын гал сөнөөгчид, эмнэлгийн ажитнууд, цагдаагийн ажилтнууд, энгийн иргэд болон онгоцонд сууж явсан хүмүүс орох юм. Хохирогчдын дийлэнх нь сөнөсөн хоёр барилгад ажил албаа эрхэлж байсан эрдэм чадал төгс, энгийн ард иргэд байсан нь тун ч харамсалтай. 

Бид сонирхогчийн камераар хийсэн бичлэг дээрээс 110 давхар байшин онгоцонд мөргүүлж, гал гаран шатаж, улмаар тоггүй болсны улмаас цахилгаан шат ажиллахгүй болж давхар бүрт зоогдсон хүмүүс гараа сарвалзуулан аврал эрж, онгоц мөргөсөн хэсгээс ажил үүргээ гүйцэтгэж явсан хүмүүс бутарсан хань, шил, тоос шороотой хамт талаар нэг таран шидэгдэхийг харж элэг эмтэрсэн тэр агшныг дэлхийн сайн санаат хүн төрөлхтөн хэзээ ч мартахгүй, мартах ч учиргүй билээ. 

2001 оны энэ үйл явдлаас хойш улс орон бүр алан хядагчдаас болгоомжлон ялангуяа агаарын хөлгийн хамгаалалтад онцгой анхаардаг болсон. Нэгдсэн улс ч гэсэн Лалын шашинт орнуудын алан хядагч нартай цаашид эрчимтэй тэмцэхээ мэдэгдэж 2003 оны гуравдугаар сарын 20-ны хар луу өдрийн луу цагт Иракт цохилт өгсөн.

Эдүгээ энэхүү аймшигт халдлагын улмаас хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, 50 хүн хорт хавдрын улмаас одоо болтол шаналан зовсоор байгаа аж. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу халдсан террорист халдлагын 13 дэх жилийн ойг угтаж тус улсын Хөдөлмөр хамгааллын үндэсний хорооноос олон хөтөлбөр ажлуудыг зохион явуулдаг байна. Гэсэн хэдий ч энэхүү үйл явдалд хамгийн их хохирсон хүмүүс бол амь үрэгсдийн ар гэрийнхэн юм. Үрээ алдсан эх, ханиа алдсан эхнэр нөхөр, ааваа алдсан хүүхэд гээд тоочоод байвал баршгүй.

Дайны хор уршиг, алан хядах ажиллагааны золиос болсон Нью Йорк хотын оршин суугчид 13 жилийн тэртээх аймшигт өдрийг өнөөдөр эргэн дурсаж байна.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.