МҮОНРТ-ийнхэн Ч.Даваабаярыг тав хоногт багтаан ажлаа өгөхийг шаарджээ

Twitter Print
2013 оны 11-р сар 19-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

МҮОНРТ-ийн хэсэг ажилтан өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон ерөнхий захирал М.Наранбаатар нартаа “МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлын тав хоногт багтаан албан тушаалаас нь чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт хүргүүлсэн. 

Харин ажилтнуудын зүгээс захирал Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй тул цаашид хамтран ажиллаж чадахгүй хэмээн тус телевизийн хэсэг уран бүтээлчид огцруулахыг хүссэн өргөдөл гаргажээ. Тэгвэл тэдний энэ хүсэлтийг тав хоногийн дотор шийдвэрлэж өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих буюу ажил хаяна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Ч.Даваабаярыг огцруулахыг хүссэн өргөдөлд "Уг асуудлыг ажлын тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол байгууллагын нэр хүнд хийгээд хамт олны эрх ашгийн үүднээс тэмцэх болно" гэжээ.

Анхнаасаа манай хамт олон төдийгүй олон түмний  мэдэх “ETV-д хувь эзэмшдэг Ч.Даваабаяр” гэх тодотголтой энэ хүн МҮОНРТ-ийн захирлын албан тушаалд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн аль цоорхойгоор нь морилж суусныг та бүхэн мэдэх биз. Удирдан зохион байгуулан анхан шатны мэдлэггүй, хамт олны үг тоомсорлодог, уран бүтээл хэмээх үндсэн зорилгоо ойлгож амжаагүй, /нэг жил гаруй хугацаанд/ болосвролын түвшин тодорхойгүй энэ хүнтэй цаашид хамтарч ажиллах боломжгүй гэлээ.

Хамт олон тэр тусмаа уран бүтээлчид бид Ч.Даваабаярыг МҮОНТ- ээр овоглох эрх бүхий хүн БИШ ЭЭ гэдгийг  дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1. Ч.Даваабаяр  эрх ашгийн том зөрчилтэй. / Монгол Улсын Сонирхлын зөрчлийн хуулийн 3.1.2 болон 3.1.3 дахь заалт/

• “Имержмедиа” группыг эзэмшдэг бөгөөд “Инфо ТВ” сэтгүүл, “Үдшийн шивнээ” сэтгүүл, “ТВ суваг” сонин, “Hot news” сэтгүүл, “Их Монгол” FM 99.7, noyon.mn зэрэг хэвлэл мэдээллийн компаниуд багтдаг.

• Түүний үүсгэн байгуулсан тус телевизийн 80 хувийг эхнэр н. Мөнхжаргалын нэр дээрх “Билэгт-Дөлгөөн ХХК” эзэмшдэг.

• “Өглөө” хөтөлбөрөөр бүтэн сарын турш 1950 лавлахыг сурталчилахыг үүрэгдэж, өдөр бүр шторкоо явуулсан байна.

• 2013 оны 03 дугаар сард ETV-д ашиглаж байсан 2 камерыг “Миний хувийн юм шүү” хэмээн тодотгон авч ирэн Спортын мэдээ, “Өглөө” хөтөлбөрт өгсөн. Камерын үнэ мөнгийг хэрхэн буцааж авсан нь тодорхойгүй.

• Мөн 2013 оны Улсын их баяр наадмаар ажиллаж буй уран бүтээлчдэд хоол өгөх нэрээр “Ноён зууч пицца” компанийн 3 сая төгрөгийн өртөг бүхий шарсан тахиаг авч ирэн тараасан. Тэр компанид төлбөрөө хэрхэн барагдуулсан нь мөн тодорхойгүй.

• Тус телевизийн зохион байгуулсан БНСУ-ын хамтлагуудын тоглолтын билетийг маш олноор тараасан нь эдийн засгийн хувьд эрх мэдэлтэй  гэдгийг баталж байна. /багаар бодоход 10 гаруй сая төгрөгний билет тараасан/

• УБЕ -0004 улсын дугаар бүхий Lexus-570 маркийн  автомашин нь  ETV телевизийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд энэ машинаа МҮОНТ-ийн өдөр тутмын албан хэрэгцээнд ашигладаг.

• MCS группын маркетингийн удирдлагуудтай МҮОНТ-ийн захирлын өрөөнд уулзалт хийхдээ ETV телевизтэй хамтран ажиллахыг санал болгосныг албаны эх сурвалж мэдээлж байна.

• Ч.Даваабаяр нь 2013 оны 01 сард “Баянчандмань милк” ХХК-тай дур мэдэн бартерийн гэрээ байгуулан арилжааны зар сурталчилгааг өдөрт 4 удаагийн давтамжтайгаар 28 хоног цацаж, тус компанийн бүтээгдэхүүн болох 200 граммын савлагаатай 750 ширхэг тарагийг ажилтан тус бүрт нэг ширхэгийг тараасан. Энэхүү үйлдэл нь 7 сая гаруй төгрөгний зөрчил болохыг санхүүгийн шалгалтаар тогтоосон. Үүнийг МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ч.Даваабаярт сануулах арга хэмжээ авч байсан болно.
 
