
Эрт урьдын цагт нэгэн уулын энгэрт байх жижигхэн тосгонд эмгэн өвгөн хоёр амьдран суудаг байжээ. Өвгөн нь ууланд мод бэлтгэн, түүгээрээ модны нүүрс хийж ойролцоох тосгонд худалдаж гэр бүлээ тэжээдэг байжээ.
Гэвч өвгөний нас өндөр болсон тул энэ ажлаа хийхэд тун хүнд болжээ. “Нуруу минь бөгтийж, хараа минь улам л муудаж байна даа. Удахгүй ажлаа хийж чадахаа болих нь дээ” гэж өвгөн бодох болов.
Нэгэн өдөр өвгөн шуудайтай нүүрсээ үүрэн уул руу арайхийн өгсөж явав. Маш халуун өдөр байсан тул өвгөний ам жигтэйхэн их цангана. Гэнэт өвгөн зам дагуу байх том хадны завсраар тув тунгалаг ус урсаж байхыг харан зогтусав.
“Ээ, гялай” гэж баярлан хүйтэн уснаас хэд залгилав. Үнэхээрийн амттай ус байсан бөгөөд уух төдийд хамаг бие нь сэргээд хүч ороод ирэх шиг санагджээ.
Ингээд уул даван гэртээ ирээд, “Би ирлээ” хэмээн эмгэндээ хэлэв. Эмгэн “Хариад ирэв үү, эрт ирлээ шүү өнөөдөр...” гээд өвгөн рүүгээ харснаа нүд нь орой дээрээ гартал гайхав. Олон жил ханилсан өвгөн нь анх танилцаж байсан үеийнх шигээ залуухан болсон байв. “Зүүдлээд байна уу даа?” хэмээн эмгэн нүдэндээ итгэж ядан хэлэхэд, өвгөн өөрийгөө залуужсанаа ойлголоо.
“Залуужуулах шидтэй ус гэж сонсож байсан, арай миний уусан ус тийм шидтэй байсан юм биш биз дээ” хэмээн эргэлзэв. Тэгээд өвгөн замд тааралдсан усны талаар эмгэндээ ярьж өгөв. Үүнийг сонссон эмгэн, “Тийм ус байгаа бол би ч гэсэн очиж ууя” гэж шийдээд, дараагийн өдөр ууланд гарахаар явжээ.
Харин өвгөн, эмгэнээ урьдын адил царайлаг залуухан бүсгүй болоод ирэхийг тэсэж ядан хүлээн суув. Үд өнгөрч бүр орой ч болов. Гэтэл эмгэн ирсэнгүй. Өвгөн санаа зовон тосгоны хүмүүстэйгээ хамт эмгэнээ хайхаар ууланд очтол ойр хавьд ямар ч хүн байсангүй. “Эмгэн маань үнэг болоод хувирчхаагүй байгаа? Уулын савдаг аваад явчхаагүй байгаа?” хэмээн ихэд санаа зовов.
Харин яг тэр үед хажууханд байх бутны дундаас нэгэн бяцхан охин уйлан гарч ирэв. Тэр хүүхэд өвгөнд ойртон ирэхэд өмссөн хувцсыг нь хараад эмгэнээ гэж танив. “Ээ харал аа, шидэт уснаас хэтэрхий их уугаад нялх хүүхэд болсон байна шүү дээ” хэмээн өвгөн халаглаж, хүүхэд болсон эмгэнээ дагуулан гэртээ харив.