Вашингтон Өмнөд Африкийг ОХУ-д зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгажээ

Twitter Print
2023 оны 05-р сар 12-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад суугаа АНУ-ын элчин сайд Рубен Брижети Өмнөд Африк улс Украинд болж байгаа дайны тал дээр дундыг баримталж байгаа гэж мэдэгдсэн хэрнээ ОХУ-д зэр зэвсэг нийлүүлсэн хэмээн буруутгажээ.

BBC агентлагийн мэдээлж байгаагаар Рубен Брижети Претория хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Өмнөд Африк ОХУ-д зэр зэвсэг нийлүүлсэн гэх хангалттай үндэслэл байгаа гэжээ. Тэрээр, "2022 оны 12-р сарын 6-наас 8-ны хооронд Саймонстаунд байсан оросын ачааны Lady R хөлөг онгоц нь ОХУ-д буцаж очихдоо зэр зэвсэг тээвэрлэсэн байсан." хэмээн мэдэгджээ.

Кейптаун хоттой ойр байрлах Саймонстаунп Өмнөд Африкийн Тэнгисийн цэргийн хүчний бааз байрладаг ба Франс Пресс агентлагийн мэдээлснээр Lady R хөлөг онгоц нь барууны хоригт багтсан онгоц аж. Өмнөд Африкийн парламентын чуулган дээр тус улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса АНУ-ын элчин сайдын мэдэгдэлд удахгүй хариу өгнө хэмээн мэдэгдсэн байна.

Удалгүй Ерөнхийлөгчийн тамгын газраас албан ёсны мэдэгдэл гаргасан ба уг мэдэгдэлд ОХУ-ын Lady R хөлөг онгоц Саймонстауны боомтод байрлах нь нууц байгаагүй, тухайн үед тус хөлөг онгоцтой холбоотой олон янзын мэдээ мэдээлэл гарсан ч хэн ч ямар ч баримт нотолгоо гаргаж ирж чадаагүй гэжээ.

Түүнчлэн Өмнөд Африкийн засгийн газар уг асуудлыг шалгахыг өмнө нь шүүгчээр ажиллаж байсан хүнээр ахлуулсан хараат бус багт даалгажээ. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Төрийн департамент Рубен Брижетигийн мэдэгдэлтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

Хоригт багтсан ОХУ-ын хөлөг онгоц Өмнөд Африкийн боомтод ож, зогссон явдалд Вашингтон сэтгэл ихэд зовниж байгаа тухай Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Ведант Патель мэдэгджээ.

Рубен Брижети өнгөрсөн 2-р сард Өмнөд Африк ОХУ болон БНХАУ-ын цэргийн хээрийн хамтарсан сургуулилт хийсэн явдлыг онцолсон аж. НҮБ-ын чуулганы үеэр Өмнөд Африк ОХУ-ын Украин руу довтолсон явдлыг буруушаасан тогтоолын эсрэг санал өгөхөөс татгалзсаар ирсэн ба ОХУ-ын эсрэг барууны орнуудын тогтоох хоригт нэгдэхээс мөн татгалзсан юм.

Өмнөд Африкийн Sunday Times сонинд бичсэнээр Өмнөд Африкийн эрх баригчид ирэх 8-р сард тус улсад болох БРИКС-ийн ээлжит чуулган уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинг оролцуулахгүй байх арга зам хайж байгаа тухай бичжээ.

Өмнөд Африк нь Олон Улсын Эрүүгийн шүүхийн гишүүн улс бөгөөд ОУЭШ ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинг дайны гэмт хэрэгтэй холбогдуулан баривчлах шийдвэр гаргасан билээ.

ОУЭШ-ийн гишүүн орны хувиар Өмнөд Африкийн зүгээс Оросын төрийн тэргүүнийг баривчилж, ОУЭШ-д хүлээлгэж өгөх үүрэг хүлээх аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.