Шинэ он юу авч ирдэг вэ

Twitter Print
2019 оны 12-р сар 31-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

Тун удахгүй үдэх гэж буй шинэ он бидний амьдралд олон өөрчлөлтүүдийг авч иржээ.

"Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс учирдаг" энэ тавиланд зөндөө олон хүмүүстэй уулзаж учран сэтгэлийн цэнгэлийг эдлэв. Ямар сайхан хүмүүс энэ орчлонд бидэнтэй хамтдаа амьдарч, ажиллаж байгаа гээч. Зөндөө олон уран бүтээлүүдэд сэтгэлийн зүг адил, зорилго адил, урам итгэл төстэй хүмүүстэй хамтран ажиллаж, хүмүүсийн сэтгэлд бага ч атугай гал итгэл өгөх гэж хичээв. Хийж бүтээснийхээ ард баяр бахадлаар давалгаасан урмыг мэдэрлээ.

Үүнээс сайхан нь юу байх гэж? Заримдаа урам хугарч ганцаардах үе байсан хэдий ч, сошиал ертөнцийн олон сайхан анд нөхдийн сэтгэлийн гэрэл гэгээнд дулаацаж, нөхөрлөл итгэлцэлд орон зайн хязгаар үгүйг мэдрэв. Ийм том бас гэгээлэг орон зай хаана байна гэж? Зөндөө сайхан хүмүүсийн хайр, халамжийг мэдрэхдээ амьдрал гэдэг чинь ямар сайхан мөчүүд болохыг, хайр гэдэг хүний сэтгэлд ямар аугаа орон зай эзэлдгийг мэдрэв. Түүн шиг гайхамшиг нь хаана бий гэж?

Та ч гэсэн удахгүй ирэх шинэ оны тухай санааширч суугааг тань мэдэж байнаа. Хуучирч хяхатнасан хаалгыг хааж, урд тань цоо шинээр гялалзан харагдах хаалгыг ширтэн суугааг тань харж байнаа. Их том итгэл найдвар сэтгэлд тань урсаж, зүгээр л санаашралд тань инээмсэглэл сүлсэн мөрөөдөл хөвж, юу ч гэж төсөөлж боломгүй тийм л гэгээн сайхан алсыг төсөөлж суугаа. Гэхдээ байна шүү дээ. Компьютерийнхээ ард суугаад мөнгөний бас бэлэгдлийн мод, могойн зураг шейрлээд баяжихгүй ээ, хөдөлмөрлөж зүтгэж байж хангалуун амьдардаг юм.

Ном уншуулж, хийморийн сан тавиулж, бусдад мөнгө төлөн хувь заяагаа даатгаад ажил үйлс бүтдэггүй юмаа, боломжоо мэдэрч, эрсдлээ тооцож, өөртөө итгэн зүтгэж байж амжилт руу дөхөж очдог юм. Хэн нэгэнд атаархан хорсож, хэн нэгнээс "хариугаа авах" гэж сэтгэлдээ муу бүхнийг бугшуулан байж бусдаас илүү гардаггүй юмаа, алив бүхэнд ууч сэтгэлээр хандаж, хүн болгоныг байгаагаар нь ойлгон үнэн мөнийг эрхэмлэн байж бусадтай мөр зэрэгцэн явдаг юм.

Холбоотой Зураг

Улиран одож, учран золгож буй шинэ он болгон бидний амьдралд ухаарлыг авчирч өгдөг. Нас нэмж бялуун дээрх лааг үлээх тоолондоо өөрийгөө "хэн бэ?" гэж өөрөөсөө асууж бай. Өөрийгөө таних гэдэг бусдыг зөв ухаанаар танихын эхлэл болдог юм. Өнгөрсөн хэцүү бэрх бүхнийг сэтгэлдээ бугшуулан шаналж, нуруугаа бөгтийлгэн шантрахгүйгээр мөрөө цэхлэн цээжээ өргөн ирээдүйгээ бардам харж бай. Хүн болгонд алдаа байдаг хэдий ч түүнийгээ оноо болгон хувиргаж байж гэмээ нь хүчирхэг болох эхлэлээ тавьдаг юм. Өөрт чинь өгч буй бусдын хайр халамжийг сэтгэлээ дэлгэн тосч авч бай. Сэтгэлээс урсч буй хайр бүхэнд хир байдаггүй юм.

Өөрт чинь боломж олддог л юм бол өрөөл бусдад туслахаас бүү татгалзаж бай. Өгсөх замд учирсан хүмүүс уруудах замд чинь заавал таардаг юм, магадгүй бүдэрч хазайхад чинь түших байх. Амьдрал гэдэг чин аугаа мөртлөө энгийн хэмнэл. Нүүдлийн шувууд шиг ирээд буцдаг энэ орчлонд өөрөө сэтгэлийн амар амгаланг эдэлж, өрөөл бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж байхаас илүү утга учир юусан билээ. Энэ бүхний дэргэд шунаад байгаа мөнгө тань юу юм бэ?

ТА НАРТАА ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЖ, СЭТГЭЛИЙН АМАР АМГАЛАНГ ЕРӨӨЕ.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.