Улаанбаатар төмөр замаар жилд 100 сая тонн ачаа тээвэрлэх цаг айсуй

Twitter Print
2014 оны 09-р сар 09-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлан ирж хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах түүхэн гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зураад долоо ч хоноогүй байна. Хоёр улсын Засгийн газар, яам тамгын газрууд нийтээ 15 гэрээнд гарын үсэг зурснаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр 2020 он гэхэд монголын төмөр замыг нийтэд нь цахилгаанжуулж, хос болгох тохиролцоонд хүрсэн нь энэ удаагийн айлчлалын хамгийн томоохон үр дүнгийн нэгэн байлаа. Монгол Улс, ОХУ-ын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн хувьд 2013 онд 21 сая тонн ачаа тээвэрлэжээ. Тэгвэл хоёр талын хувь нийлүүлэгч Монгол Улсын Зам тээврийн сайд А.Гансүх, Оросын төмөр зам, хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин нарын гарын үсэг зурж баталгаажуулсан хэлэлцээрийн үр дүнд 2020 он гэхэд Монгол Улс цахилгаанжсан хос төмөр замтай болж, жилдээ 100 сая тонн ачаа эргэлт хийдэг болно гэсэн үг юм. Ингэхийн тулд Улаанбаатар төмөр замын гол шугамыг  шинэчилж Эрдэнэт-Овоот, Могойн гол-Цагаантолгой, Завханы Арц суурийн боомтоор ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хот хүрэх 770 км төмөр зам тавихаар тохиролцов.

Мөн түүнчлэн Эрдэнэт-Салхитын 164 км замыг шинэчлэх, Багахангай-Мандалын хооронд 170 км зам шинээр тавихаар гэрээнд тусгагджээ. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан энэ гэрээний дагуу Улаанбаатар төмөр замын ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг тав дахин нэмэгдүүлж, Монгол Улс гурван чиглэлийн төмөр замаар гадаад ертөнцтэй харьцах боломжтой болох аж. Үүний тулд баруун аймгуудыг холбосон сүлжээгээр Пакистан, Энэтхэг, БНХАУ, ОХУ-тай холбогдох, зүүн тийшээ Эрээнцав-Чойбалсангийн 235 км замыг цааш нь сунгаж Хөөт-Бичигтээр ОХУ-ын Алс дорнодын төмөр замтай холбогдохоор тусгагджээ. Ингэснээр Улаанбаатар  төмөр зам жинхэнэ улс хоорондын транзит тээвэрлэлтийн нэгэн чухал сүлжээ болох зам нээгдэх юм. Энэхүү гэрээгээр БНАСАУ-ын Ражин боомтыг ОХУ-тай хамтран эзэмшихээр талууд тохиролцсон. Хэрэв энэ тохиролцоо ажил хэрэг болвол манай улс анх удаа өөрийн гэсэн далайн боомттой болох юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс хоёр долоо хоногийн өмнө Монголд айлчилсан БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрт Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын гишүүд гарын үсэг зуран баталгаажуулсан билээ. Ингэхэд Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд хөрш хоёр орны удирдагчид яагаад ингэтлээ их санаа тавьж, хүчин зүтгэл гаргаад байгааг ойлгож цөхөх юмгүй. Ази тивийн зүрхэнд оршдог Монгол Улс хойд талаараа ОХУ-тай 3543 км газраар хиллэдэгийн  2863 км нь хуурай газар, 680 км нь усан хил байдаг. Харин өмнөд хөрш БНХАУ-тай нийтдээ 4709 км-ээр хиллэдэгийн 4488 км нь хуурай газар, 221 км нь усан хил байдаг аж. Товчхондоо Монгол Улс Ази, Номхон далайн орнууд, Европ тивийг төмөр зам, дэд бүтцээр холбох гол цэг буюу газарзүйн давтагдашгүй ашигтай байрлалтай учир ХХI зуунд дэлхийн эдийн засаг, улстөрийг тодорхойлох хүчирхэг хоёр хөрш маань бидэнд ийнхүү өгөөмөр гараа сунгахаас өөр аргагүй. Азиас Европт хүрэх хамгийн дөт зам өөр хаагуур ч биш зөвхөн Монголоор л дайран өнгөрч байгаа. Ийм ч учраас засмал болон төмөр замын тээврийн салбарт Монгол, орос, хятад гурван улсын хувьд асар өргөн боломж, хэтийн сайхан ирээдүй бий.

