
Хүүхдийнхээ хичээлийг хийлгэнэ гэдэг амаргүй. Бид хүүхдээ л хичээлээ толгой өндийхгүй хийвэл онц сурна гэж боддог. Дан ганц хүүхдээс хэзээ амжилт шалтгаалдаггүй.
Хүүхдийн хичээлийг хэрхэн давтуулахад олон зүйл нөлөөлж байдаг бас шалтгаалдаг. Иймд хүүхдийн хичээлийг давтуулах, гэрийн даалгаварыг хэрхэн хийлгэх талаар зөвлөе.
1. Аливаа нэг зүйлд суурь гэж байдаг. Энэ суурь хэр тавигдахаас бүх зүйл шалтгаалдаг. Жишээ нь хүүхдээ төрөнгүүт түүнтэй халуун дулаан харилцах, ээнэгшилтийг зөв тавих, аав ээж амьд харилцаа үүсгэх, чадахгүй зүйлд нь өмнүүр нь орохгүй байх, багаас нь бага багаар бие даалгах, бор хоолонд ороход нь хоолыг нь өөрөөр нь идүүлэх, ширээний ард бүгд сууж хооллох, хамтран тоглох, хэл ярианд сайн ороогүй ч харилцан ярилцаж байх, хайр халамжаа мэдрүүлэх, сэтгэл хөдлөлийг нь ойлгож сурах зэрэг нь чухал суурь болдог.
Бүр багаас нь дээрх зүйлүүдэд хайнга хандах, бие даалгах биш өмнүүр орж хийснээр хүүхдэд олон зүйлийг бие даан хийх оролдлого хийхгүй байхад нь, би хийнэ гэсэн хүсэлгүй үргэлж бусдын үгээр юмыг хийх, өөрөө шийдвэр гаргаж сурахгүй зэрэгт муу нөлөөтэй.
2. Мөн айл гэрийн амьдралын хэв маяг замбараагүй, нойр хоолны буруу зуршилтай, дадал хэвшлийг нийтээрээ мөрддөггүй, дэлгэцийн хамааралтай, хэл ярианы асуудалтай, хүүхдээ дэмждэггүй бол хүүхдийн асуудалд ялангуяа сургуульд амжилттай суралцах тал дээр асуудал үүсгэнэ.
Хүүхэд хэт шөнө орой унтах, буруу хооллох, аав ээжээсээ хангалттай хайр мэдрэхгүй байх, хэт дэлгэцэнд автсан, амьд харилцаа дутагдсанаас үүдэлтэй хэл ярианы бэрхшээл, гэр бүлээрээ нэгддэггүй зэрэг асуудлууд нь хүүхдийн анхаарал төвлөрөх, тогтвортой суух, бусдыг ойлгож мэдрэх, хангалттай хүч энергитэй байх зэрэгт бас асуудал үүсгэнэ.
3. Аав ээжийн хоорондын харилцаа хандлага хөндий, үзэл бодлын зөрүүтэй байдал, амьдралд хандах хандлага, хоорондын харилцаа нь биенээ ойлгож дэмждэггүй, аав ээж өөрөө сэтгэл зүйн хувьд асуудалтай тогтворгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, хүүхдийн болон өөрсдийн байр суурийг ойлгоогүй, эдийн засгийн тогтворгүй байдал, гэр бүлийн амьд харилцаа дутмаг, хадамын оролцоо ихтэй гээд мөн л хүүхдийн сэтгэл санаанд болон хичээл хийхэд нөлөөлнө. Гэр бүлд салалт, үхэл, биенээсээ хол байх, шинэ ангид орох, багш хүүхдэд муу хандах, амьдралын хэвшил өөрчлөгдөх зэрэгт хүүхэд үнэхээр эмзэг ханддаг.
