Хориг арга хэмжээ хэтэрвэл Оросууд агаарын хилээ хаана

Twitter Print
2014 оны 09-р сар 09-нд 07:32 цагт
Мэдээний зураг,

Европын холбооноос олон улсын хөрөнгийн зах зээлээс зээл авах боломжгүй болох Оросын компаниудын тоог нэмэгдүүлэхээр ээлжит хориг арга хэмжээнд тусгах гэж байна. Америкийн “The Wall Street” сонинд мэдээлснээр, хориг арга хэмжээ авах компаниудын жагсаалтад Оросын төрийн мэдлийн гурван гол компани болох «Газпром нефть», «Транснефть» болон «Роснефть» орно. Эдгээр компанид ЕХ-ноос 30-аас дээш хоногийн хугацаатай зээл авахыг хориглож байгаа аж.

Одоогийн байдлаар Оросын таван банк Европын зээл олгогч байгууллагуудтай 90 хүртэл хоногийн хугацаанд хамтран ажиллах боломжтой байсныг 30 хоног болгож багасгах ажээ.

Түүнээс гадна, батлан хамгаалахын салбарын “Оборонпром”, Нисэх онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпораци болон "Уралвагонзавод" зэрэг компанид ЕХ-ны орнуудаас зээл авахыг хориглоно. Мөн Оросын цэргийнхэнд үйлчилгээ үзүүлдэг есөн компанийн үйл ажиллагааг хязгаарлана.

Хориг арга хэмжээний хүрээнд мөн Арктикт усны гүнд хайгуул хийх болон нефть олборлох, түүнчлэн занарын нефть олборлох төсөлд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх шинэ гэрээ байгуулахыг хориглосон байна.

ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авахыг ЕХ зөвшөөрсөн боловч батлахаа энэ сарын 8 буюу даваа гараг хүртэл хойшлуулсан байсан. Харин одор Оросын тал түр эвлэрэх гэрээг мөрдөж байгаа эсэх, мөн Оросоос Украинд явуулж буй бодлогоос хамаарч хориг арга хэмжээ авах шийдвэрийг гаргах ажээ. Хэрэв босогчид болон Киевийн эрх баригчдын хооронд байгуулсан түр эвлэрэх гэрээг Украинд хэрэгжүүлбэл ЕХ ОХУ-д нэмж хориг арга хэмжээ авах шийдвэрийг “эргэн авч үзэхэд бэлэн байна” гэж Европын Зөвлөлийн дарга Херман ван Ромпей ням гарагт мэдэгджээ.

Харин Европын Холбооноос ОХУ-ын эсрэг цаашид хориг арга хэмжээгээ чангатгавал Өрнөдийн улс орнуудад агаарын орон зайг хааж магадгүй гэж Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев анхаарууллаа.

Хэрвээ ЕХ манай улсын эрчим хүч болон санхүүгийн салбарт нэмж хориг арга хэмжээ авбал Засгийн газар хариу арга хэмжээ авна гэж Оросын бизнесийн өдөр тутмын сонинд Медведев ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тээврийн салбарт хариу арга хэмжээ авах боломжтой эсэхийг Засгийн газар хэлэлцсэн гэж тэрбээр хэлсэн байна.

“Хэрвээ Европ болон АНУ-ын нисэх онгоцууд Оросын дээгүүр нисэж чадахгүй болбол иргэний агаарын тээврийн олон компани дампуурна” гэж тэрээр нэмж хэлжээ.

Оросын санхүү, батлан хамгаалахын зэрэг салбарт нэмж хориг арга хэмжээ авах эсэхээ ЕХ-ны гишүүн улсууд өнөөдөр шийдэх гэж байгаа энэ үед Медведев ингэж анхаарууллаа.

Хамгийн богино зайтай учраас Европын агаарын тээврийн томоохон компаниуд Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсыг Европтой холбохдоо Сибирийн дээгүүрх замыг ашигладаг билээ.

Хэрвээ ОХУ агаарын шугамаа хаавал агаарын тээврийн компаниуд илүү урт замыг сонгохоос өөр аргагүй болно. Үүний уршгаар нислэгийн хугацаа уртсаж, өртөг нэмэгдэх юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.