
Өнгөрсөн мягмар гарагийн өдөр Крымийн хойг дахь Новофедоровка тосгонд байрлах ОХУ-ын агаарын зэвсэгт хүчний баазад дараалсан хэд хэдэн дэлбэрэлт болж нэг хүн амиа алдсан тухай Ройтэрс агентлаг мэдээлж байна.
Оросын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр "Саки" агаарын бааз дахь зэвсэг хадгалах талбай дээр байсан зэр зэвсэг дэлбэрчээ. Урьдчилсан дүгнэлтээр дэлбэрэлт нь галын аюулгүй байдлын тухай журмыг зөрчсөнтэй холбоотойгоор гарсан, гадны нөлөөнөөс болсон гэх ямар ч үндэслэлгүй гэжээ.
Мөн дэлбэрэлтэнд агаарын бааз дээр байсан онгоцнууд өртөөгүй гэдгийн онцолжээ.
"Саки" агаарын бааз байрлах Сакс дүүрэгт иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлж байна. Новофедоровка тосгоноос хааш хаашаа 5 км бүслэлт тогтоож, хаалт байрлуулж, цагдаа нарыг эргүүлд гаргасан байна.
Украины зүгээс Новофедоровка дахь агаарын баазын дэлбэрэлтэнд Украины тал ямар ч хамааралгүй гэдгийг онцолж, Украины Батлан хамгаалахын яам дэлбэрэлт гарсан шалтгааныг одоог хүртэл тогтоогоогүй ч галын аюулгүй байдлын дүрэм журмыг ягштал биелүүлж байх ёстой гэдгийг сануулсан байна.
Нөгөө талаас The New York Times сонинд нэрээ нуусан эх сурвалж Оросын агаарйн баазын дэлбэрэлтийн ард Украины зэвсэгт хүчин зогсож байгаа хэмээн мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн хойг дахь Оросын агаарын баазад болсон дэлбэрэлтэнд Украины тал хамаатай эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч "Энэ дайн Крымээс эхэлсэн Крымд л дуусах ёстой." хэмээн онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.