2. МҮОНТ бол  Ч.Даваабаярын хувийн телевиз биш....

• Ч.Даваабаяр бол харилцааны соёлгүй, уран бүтээлийн тухай наад захын ойлголтгүй, байгууллагын нэр хүндийг эрхэмлэдэггүй зөвхөн хардах - Хамтарч ажилласан хийгээд нэвтрүүлэгт орсон зочдын нэрс, утсыг өгөхийг шаарддаг, дарамтлах - надтай сайн байвал чиний хувьд асуудалгүй хэмээн итгүүлэхийг оролддог, хамт олныг хагалан бутаргах арга барилаар ажил явуулах гэж оролдох нь уран бүтээлчид бидэнд дарамттай  байна. Монголын ард түмний бахархал болсон нэртэй, авъяастай уран бүтээлчдийг нэг нэгээр нь өрөөндөө дуудаж дарамтлах, үгийн солиогүй шүдээ чигчийлэх эсвэл утсаа оролдон суух захирлыг харсаар тэвчээр алдарлаа.

МҮОНТ-ийн хамт олон, уран бүтээлч сэтгэлгээтэй хүнийг ямагт дэмжиж ирсэн бөгөөд түүний нэгэн ойрын жишээ бол өмнөх захирал Ц.Оюундарьтай хамтран ажиллаж ирсэн үе юм. Ц.Оюундарь захирлын ажиллаж байсан богино хугацаанд уран бүтээлийн олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, уран бүтээлч уур амьсгал бүрдүүлж ирснийг одоо ч МҮОНТ-ийн сэтгүүлч, уран бүтээлчид талархан ярьдаг. Ч.Даваабаярт энэ сэдэл нэгээхэн ч байсангүйд харамсаж байна.

• Арилжааны телевизийн захирлаар ажиллаж ирсэн "арга барил"-аас нь болоод өнөөдөр үзэгчдэд хэрэгцээгүй хурал зөвлөгөөнийг шууд дамжуулдаг, эсвэл нэгэнт зарлагдсан хөтөлбөр, батлагдсан сүлжээг эвдэн захиалгат нэвтрүүлгүүдийг оруулж байгаа нь МҮОНТ-ийг бодлогогүй, долигонуур телевиз болгож орхисныг олон нийт нэгэнтээ бидэнд илэн далангүй хэлдэг болсон.  

• Хараат бус зарим ажиглагчид энэ захирлыг томилогдох цагаас л "ашиг сонирхлын зөрчлийнх" нь тухай бичиж, буруушааж ирсэн. Ер нь түүний энэ албан тушаалд томилогдсон нь манай байгууллага бол улс төрийн томилгооны нэг субъект төдийгүй Үндэсний Зөвлөл үүнтэй нэгэнт эвлэрсэн гэж олон нийт үздэг нь нууц биш билээ.

• Энэ нөхөр манай телевизийг өөрийгөө сурталчилах боломж гэж хардаг. Захирал болсноосоо хойш долоо хоног алгасалгүй зурагтаар гарсныг уран бүтээлчид бид хийгээд үзэгчид “гэрчилнэ”.

• Саяхан Сүхбаатар аймагт ажилласан МҮОНРТ-ийн багийг Ч.Даваабаяр ахалж явсан бөгөөд энэ үеэр ноцтой осол аваар гарч хүний амь нас эрсдэх дөхсөн. Хэрэв МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, Ерөнхий захирал шуурхай арга хэмжээ аваагүй бол эгзэгтэй нөхцөл байдал үүсэх байлаа. Ер нь энэ аялалд оролцож ажилласан уран бүтээлчид МҮОНТ-ийн захирал харилцааны ямар ч  ёс зүйгүй, удирдан зохион байгуулах чадваргүй болохыг бүгд мэдэрсэн.   

3. Ахан дүүс, танилын хүрээнд боловсон хүчний “шинэчлэлийг” шийддэг.
    
Уран бүтээл бол хүний сэтгэлээс гарч, сэтгэлд хүрдэг ариун нандин зүйл. Уран бүтээлийн ийм байгууллагад цагаан дээр хараар бичсэн төрийн хуулиас гадна хүн хүнээ хүндэтгэн хайрлах бичигдээгүй хууль мартагдаад нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн төлөөлөл болж МҮОНРТ хэмээх их айлын галыг маналцаж яваа Үндэсний зөвлөлийн эрхэм гишүүд та бүхэн  “ухна, ишигний зовлонг ойлгохгүй” гэсэн зүйр үгийг бодолцон, сонирхлын зөрчлийн хууль хийгээд одоо хэрэгжиж буй бусад хууль журмаа эргэн харж, Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Уг асуудлыг ажлын тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол байгууллагын нэр хүнд хийгээд хамт олны эрх ашгийн үүднээс тэмцэх болно.  

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.126.89.251) 2013-11-19 14:26
      • 0
      • 0

      Олон нийтийн телевиз радиогийнхан гэж баахан хий цалин авч архи уусан хүмүүс байдаг юм биш үү. Зах зээлийнхээ журмаар хийснээ үнэлүүлээд цалингаа аваад явахад юу нь болохгүй байгаа юм бэ?

      Хариулах