Сорви /Богино өгүүллэг/

Twitter Print
2021 оны 03-р сар 21-нд 18:35 цагт
Мэдээний зураг,

Би ээжийнхээ нүүр царайг харахаар үнэхээр дургүй хүрдэг байлаа. Учир нь ээжийн минь нүүрний тал хэсэгт томоос том түлэнхийний сорви байдаг болохоор тэр л дээ.

Хүний хүүхдүүдийн ээж нар хөөрхөн гоё ганган байхад ээжийн минь нүүр яагаад ийм юм бол, яагаад надад ийм муухай царайтай ээж байдаг юм болоо гэж томоогүй насны хачин бодлоор өөртөөгөө ярьдаг байлаа. Ээжээсээ ичнэ. Урд нь юм уу? хойно нь гарч явна. Эсвэл түрүүлээд гүйгээд харьчихна. Ийм л тэнэг байж. Нэгэн удаагийн явдлаас хойш энэ бүхэн өөрчлөгдсөн юм. Оройн цахилгаан тэрэгний дуу намсаж, Токиогийн оволзсон амьдрал арай хийж түр амсхийлээ.

Өрөөнд Мэгүми охин их л хичээнгүйлэн ямар нэгэн юм хийж байгаа харагдана. Маргааш орох газарзүйн хичээлд Айчи нутгийн тухай зурж бэлтгэж, ангийнхандаа танилцуулах даалгавартай тэрээр шөнө орой болохыг ч анзааралгүй сууна. Мэгүми чян аав ээжээсээ асууж сонин сэтгүүл эргүүлж,зурж эвлүүлж жижиг бяцхан номоо арай хийж дуусгав. Радиогоор өглөөний тайсоо/дасгал/эхэлхэд Мэгүми охин ухасхийн босч цайгаа ч уулгүй яаран сургууль руугаа гүйлээ.Оройтож боссон болохоор яарч сандарч хам хум гэрээсээ гарсан учир номоо авахаа мартжээ. Одоо яах вэ ? Тав дугаар цаг газарзүйн хичээл болохоор 4 дүгээр цагийн хичээлийн дараа, үдийн хоолны үеэр гэр рүүгээ явдаг юм билүү .. багш юу гэх болоо ...? гэж Мэгүми охин дотроо гэрэвшин бодож багшдаа хэлэв.

Гэтэл багш:

.... Мэгүми сан ээж чинь үүдэнд ирчихээд чамайг хүлээж байна. Эхлээд ээжтэйгээ уулзаад ир дэt гэв. Хар хурдаараа гүйж шатаар буун үүдэнд очиход ээж минь гартаа хичээлийн даалгавар болох бяцхан номыг минь барьчихсан харагдлаа.

... Та яах гэж ирээв. Би үдийн амралтаар очоод авчих байсан юм.

.... Мэгүми өчигдөр орой их хичээж хийж байсан болохоор ээж нь тэвчсэнгүй аваад ирлээ хэмээв.

... Мангас шиг царайтай байж битгий сургууль дээр ирээд бай л да. Хурдан буц мангар ээж ...гэж хэлээд шувт татан булааж аваад Мэгүми чян анги руугаа гүйн одов.

Бусад хүүхдүүд ээжийн минь царай ийм муухай гэдгийг мэдчихвэл яанаа гэж дотроо бодож уур хүрч байлаа. Тэр өдрийн оройн хоолны дараа аав өрөөндөө дуудлаа. Өдөр болсон зүйлээс болж аав уурлаж, намайг загнах гэж байгаа байх даа гэж бодов. Гэтэл аав маань уурлаж элдэв зан гаргасангүй. Намуухан зөөлнөөр яриагаа эхэллээ.

... Миний охин наашаа суу. Ээжийнхээ түлэнхий царайнаас болоод хүүхдүүдээс ичиж байгааг аав нь ойлгож байна аа. Гэхдээ үнэндээ ээж чинь их гавьяа байгуулсан хүн юм шүү дээ. Тээр жил чамайг төрөөд 3 сар болж байхад хажуу айлын байшинд түймэр гарсан юм. Түймэр салхиар туугдан даамжирч улам хурдан тархаж байлаа. Чамайг хоёр давхарт унтуулчихаад хажуу айлын түймрийг унтраалцаж байх хооронд манай байшин руу ч гал нэвтрэн орсон юм. Ээж чинь сандран орилж, гал дундуур гүйн орж, утаан дотор амь тэмцэн чарлаж буй чамайг энгэртээ тэврэн гарч ирсэн юм охин минь. Тэр үед ээжийн чинь бие их хэмжээний түлэгдэж ухаангүй шахам эмнэлэгт хүргэгдэж билээ.

Өөрийгөө золиослон байж чамайг аварсан ээжийгээ миний охин ойлгоорой. Тэр сорви бол түймрээс үлдсэн эдгэшгүй амьдралын үнэн баримт юм шүү. Нулимс цийлэгнэн нүднээ бүрхэж өөрийн эрхгүй гал тогоонд зогсож буй ээж рүүгээ гүйлээ. Ээжээ уучлаарай ...... уучлаарай.. хэмээн дахин дахин хэлэхэд ээж минь намайг аргадан тэвэрч авлаа. Тэр явдлаас хойш ээжээсээ ичэхээ больсон юм даа. Ээжийнхээ нүүрэн дээрхи тэр сорвийг хараад харин ч их бахархдаг болсон. Өдөр бүр ээжийнхээ соривыг харж, өдөр бүр бахархаж амьдрах.

Тиймээ тэр том түлэнхийний сорви манай гэр бүлийг аварч хамгаалсан юм шиг санагддаг юм шүү. Ээжийгээ муухай гэж гомдоож байснаа бодохоор би одоо ч шаналж, дотороо өөрийгөө зэмлэж явдаг билээ.

Н.Базарсүрэн

/freelance journalist/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.