Спортын түүхэн амжилтыг чөлөөтийн эрчүүд үргэлжлүүлээ

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 11:49 цагт
Мэдээний зураг,

Төр Засаг, спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд бүгд нэг зорилгын төлөө хамтран ажиллаж чадвал хүссэн амжилтандаа хүрдэг гэдгийг сүүлийн найман жилд Монголчууд бид хангалттай мэдэрсэн. 2008 оны Бээжингийн зуны Олимпод Булганы Сайхан сумын хүү Н.Түвшинбаяр жүдо бөхийн төрлөөр алтан медаль хүртсэн нь их амжилтын эхлэл байсан гэдэгтэй хэн ч маргахгүй аж. Тэр цагаас спортын топ дөрвөн төрлөөр Олимп, дэлхийн аваргаас авсан медаль нь өмнөх амжилтаасаа илүү гарсан байна. Тодруулбал 2008 оноос өмнө Олимпийн наадмаас 5 мөнгө, 9 хүрэл нийт 14 хүртсэн тооны хувьд илүү байгаа ч алтан медаль хараахаан авч үзээгүй байлаа.

Харин 2008, 2012 оны Олимпийн наадмаас 2 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж 2009 оноос хойш жүдо, бокс, чөлөөт бөхийн дэлхийн аваргаас 5 алт, 7 мөнгө, 14 хүрэл нийт 26 медаль хүртжээ. Тооны хувьд цөөхөн ч Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх анхны дэлхийн аваргын алтан медалиудыг сүүлийн найман жилийн дотор манай тамирчид энгэртээ зүүсэн аж. 2009 оны Роттердамын дэлхийн аваргаас Х.Цагаанбаатар алтан медаль авсан нь жүдо бөхийн анхны эрэгтэй дэлхийн аварга, 2013 оны Рио де Жанейрогийн тэмцээнээс М.Уранцэцэг Японы бөхийг өчих мэхээр цэвэр ялж алтан медаль хүртсэн нь эмэгтэй анхны дэлхийн аварга болж Монголын түүхэнд үлдсэн.

Мөн боксын спортоор 2009 онд Миланы дэлхийн аваргаас П.Сэрдамба алтан медаль энгэртээ зүүж төрийн дууллаа эгшиглүүлсэн нь Монголын анхны алтан медаль байлаа. Чөлөөт бөхийн спорт 1950-иад оны сүүл 1960-аад оны эхээр манай улсад хөгжиж өдгөө Олимп, дэлхийн аваргаас хамгийн их медальтан төрөөд байгаа. Гэвч 2010 он хүртэл эмэгтэй дэлхийн аваргагүй, 2012 он хүртэл эмэгтэй Олимпийн медальт тамирчин төрөөгүй л байв. Харин Архангай аймгийн Хашаат сумын харъяат С.Батцэцэг 2010 оны Москвагийн дэлхийн аваргаас алт, 2012 оны Лондонгийн зуны Олимпоос хүрэл медаль хүртэж энэ спортоор анхдагч болсон нь бахархалтай.

Энэ өдрүүдэд Узбекистаны Ташкент хотод чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аваргын тэмцээн үргэлжилж байна. Манай эрэгтэй тамирчид алтан медаль хүртээгүй ч хошой хүрэл медаль авсан. Хамгийн сүүлд 1985 онд Унгарын Будапештын дэвжээн дээрээс А.Энхээ, Б.Болд нар хос мөнгөн медаль хүртсэн тэр цагаас хойш 29 жилийн дараа дэлхийн аваргын хос медаль Монголд ирлээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн барилдаан өндөрлөж өнөөдөр эмэгтэйчүүд өрсөлдөнө. Манай улсад харьцангуй сүүлд хөгжсөн ч бүсгүйчүүд Олимп, дэлхийн дэвжээнээс авч болох ихэнх медалийг хүртсэн. Тэдний амжилт 2014 онд ч үргэлжилнэ гэдэгт огтхон ч эргэлзэх зүйлгүй билээ.

Чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчид

Алтан медальтнууд:

1. Зэвэгийн Ойдов (1974 он, Стамбул, Турк) – 62 кг

2. Зэвэгийн Ойдов (1975 он, Минск, ЗХУ) – 62 кг

3. Хорлоогийн Баянмөнх (1975 он, Минск, ЗХУ) – 100 кг

4. Соронзонболдын Батцэцэг (2010 он, Москва, ОХУ) – эм: 59 кг

Мөнгөн медальтнууд:

1. Базаррагчаагийн Жамсран (1971 он, Софи, Болгар) – 48 кг

2. Хорлоогийн Баянмөнх (1971 он, Софи, Болгар) – 100 кг

3. Мэгдийн Хойлогдорж (1973 он, Тегеран, Иран) – 57 кг

4. Хорлоогийн Баянмөнх (1974 он, Стамбул, Турк) – 100 кг

5. Цэдэндамбын Нацагдорж (1975 он, Минск, ЗХУ) – 68 кг

6. Буяндэлгэрийн Болд (1983 он, Киев, ЗХУ) – 68 кг

7. Зэвэгийн Дүвчин (1983 он, Киев, ЗХУ) – 82 кг

8. Авирмэдийн Энхээ (1985 он, Будапешт, Унгар) – 62 кг

9. Буяндэлгэрийн Болд (1985 он, Будапешт, Унгар) – 68 кг

10. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2001 он, Софи, Болгар) – 58 кг

11. Оюунбилэгийн Пүрэвбаатар (2002 он, Тегеран, Иран) – 60 кг

12. Баяраагийн Наранбаатар (2007 он, Баку, Азербайжан) – 55 кг

13. Очирбатын Бурмаа (2009 он, Хернинг, Дани)  эм: 72 кг  

14. Д.Отгонцэцэг (2011 он, Турк. Стамбул)  эм: 51 кг

15. Б.Оюунсүрэн  (2011 он, Турк. Стамбул) эм: 67 кг

16. Э.Сумьяа (2013 он, 2013 Унгар, Будапешт) эм: 51 кг

17. С.Батцэцэг: (2013 он, 2013 Унгар, Будапешт) эм: 63 кг

Хүрэл медальтнууд:

1. Жигжидийн Мөнхбат (1967 он, Дели, Энэтхэг) – 87 кг

2. Данзандаржаагийн Сэрээтэр (1970 он, Эдмонтон, Канад) – 74 кг

3. Мэгдийн Хойлогдорж (1971 он, Софи, Болгар) – 57 кг

4. Очирдолгорын Энхтайван (1973 он, Тегеран, Иран) – 48 кг

5. Цэдэндамбын Нацагдорж (1974 он, Стамбул, Турк) – 68 кг

6. Зэвэгийн Ойдов (1977 он, Лозанна, Швейцарь) – 68 кг

7. Дугарсүрэнгийн Оюунболд (1978 он, Мехико, Мексик) – 57 кг

8. Нанзадын Бүргэдаа (1979 он, Скопье, Югослав) – 52 кг

9. Лувсангийн Энхбаяр (1985 он, Будапешт, Унгар) – 74 кг

10. Авирмэдийн Энхээ (1986 он, Будапешт, Унгар) – 62 кг

11. Лодойн Эрхбаяр (1989 он, Мартини, Швейцарь) – 74 кг

12. Пунцагийн Сүхбат (1990 он, Токио, Япон) – 82 кг

13. Цэрэнбаатарын Цогтбаяр (1993 он, Торонто, Канад) – 57 кг

14. Баяраагийн Наранбаатар (2005 он, Будапешт, Унгар) – 55 кг

15. Цогтбазарын Энхжаргал (2005 он, Будапешт, Унгар) – эм: 48 кг

16. Доржийн Нармандах (2007 он, Баку, Азербайжан) – эм: 59 кг

17. Очирбатын Насанбурмаа (2008 он, Токио, Япон) – эм: 67 кг

18. Б.Одончимэг (2009 он, Хернинг, Дани)  эм: 67 кг

19. О.Насанбурмаа (2011  он. Турк. Стамбул) эм: 63 кг

20.Т.Мөнхтуяа (2012  он. Канад, Страткона) эм: 59 кг

21. Г.Мандахнаран (2013 Унгар, Будапешт) 66 кг

22. Т.Мөнхтуяа (2013 Унгар, Будапешт) эм: 59 кг

23. О.Насанбурмаа (2013 Унгар, Будапешт) эм: 67 кг

24. О.Бурмаа (2013 Унгар, Будапешт) эм: 72 кг

25. Э.Ням-Очир (2014 он, Узбек, Ташкент) 61 кг

26. Г.Мандахнаран (2014 он, Узбек, Ташкент) 65 кг

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.