АНУ коронавирусын халдварын эсрэг авах арга хэмжээнүүдээ эрчимжүүлнэ

Twitter Print
2021 оны 01-р сар 22-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Жр Байден коронавирусын цар тахлын эсрэг авах арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх зорилгоор хэд хэдэн тушаалд гарын үсгээ зуржээ.

Тэрээр коронавирусын шинжилгээ болон коронавирусын эсрэг вакцинд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэх, халдвар хамгааллын хэрэгслүүд тэр дундаа амны хаалтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг даалгасан байна. Ерөнхийлөгч Жо Байдений мэдэгдсэнээр коронавирусын цар тахлыг ялахад олон сарын хугацаа шаардлагатай ба иргэд нэгдэж чадсанаар АНУ цар тахлыг давж чадах аж. Ерөнхийлөгч асан Доналд Трампын коронавирусын цар тахалтай тэмцэх бодлоготой харьцуулахад Ерөнхийлөгч Жо Байден улс даяараа дагах нэгдмэл нэг стратегийг боловсруулжээ.

АНУ-д коронавирусын халдвар авсан 24.5 сая тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын улмаас 406 мянга гаруй хүн нас бараад байгаа юм. Коронавирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо Дэлхийн 2-р дайны үед амь үрэгдсэн нийт америкчуудын тоог даваад байгааг Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ онцолсон билээ. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден ирэх сар гэхэд коронавирусын улмаас нас барсан иргэдийн тоо 500 мянгыг давах төлөвтэй байгааг анхааруулжээ. Түүний хэлж байгаагаар бүх зүйл сайн сайхан болохоос өмнө нөхцөл байдал илүү хүндрэх гэнэ. Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон эхний 100 өдрийн дотор 100 сая тун вакцин хийх төлөвлөгөө нь АНУ-ын хувьд хамгийн том даваа болох гэнэ. АНУ-ын Төрийн тэргүүн коронавирусын цар тахлын эсрэг авах арга хэмжээнд ямар нэг алдаа дутагдал гарсан тохиолдолд бүгдийг ил тод зарлана хэмээн мэдэгдэж, эрдэмтдэд улс төрийн оролцоогүйгээр ажиллах боломж олгоно гэдгийг амлажээ. Цагаан ордны Эрүүл мэндийн ахлах зөвлөх Энтони Фаучи Жо Байдений засгийн газар шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байгаад сайшаалтай хандаж буйгаа илэрхийлжээ.

Biden Signs Burst of Virus Orders, Vows 'Help Is on the Way' – NBC10  Philadelphia

Түүний мэдэгдсэнээр ирэх зуныг дуусах үед АНУ-ын хүн амын 70-85 хувь нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан тохиолдолд намраас иргэд хэвийн амьдралдаа эргэн орж болох гэнэ. Нөгөөтэйгүүр тэрээр коронавирусын эсрэг вакцинд эргэлзэж буй иргэдийг хэрхэн вакцинд хамруулах талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлж байгаагаар өнөөдрийн байдлаар АНУ-д 16.5 сая тун коронавирусын эсрэг вакцин хийгдээд байгаа ба эрх баригчид вакцин үйлдвэрлэгч компаниудтай вакцины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай ярилцаж байгаа гэнэ. Ерөнхийлөгч Жо Байден эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон халдвар авах өндөр эрсдэлтэй иргэдийг хамгаалахын тулд засгийн газрын зүгээс түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон ба 100 өдрийн дотор сургуулиудын үйл ажиллагааг эхлүүлж, цэнгэлдэх хүрээлэнгүүд болон нийтийн төвүүдийг вакцины түр төв болгох зорилго тавьжээ.

АНУ-д гадаадын улс орноос ирсэн иргэд коронавирусын шинжилгээнд хамрагдсан байх ёстой ба 14 хоног өөрийгөө тусгаарлах шаардлагатай аж. Түүнчлэн амны хаалтыг төрийн бүх албан байгууллагуудаас гадна онгоц, галт тэрэг, автобус зэрэг нийтийн тээвэрт зайлшгүй зүүх журмыг баталжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.