Дэд сайдгүй хууль зүйн яам

Twitter Print
2014 оны 09-р сар 10-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг хоёр жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашихгүй байх шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа. Энэхүү шийдвэрийн дараа дэд сайд маань өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөхөөр болжээ. Түүний хувьд Ерөнхий сайд, Х.Тэмүүжин сайд, Шадар сайдтай уулзаж албан тушаалаа өгөх тухайгаа хэлсэн аж. Мөн түүнийг албан тушаалаасаа буувал анхнаасаа МАХН-аас орны хүнийг нь сонгоно гэж тохирсон учир намаас нь дараагийн хуульчийг сонгох нь ээ.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг 2012 оны аравдугаар сарын 29-нд АТГ-ынхан өрөөнд нь хууль бусаар байцаах гэж оролдсон гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдэж байсан удаатай. Харин АТГ-ынхан үүнд огт өөр хариулт өгч байдаг. Дэд сайд Э.Эрдэнэжамъянг байцаахдаа эрх, үүргийг нь танилцуулж, гарын үсэг зуруулаад мэдүүлэг авч эхэлж байхад нь О.Баасанхүү гишүүн орж ирж бөөн шуугиан дэгдээсэн гэдэг. Хамгийн сонирхолтой нь Э.Эрдэнэжамъянгаас МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авах гэж байсан талаар өнгөрсөн жил багагүй шуугисан.

Учир нь интерполоор эрэн сурвалжилагдаж буй ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөхийг хүссэн утгатай албан бичиг явуулсан байдаг. Уг нь ийм хүсэлтийг дэд сайд гаргах ёсгүй тул Интерполын нарийн бичгийн даргын газраас энэ хэргийг лавлахаар Монголын Хууль зүйн яаманд захидал илгээснээр уг хэрэг явдал анх илэрсэн байдаг.  Одоогоор Н.Энхбаярын хэргийг АТГ шалгаж, шүүхэд шилжсэн байгаа. Өөрөөр хэлбэл Э.Эрдэнэжамъян дэд сайд Н.Энхбаярын хэрэгт холбоотой хүмүүсийг мөрдөн шалгахад саад учруулсан хэрэгт унасан. Ийнхүү түүнд хэрэг үүсгэж шалгасан бөгөөд шүүхийн шийдвэр нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гарсан аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.