Аав ээжүүд өөрсдөө сресстэй, уур бухимдал ихтэй, магадгүй өөрсдөө хайр халамж үгүйлсэн, хичээл хийлгэх аргаа мэдэхгүй байх, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах аргаа мэдэхгүй байх, ээжийн ачаалал нь ихэдсэн, аавын нөлөө багатай, магадгүй хэн нэгнийг хүүхэд үгүйлэх зэргээс том хүн хүүхдийн хооронд зөрчил үүсдэг. Сөрөг үедээ хичээл давтуулах нь хүүхдэд сөргөөр нөлөөлж, хичээлээс залхах, дургүй болох хандлагатай болохоос гадна аав ээжээсээ айдаг болдог. Хэрэв гэр бүлд хүнд асуудал тохиолдсон бол хүүхдэд хичээл хийхээс наана сэтгэл зүйн асуудлууд тулгардаг. Үүнд айдас, түгшүүр, стресс гэх мэт.
4. Аав ээжүүд хүүхдийнхээ хичээлийг давтуулахдаа хүүхдээ бүгдийг чадна, чадах ёстой гэж буруу боддог ба хамгийн орхигдуулдаг нэг зүйл нь хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогийг мэдэхгүй байхаас гадна нь тохируулдаггүй. Мөн өөрөө ч сэтгэл зүйн бэлтгэлгүй байдаг. Магадгүй би хүүхдээ загнахгүйгээр хичээлийг нь давтуулна, хүүхдээ хариулах болон бичиж уншихад нь хүлээнэ гэсэн сэтгэл зүйн бэлтгэл байдаггүй. Бас хүүхдийнхээ байр сууринаас аливаа зүйлд хандах биш өөрийн зүгээс хардаг. Жишээ нь ийм амархан юмыг хийж чадахгүй байхдаа яадаг юм бэ гэж гайхах нь элбэг.
Хүүхдэд төрөлхийн ааш араншингийн онцлог байдаг ба үүнийг аав ээж маань сайн мэдэхгүй байгаа юм. Жишээ нь хөдөлгөөн ихтэй эсвэл удаан хүүхэд гэх мэт онцлогууд байдаг. Холерик араншинтай хүүхэд дайчин шаргуу хичээл хийж байхад сангвиник хүүхэд сонирхол багатай нэгэн хэвийн байдлаас хурдан залхдаг бол флегматик хүүхэд тэвчээр шаардсан зүйлд тогтвортой байж чаддаг, тайван тэвчээртэй байдаг. Харин меланхолик хүүхэд өчүүхэн зүйлд маш эмзэг, амархан ядардаг гэх мэт. Тэдний анхаарал төвлөрөх чадвар ч мөн адил өөр өөр байх ба нөгөө суурь гэдэг зүйл мөн чухал нөлөөтэй. Ихэнхи аав ээж өөрийн ажил болон гэрийн ачаалалдаа дарагдан орчны юмс үзэгдлийг хүүхдэдээ тайлбарладаггүй, харилцан ярилцдаггүй, магадгүй орчин хэтэрхий хязгаарлагдмал байснаас сэтгэн бодох үйл зэрэгт муугаар нөлөөлдөг.
5. Ээжүүд хүүхдээ боловсролтой болгоно, бусдаас хоцрох вий гэсэн бодол айдастай, хатуу, алдаа гаргахад нь дургүй ба шаардлага хэт өндөр байдаг. Учир нь зарим ээж өөрийн амжилтгүй байдлаа хүүхдээрээ нөхөх гэж хичээдэг ба хүүхдийг алдаа гаргах, бусадтай харьцуулах, байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэгт маш хатуу ханддаг.
Ихэнхдээ хүүхэд хичээлээ хийхдээ ойролцоогоор 10-20 мин анхаарал нь төвлөрдөг. Өөрөөр хэлбэл завсарлага авангаа хичээлээ хийх сонирхолтой байдаг. Анхаарлыг нь өөр зүйл татах нь хүүхдэд хэвийн зүйл. Харин аав ээжүүд сууж суулгана гэхийн хажуугаар нэг мөсөн хичээлийг нь хийлгэнэ гэж шахдаг. Хүүхэд алдаа гаргах, бүх зүйлийг чаддаг байна гэж байдаггүй. Тэгтэл аав ээжүүд бусад хүүхэд чадаж байхад чи яагаад чадахгүй байгаа юм бэ гэсэн байр сууринаас ханддаг. Хүүхэд IQ багатай байж болно. Хүүхэд бүр бүгд тоонд сайн байвал утгагүй шүү дээ.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.