
Өнгөрсөн ням гарагт Тайландад болсон парламентын сонгуулийн санал хураалтын дүнгээр Тайландын сөрөг хүчний Урагшаа Хөдөлгөөн, Тайчуудын төлөө намууд хамгийн олон сонгогчийн саналыг авчээ.
Урагшаа Хөдөлгөөн намын тэргүүн Пита Лимжароэнтрат сонгуулийн үр дүнг "гайхалтай" хэмээн тодорхойлж, засгийн газар бүрдүүлэхдээ армийн дэмжлэгтэй намуудын эсрэг сөрөг хүчин хэвээр байх болно гэдгээ амлажээ. Түүнчлэн Урагшаа Хөдөлгөөн нам Тайчуудын төлөө намтай эвсэл байгуулах тухай гарцаагүй ярилцана гэжээ.
Тайчуудын төлөө намын тэргүүн Пэтонгтарн Шинаватра Урагшаа Хөдөлгөөн намын сонгуульд үзүүлсэн амжилтанд баяр хүргэж, тус намтай хамтран ажиллах тухай ярилцахад бэлэн гэжээ. Парламентын сонгуульд амжилт гаргалаа ч Урагшаа Хөдөлгөн, Тайчуудын төлөө намынхан эрх мэдлийн төлөө дахин тэмцэх шаардлагатай болох юм.
Тайландын Ерөнхий сайдыг сонгуулиар сонгогдсон пардаментын 500 гишүүн мөн төрийн эргэлт зохион байгуулж, төрийн эрхэнд гарсан Прают Чан Очагийн засгийн газраас томилсон сенатын 250 гишүүний саналаар томилох юм.
Сенатын гишүүдийн хувьд хэзээ ч сөрөг хүчнийхний талд шийдвэр гаргаж байгаагүй ба цэргийн удирдагчдаас бүрдсэн одоогийн засгийн газрыг дэмжсээр ирсэн юм. Тайландын Сонгуулийн Ерөнхий хороо сонгуульд өрсөлдсөн бүх намуудын авсан саналын тоог албан ёсоор зарлах болоогүй байгаа ч Тайландын ард иргэдийн хандлага өөрчлөгдөж, бүх насныхан сонгуульд идэвхтэй оролцож, туршлагагүй, залуу улстөрчдөд боломж олгохыг эрмэлзэх болсныг ажиглагчид онцолж байна.
2014 онд болсон төрийн эргэлтийг удирдан, Тайландын Ерөнхий сайдын албан тушаалыг хашсан армийн хурандаа Прают Чан Очагийн хамгийн том өрсөлдөгч нь Тайландын Ерөнхий сайд асан Таксим Шинаватрагийн охин Пэтонгтарн Шинаватра байсан. 36 настай Пэтонгтарн Шинаватрагийн тэргүүлж буй Тайчуудын төлөө нам иргэдийн дэмжлэгийг хамгийн ихээр хүлээж байсан ба Пэтонгтарн аавынхаа нэр нөлөө, танил тал мөн популист амлалтуудынхаа ачаар орон нутагт, бага орлоготой бүс нутгуудын ард иргэдийн дунд нэр алдрыг олсон билээ.
Тайландын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа бага орлоготой иргэдийн дэмжлэгийг ихээр хүлээж байсан харилцаа холбооны салбараас төрсөн тэрбумтан Таксин Шинаватрад Тайландын элитүүд таатай ханддаггүй байсан юм. 2006 онд болсон цэргийн эргэлтийн үеэр өрсөлдөгчид нь түүнийг авлигын хэрэгт буруутган, албан тушаалаас нь огцруулсан билээ.
Таксин Шинаватра гэм буруугаа хүлээгээгүй бөгөөд 2008 оноос хойш эх орондоо буцаж очилгүй, Лондон болон Дубайд амьдарч байгаа аж.
Технологийн салбарт амжилттай ажиллаж байсан туршлагатай 42 настай Пита Лимжароэнтратын удирдаж буй Урагшаа хөдөлгөөн намыг дэмжигчдийн тоо мөн адил хурдацтай нэмэгдэж байгаа ба тус намын залуу, шинэлэг, өмнөө зорилготой залуу нэр дэвшигчид "Тайландад өөрчлөлт хэрэгтэй" гэсэн уриатай өрсөлджээ.
Чулалонгкорн Их Сургуулийн Аюулгүй байдал, Олон улс судлалын институтын профессор Титинан Понгсудхирак, "Өөрчлөлтийг дахиад төрийн эргэлт хийхтэй холбох хэрэггүй. Төрийн эргэлт бол өөрчлөлт биш харин ухралт юм. Өөрчлөлт гэдэг бол арми, хаан засаглалын тогтоолцоог өөрчлөх, эдийн засгийн хувьд таатай орчин бүрдүүлсэн ардчилсан ирээдүйг цогцлоох явдал юм." гэжээ.
69 настай Прают Чан Оча 2014 онд Таксин Шинаватрагийн дүү Ийнглак Шинаватрагийн засгийн газрыг унаган төрийг эрхэнд гарсан нь түүний нэр хүнд унах шалтгаан болоод байсан юм. 2019 онд болсон парламентын сонгуулиар аль ч нам нь олонхын саналыг нвч чадаагүй ба үүнээс хэдэн долоо хоногийн дараа армийн удирдлагууд засгийн газар байгуулж, Прают Чан Очаг Ерөнхий сайдаар томилсон юм.
Энэ удаагийн сонгуульд 70 орчим нам өрсөлдсөн юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.