Ээж ээ, та ямар гоё билээ дээ! Гэтэл би тэгж гоё зурж чадахгүй шүү дээ...

Twitter Print
2023 оны 04-р сар 18-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Ажил дээрээ сууж байтал охины маань цэцэрлэгээс залгаад “Та охиноо эртхэн ирээд авчихгүй юу...“ гэв. Би сандран “Юу болоо вэ? Ника зүгээр үү?” гэвэл “Танай охин зүв зүгээр... харин тантай л нэг уулзаж ярилцах хэрэг байна...” хэмээн охины багш ихэд хүйтнээр хэлээд утсаа таслав.

Би гэдэг хүн ажилдаа төвлөрөх гэсэн боловч чадахгүй байсан тул чөлөө авч охиныхоо цэцэрлэг рүү харайлгалаа. Тэнд намайг нэг л хөндий хүлээн авч цэцэрлэгийн сэтгэл зүйч рүү явуулав. Сэтгэл зүйч намайг хараад шүүрс алдсанаа нэг зураг гаргаж ирээд “Манайх нэг тест явуулж, хүүхдүүдэд гэр бүлээ зурах даалгавар өгсөн юм. Бүгд л гэрийнхнээ зурсан... Зарим нь бүр хамаатнуудаа нэмж дүрсэлсэн байсан. Харин танай охин ийм юм зуржээ...” гээд над руу сарвайлаа.

Ника маань зураг зурах дургүй л дээ... Тэгээд ч тэр үү өөрийнхөө насанд бол тааруухан зурдаг юм. Ямар юм зурчихсан юм бол гээд харвал цаасны голд “зууван биетэй, зураасан хөлтэй” гурван хүн дүрс зурж, цагаан толгойн үсгүүдээ сурчихсан байсан тул доор нь “аав”, “Оля эмээ”, “би” гэж бичсэн байлаа. Гүйцээ.

“Та ойлгож байна уу?” гэж сэтгэл зүйч асууснаа “Охины тань амьдралд та алга байна. Огт байхгүй. Та амьдралд нь ер оролцдоггүй бололтой. Охины тань амьдралыг аав, эмээ хоёр нь л дүүргэдэг юм байна. Гэтэл түүнд бас ээж гэдэг хүн хэрэгтэй. Маш их! Тэр тусмаа та ямар өөр хотод ажилладаг биш..." гэж ирээд арваад минут хиртээ намайг “өрөмдөж” байснаа "Охиндоо хандах хандлагаа даруйхан өөрчил" хэмээн лүндэн буулгав.

Уулзалтын дараа би охиноо аваад харилаа. Гэртээ харих замдаа охин элдвийн юм шулганаад л... харин би гэдэг хүн ус балгасан юм шиг л явав. “Юу болох нь энэ вэ? Муу охинтойгоо анх төрсөн цагаас нь хамт байгаа юм сан... Хүсэн байж гаргасан, аминаасаа илүү хайртай... Байнга ном уншиж өгдөг, ийш тийш дагуулж явдаг. Гэрийнхээ ажлыг ч хамт хийж, нохойгоо хүртэл хамт салхилуулдаг. Охин маань их эелдэг, хөөрхөн ааштай хүүхэд. Гэтэл яагаад ийм юм болчихдог байна? гэх бодол толгойд ар араасаа хөвөрч байв.

Сүүлдээ би тэсэхээ байгаад охинтойгоо ярилцахаар шийдэж биеэ барихыг ихэд хичээн маш тайвнаар “Никуш... Оксана Валерьевна та хоёр нэг зураг зурсан байсан...“ гэвэл охин өөдөөс “Аа тийм” гэж байна. “Чи яагаад өөрөөсөө гадна аав, эмээ хоёроо зурчхаад намайг үлдээчихсэн юм бэ?” гэж асуувал охин “Ээж ээ, та ямар гоё билээ дээ! Гэтэл би тэгж гоё зурж чадахгүй шүү дээ!” гэдэг байгаа...

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.