Альфа болон Дельта хувилбарууд ба вакцины үр нөлөө

Twitter Print
2021 оны 08-р сар 31-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Саяхан коронавирусийн Альфа болон Дельта хувилбарууд дээр Pfizer-ийн mRNA вакцин (BNT162b2) болон AstraZeneca-ийн аденовирусийн вектор вакцин (ChAdOx1)-ы халдвар, хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр нөлөөг Шотландын хүн амын дунд судалсан судалгааны үр дүнг олж харлаа.

Эх суурвалж: DOI:https://doi.org/10.1016/S0140-6736(21)01358-1

Уг судалгааг хийж явуулсан хугацаа (2021 оны 4-р сарын 1-ээс 2021 оны 6-р сарын 6 хооронд) нь Шотландад коронавируст халдварын голлох вирус Альфа хувилбараас Дельта хувилбараас луу ид солигдож байсан үед таарах бөгөөд халдвар авсан тохиолдлын 39.5%, хэвтэн эмчлүүлж буй тохиолдлын 35.5%-ийг эзэлж байж. Дельта хувилбарын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх эрсдэл Альфа хувилбараас 1.85 дахин их байсан байна.

Уг судалгааг дуусах үед Шотландад вакцинжуулалтад бүрэн хамрагдалтын түвшин (хоёр тун вакцинжуулалт дууссан) 65 ба түүнээс дээш насны өндөр настанд 88.8%, нийт хүн амд 39.4% байсан бөгөөд Альфа хувилбарын халдварын 75%, Дельта хувилбарын халдварын 70% нь вакцин хийлгээгүй хүмүүст батлагдсан байна.

Pfizer вакцины халдвараас урьдчилан сэргийлэх үр нөлөө нь Альфа хувилбарт 92%, Дельта хувилбарт 79%, харин AstraZeneca вакцины урьдчилан сэргийлэх үр нөлөө нь Альфад 73%, Дельтад 60%-д байсан ба 2 вакцины аль алиных нь хувьд Делта хувилбараас урьдчилан сэргийлэх үр нөлөө мэдэгдэхүйц суларч буй байдал тогтоогдсон байна.

Энэ судалгаанаас бас нэг сонирхол татсан зүйл бол 5 сарын 1-ээс 5-р сарын 27 хоорондох 1 сарын хугацаанд Альфа болон Дельта хувилбарын халдварын шилжилтийг тодорхой харуулсан явдал байлаа (тайлбар зураг).

Шотландад нэг сар гэсэн маш богинохон хугацаанд альфа хувилбараас дельта хувилбар луу бараг солигдож байгааг харуулж байна гэсэн үг. Дельта хувилбарын халдварлах болон эмгэг төрүүлэгч чанар өндөр байгаа байдал болон вакциныг эсэргүүцэх чанарыг түүний S уураг буюу титэм уургийн олон генийн мутацаар тайлбарлах боломжтой гэж ойлгож байна.

ТЭГВЭЛ ДЕЛЬТА ХУВИЛБАРЫН ЭМНЭЛЗҮЙН ОНЦЛОГ ЮУ БАЙНА ВЭ?

Халдварлах чадварын нэг гол үзүүлэлт болох Rt (time-varying reproduction number) утга (цагаар хувьсан өөрчлөгдөж буй нэг хүн цааш халдвар тараах хүний дундаж тоог хэлдэг)-ын зэрлэг эсвэл уламжлалт омогийн харьцааг харахад Альфа 1.41 дахин, Бета 1.36 дахин, Гамма 1.11 дахин их байна.

Эх сурвалж: Weekly epidemiological update on COVID-19. WHO. 2021 March 21.

Тэгвэл Дельта хувилбарын хувьд Rt нь дээрх зэрлэг эсвэл уламжлалт омогоос 1.97 дахин, Альфа хувилбараас 1.55 дахин их байгаа тухай судалгааны үр дүн нийтлэгдсэн.

Эх сурвалж: Campbell F, et al. Euro Surveill. 2021; 26: 2100509.

Өөрөөр хэлбэл альфа болон бета хувилбарын халдварын тархалт эхэлснээс хойш нийт халдварын 75%-ийн түвшинд хүрэх хүртэл 3 сар орчим хугацаа шаардагдаж байсан бол Шотландын жишээн дээр харахад Дельта хувилбарын хувьд ойролцоогоор 1 сарын дотор 75%-ийн түвшинд хүрч болох нь харагдаж байна. Гамма хувилбарын хувьд халдварын тархалтын түвшин 75%-д хүрэхэд 6 сар орчим хугацаа шаардагддаг.