Энэ ч утгаар Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 сарын 24-ний өдөр 32  тоот тогтоолоороо “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогын эхний үе шат болсон Ухаа худаг – Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын барилгын газар шороо, гүүр хоолойн ажил ид хийгдэж байгаа. Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч, хөгжил тээн түүчээлсээр 74 жилийг туулж явна. Түүх сөхвөл БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын 1936 оны долдугаар сарын хэлэлцээрээр Налайх-Улаанбаатарын хооронд нарийн төмөр зам байгуулахаар шийдвэрлэж, хоёр орны төмөр замчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд хоёр жил гаруйхны хугацаанд биелэлээ олж 1938 оны долдугаар сард анхны галт тэргээ аялуулжээ.

Ийнхүү Монгол Улсад “Төмөр зам” хэмээх тээврийн шинэ салбар гал голомтоо бадраасан түүхтэй. Үүний дараахан Монгол орны дорнод хязгаар японы түрэмгийлэгчдийн заналхийлэлд өртсөн 1939 онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр Эрээнцав-Баянтүмэний хооронд 238 км өргөн төмөр зам, 1940-өөд оны эхээр Баянтүмэн-Тамсагбулагийн хооронд 380,5 км нарийн төмөр замыг батлан хамгаалах зориулалтаар барьжээ. БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хооронд 1946 оны 2-р сард байгуулагдсан Найрамдал, харилцан туслалцах, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах гэрээгээр Наушка-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам барихаар шийдвэрлэв. Уг замын зураг төслийн ажил 1947 оны намраас эхэлж, улмаар их барилгын ажил эрчимтэй өрнөжээ. 1949 оны 6-р сарын 6-нд Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулагдаж, мөн оны 11-р сарын 7-нд анхны галт тэргээ Улаанбаатар хотод хүлээн авсан байдаг. Харин ЗХУ, БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 1952 оны 9-р сарын 05-ны хэлэлцээрээр Улаанбаатар-Замын-Үүд-Жинчиний хооронд төмөр зам барихаар тохиролцсон туухтэй. Тэрхүү их зам, барилгын ажил амжилттай өрнөж, 1956 оны 1-р сарын 1-нээс галт тэрэгний хөдөлгөөн нээгдсэн байдаг. Тэр цагаас хойш Монгол Улсад үйлдвэржих үйл явц эрчимжихийн хэрээр шинэ салаа замууд тавих шаардлага урган гарч 1963 онд Дархан-Шарын голын, 1978 онд Салхит-Эрдэнэтийн, 1981 онд Сайншанд-Зүүнбаянгийн, 1982 онд Багахангай-Багануурын, 1987 онд Айраг-Бор-Өндөрийн салаа замууд баригдан ашиглалтанд оржээ. Төмөр замын түүх цааш хөвөрсөөр 1980-аад оны сүүлч гэхэд улс орны тээврийн тэргүүлэх салбар болсон юм. Төмөр зам дагаж Дархан, Эрдэнэт, Хөтөл, Багануур, Багахангай, Чойр, Сайн шанд зэрэг хот суурин газрууд сүндэрлэн босч, аж төрөх ёсны шинэ хэв маяг бүрэлдэн төлөвшсөн юм.

