
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон ОХУ-ын Украин дахь цэргийн ажиллагаа хэдийн эхэлсэн байж болзошгүй хэмээн Вашингтоны зүгээс мэдэгдсэнтэй санал нэгдэж байна гэжээ. Тэрээр Москва ямар ч үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх аргагүй үйлдэл гаргаж байна хэмээн үзэж байгаа аж.
Ерөнхий сайд С. Моррисоны хэлснээр ОХУ Украин руу довтлоход шаардлагатай техник хүчээ хэдийн бүрдүүлчихсэн ба зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Оросын танкууд болон цэргийн хүнд оврын машин техникууд босогчдын хяналтанд байгаа Донецк мужид ороод ирсэн байгаа аж. Тийм ч учраас ардчилсан улс орнууд авторитар улс орнууд "дураараа аашлах" явдлын эсрэг хамтдаа зогсох ёстой хэмээн Австралийн төрийн тэргүүн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Австрали улсйн зүгээс мөн адил ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тогтоохоор төлөвлөсөн ба хориг арга хэмжээ нь Оросын банкууд, тээвэр, эрчим хүч, газрын тос, байгалийн хий болон харилцаа холбооны салбаруудыг хамрах гэнэ.
Түүнчлэн Ерөнхий сайд Скотт Моррисон Австралийн цагаачлалын албанд Австрали руу зорчих хүсэлт илгээсэн украинчуудын визний хүсэлтүүдийн хариуг түргэн хугацаанд шийдвэрлэхийг үүрэг болгожээ.
Австралид нийт 38 мянга орчим украинчууд ажиллаж амьдарч байгаа бол Украинд Австралийн 1400 орчим иргэд байгаа аж.
Улс орнууд ОХУ-ын эсрэг ар араасаа хориг арга хэмжээ тогтоож байгаатай холбоотойгоор АНУ-д суугаа ОХУ-ын элчин сайд Анатолий Антонов ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнүүд нь зөвхөн Оросоор зогсохгүй дэлхийн эдийн засаг, эрчим хүчний салбарт ноцтой нөлөөлнө гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.