Коронавирусийн дельта хувилбарын халдварын үед анхны омогтойгоо харьцуулахад амьдбиед үзүүлэх вирусийн ачаалал буюу вирусийн хэмжээ 1260 дахин их, дээр нь вирусийн халдварт өртсөнөөс PCR шинжилгээнд эерэг илрэх хүртэлх нууц хугацаа 6 хоногоос 4 хоног хүртэл буюу 2 хоногоор богино байгаа тухай судалгааны үр дүнг өмнө нь пост оруулж танилцуулж байсныг санаж байгаа байх.

Эх сурвалж: https://www.medrxiv.org/con.../10.1101/2021.07.07.21260122v2

Үүний улмаас зэрлэг/уламжлалт омгийн халдвартай харьцуулахад Дельта хувилбарын халдварт нийтлэгээр эмнэлэгт хэвтэх эрсдэл 1.2 дахин, эрчимт эмчилгэнд орох эрсдэл 2.9 нас барах эрсдэл 1.4 дахин нэмэгддэг болох тухай бас өөр судалгааны үр дүн нийтлэгдсэн.

Эх сурвалж: Fishman DN, Tuite AR. MedRxiv.2021; 2021.07.05.21260050.

Мөн өөр нэг судалгаанд зэрлэг/уламжлалт омгийн халдвартай харьцуулахад Дельта хувилбарын халдвар нь вирусийн эерэг хугацаа урттай, уушгины хатгалгаа болох эрсдэл 1.9 дахин, эрчимт эмчилгээнд орох болон нас барах эрсдэл 4.9 дахин ихэссэн үр дүн үзүүлсэн талаар нийтлэгдсэн.

Эх сурвалж: Ong SWX, et al. Social Science Research Network. 2021.

Дельта хувилбарын халдварын насны тархалт, хүйсийн ялгавартай байдлын талаар батлагдсан найдвартай мэдээлэл одоогоор хараахан алга байна. Магадгүй би олж хараагүй байж ч болох юм. Энэ нь вакцинжуулалтын улмаас дельта хувилбарын байгалийн халдварын үеийн мэдээлэл цуглуулахад бэрхшээлтэй болсонтой холбоотой байж болох юм.

Дельта хувилбарын халдварлах болон эмгэг төрүүлэгч чанар нь Уханы зэрлэг/уламжлалт омог болон Альфа хувилбараас илүү хүчтэй байгаа нь дээрх судалгаануудаас эргэлзээгүй харагдаж байгаа боловч нас, хүйсийн ялгаа нь үүнд нөлөөлж буй гэсэн шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна. Тийм учраас дельта хувилбарын халдварын насны хуваарилалт, хүйсийн ялгааг нь дэлхий нийтэд вакцинжуулалт эхлэхээс өмнө цуглуулж авсан зэрлэг/ уламжлалт омог болон альфа хувилбарын нөлөөтэй ижил шинж чанартай гэж авч үзэж бас болох юм.

Хэрэв тийм бол хүйсийн хувьд дельта хувилбарын халдвар мэдэгдэхүйц ялгаагүй гэж үзэх (бүх хүйсийн хүмүүс өвдөх магадлалтай) бөгөөд халдварт өртсөн хүмүүсийн насны хуваарилалт нь бөгжний алмазан шигтгээ хэлбэртэй байна гэж үзэж болно.

Өөрөөр хэлбэл, дельта хувилбараар халдварласан хүмүүсийн тоо хүүхэд, өндөр наснуудын дунд бага, харин харьцангуй идэвхи өндөртэй 20-50 насныхан дунд өндөр байх магадлалтай гэж ойлож болох байх.

Тайлбар:

Ковид-19 цартахлын улмаас энгийн иргэд, олон нийт урьд өмнө нь сонсож танилцаж байгаагүй шинжлэх ухааны хэллэг, нэр томьёо гэх мэт шинжлэх ухааны олон мэдээллийг олж харах болсон. Энгийн хүмүүст энэ бүхнийг тухай бүрт сайтар ойлгох нь үргэлж хялбар байдаггүй бөгөөд энүүнд мэргэжлийн хүмүүсийн тусламж дэмжлэг, оролцоо үргэлж зайлшгүй чухал юм.

Миний дээр дурдсан мэдээлэл дунд бас вирусийн омог хувилбарын талаар ойлгоход төвөгтэй хэллэгүүд багтсан байгаа тул дараагийн удаа энэ талаар арай дэлгэрэнгүй, ойлгоход хялбар байдлаар тайлбарлахыг хичээх болно.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.