Саяхан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын 65  жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнаж “Улаанбаатар төмөр зам”-д ажиллаж байгаа 15 мянга гаруй ажилтан, албан хаагчдыг баярлуулсан. Энэ ойн баярт оролцохдоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Оросын хувь нийлүүлэгчдийн 250 сая ам. долларын хөрөнгөөр ашиглалтад орсон “Railbus”-аар хүрэлцэн ирсэн нь “Улаанбаатар төмөр зам”-ын цаашдын сэргэн мандалтыг бэлэгдсэн явдал боллоо гэж хүмүүс ам сайтай байгаа юм. “Сайны хажуугаар саар” гэгчээр Улаанбаатар төмөр замын хувьд 2014  оны эхний долоон сар алдагдалтай ажиллаж, дөнгөж өнгөрсөн наймдугаар сараас ашигтай ажиллаж байгаа зэрэг дутагдал, бэрхшээл их байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. 2004 оны 10-р сард Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын Хэрэг эрхлэх газар байгуулагдсан. Энэ шийдвэрийн үр дүнд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гүйцэтгэж ирсэн төрийн захиргаа, аж ахуйн үйл ажиллагааны чиг үүрэг зааглагдсан билээ. 2007 онд УИХ-аар хэлэлцэн баталсан “Төмөр замын тээврийн тухай” хууль нь төмөр замын салбарыг эрх зүй, эдийн засгийн шинэ орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Монголын төмөр замын ууган, цорын ганц байгууллага болж ирсэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг зах зээлийн жам ёсоор өрсөлдөөний дунд ажиллаж амьдрах зорилт энэ л үеэс дэвшигдсэн түүхтэй.  

1949 онд БНМАУ болон ЗХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн тухай гэрээ шинэчлэгдээгүй явсаар ирсэн нь олон талаараа УБТЗ-ыг үр ашигтай, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлого явуулахад саад тотгор болж байна.

Учир нь хоёр тал хувь тэнцүү хувьцаа эзэмшдэгээс улс төр бизнесийн салбарт өргөн хүрээтэй ажиллах санаачлага байвч Монголын тал асуудлыг ганцаарчлан шийдэх боломж байдаггүйгээс гуравдагч орнуудын хөрөнгө оруулалт,хамтын ажиллагааны саналыг хүлээн авах боломжгүй байж.

УБТЗ-нь үйл ажиллагааныхаа орлогоос олсон ашгаа тэгш  хуваадаг хамтарсан үйлдвэр учраас Монгол Улсын төсөвт татвар төлдөггүй нь энэ гэрээний гол онцлог бөгөөд үүнийг нь Монгол Улсад ашиггүй заалт гэж ойлгож болно.

Харин дээрх гэрээнд өөрчлөлт оруулсанаар Монгол Улсын төмөр замыг 2021 он хүртэл хөгжүүлэх бизнес төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гуравдагч орнууд болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй аль алинтай нь харилцан ашигтай гэрээ хэлцэл хийж төмөр замын хүчин чадлыг сайжруулах боломжтой болно.

Товчхондоо Монгол Улс байгалийн баялгаа олборлож, экспортод гаргаж үр ашигтай ажиллахад төмөр замын тээх, нэвтрүүлэх хүчин чадал болон найдвартай ажиллагааг хангахад зайлшгүй гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа өнөө үед Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн олон жилийн өмнөх хуучирсан  гэрээг өнөөдрийн нөхцөлд тохирохуйцаар өөрчлөн сайжруулах шаардлагатай. 60  гаруй жилийн өмнөх тэрхүү гэрээг өнөөдрийн нөхцөлд тохируулан өөрчилснөөр зах зээл, бизнесийн эрх зүйн орчинд зохицон ажиллах боломжийг төмөр замд олгоно. Ингэснээр Монгол Улс сайн хөгжсөн хамгийн орчин үеийн технологитой, Өрнө-Дорныг холбосон хамгийн өндөр үр ашигтай ,тээвэрлүүлэгч нарынхаа итгэл найдварыг бүрэн хангаж чадах хууль,бизнесийн орчин нь нээлттэй транзит төмөр замтай болж чадах билээ.

Д.Tүвшин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.