Өөрийгөө нээж, бие даах чадварт суралцах нь

Twitter Print
2021 оны 11-р сар 29-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

ӨӨРИЙГӨӨ НЭЭЖ, БИЕ ДААХ ЧАДВАРТ СУРАЛЦАХ НЬ

Ажил сургууль, амьдралдаа ахиц дэвшил гаргахад аман болон бичгийн харилцаа, уян хатан байх, асуудлыг шийдвэрлэх зэрэг ур чадварууд багтдаг. Гэвч амжилтанд хүрэхэд “гүүр” болдог нэгэн чухал ур чадварыг тэр бүр дурддаггүй. Энэ бол бие даах чадвар юм.

Хүн болгон амжилтанд хүрдэггүйн шалтгаан нь эцэг эхчүүд багаас нь “чадахгүй” гэж хэт хянаж, урдуур нь орж асуудлыг нь шийдсээр хүүхдээ бие даах чадваргүй бие хүн болгох хандлагатай байдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Үнэндээ хүүхэд өөрөө бие дааж нийгмээ таньж, асуудлыг шийдвэрлэж, эсвэл хэнээр ч хэлүүлэхгүй хийж, өөрийгөө сэдэлжүүлж сурснаар энэ чадвар илүү хөгждөг байна. Бие даасан байдлыг хараат бус байдал ч гэж тодорхойлж болох юм. Тэгвэл бие даасан байдал нь:

Санаачлагатай байх

Бүтээлч байдал

Идэвх зүтгэлийг давхар хөгжүүлдэг.

Хичээл сургууль, ажил мэргэжлээс гадна санхүүгийн, сэтгэл хөдлөлийн зэрэг хувийн амьдралдаа бие даасан байдал ирээдүйн амжилтын эхлэл болдог.

БИЕ ДААЖ СУРАХЫН АЧ ХОЛБОГДОЛ:

Хүүхдүүд насан туршдаа эцэг эхээс хараат амьдрах боломжгүй. Бие даах чадварыг хэдий эрт сурна, төдий чинээ амжилтанд хурдан хүрдэг. Амжилттай, бие даасан оюутан болоход аль талбартаа анхаарах ёстой вэ?

1. ХУВИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ НЬ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМДЭГ

Бие даасан хувь хүн байснаар амьдралдаа тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхдээ өөртөө илүү итгэлтэй болдог. Хэн нэгний дэмжлэг, зөвшөөрлийг хүлээлгүйгээр аливаа асуудалд арга хэмжээ авч чаддаг нь өөртөө шинэ нээлт хийж, туршлага хуримтлуулах боломж болдог. Жишээ нь: багшийн заасан хичээлийг л үзээд даалгавраа хийгээд явдаг, өөрийн санаачлагаараа илүү лавшруулж үзсэн оюутнуудын хооронд ялгаа их гардаг буюу бие дааж судалж мэдсэн зүйлээрээ эрдэм шинжилгээний бага хуралд бэлтгэгдсэн байдаг. Бие дааж суралцахын давуу тал нь энэ юм. Энэ нь биеэ бага даасан хүнээс илүү шинэ боломжуудыг өөртөө нээж буйг харуулж байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхөд бие даасан байдал нь өөрийн хүссэн зүйлээ хийж чадна гэсэн итгэл үнэмшлийг хүнд суулгахаас гадна хүнд бус өөртөө найдахад сургадаг.

2. СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД БИЕ ДААСАН БАЙХ НЬ СТРЕССИЙГ БУУРУУЛЖ, АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ

Өөртөө үүссэн нөхцөл байдал, асуудал, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг бусдаас хамааралгүй даван туулж сурснаар бусдад буруугаа чихэх биш өөртөө дүгнэлт хийх боломжийг олгодог. Ингэснээр хүнд нөхцөл байдлаас хэн нэгний хамааралгүй татан гаргах хүч болдог. Гэвч үнэхээр хүнд асуудал тулгарвал дотроо хуримтлуулалгүй хэн нэгэнд хуваалцаж, асуудлаас гарах гарцыг хайж байгаарай.

3. САНХҮҮГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ НЬ ХҮНД ЭРХ ЧӨЛӨӨ, АМЖИЛТАА МЭДРЭХЭД ТУСАЛДАГ

Хувь хүний хараат бус бие даасан байдлын талаар ярьсных өөрийн төлбөрөө төлөх, өөрийгөө аваад явах чадвартай байна гэдэг нэг төрлийн амжилт юм. Энэ нь эцэг эх, найз нөхөд, хань ижил хэн нэгнээс хамааралтай байхыг багасгаж, орлого, зарлагаа өөрөө хянахыг хэлдэг. Хичээлдээ явахын хажуугаар чөлөөт цагаараа мэргэжилтэйгээ холбогдолтой дадлага хийх, цагийн ажил хийж, тэтгэлэгт хамрагдах зэргээр санхүүгийн хувьд бие даасан байх боломж орчин үед их болсон. Санхүүгийн тал дээр бие даасан байж, хуримтлалтай болж, мөнгөний үнэ цэнийг эрт мэдснээр орлого, зарлагаа бие дааж хянах нь амьдралд тохиолдох эрсдлийг багасгадаг.

4. ШИЙДВЭР ГАРГАЛТ ТҮРГЭСЧ, АМЬДРАЛДАА ШИНЭ ХУУДАС НЭЭЖ ЧАДДАГ

Бие даасан байхад шийдвэр гаргахад илүү хялбар байдаг. Энэ нь өөртөө шийдвэр гаргахад нөлөөлөх цорын ганц хүн гэдгээ баталж харуулж байгаа хэрэг юм. Шийдвэр гаргахдаа өөрийгөө бус бусдыг илт анхаарч, тэднийг бухимдуулахаас айсан сонголт гаргах нь амжилтанд ихээхэн саад болдог. Бие даасан хүн л зоригтой “үгүй” гэж хэлж чаддаг.

5. ЧӨЛӨӨТЭЙ СЭТГЭХ, БҮТЭЭЛЧ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛДЭГ

Үзэл бодлын хувьд чөлөөтэй байж, үзэл бодлоо хамгаалж өөрийнхөөрөө байж чаддаг уу? Амьдралыг үзэх үзлээ хамгаалж чаддаг байх нь үзэл бодлын бие даасан байдал юм. Ингэснээр “хайрцаглаглах” сэтгэлгээнээс салж, хорвоог томруулдаг шилээр харж чаддаг. Талбар бүртээ бие дааж сурснаар сэтгэл хөдлөл болох уур уцаар, сэтгэл хөөрөл, түгшүүр зэргээ чөлөөтэй удирдаж сурдаг. Ингэснээр хүний ур чадвар болон авьяас билгийг нээх, бүтээлч санааг дэлгэрүүлж чаддаг.

Хорвоо дэлхий уудам, хийх зүйл их байна. Амжилтанд хүрэх үр дүнтэй арга хайж байгаа бол өөрийнхөө чадваруудад дүн шинжилгээ хийж, анхаарлаа хандуулахаас эхэлнэ. Цаг нь болохоор гэж хойшлуулалгүй өөрийгөө дайчилж, сэдэлжүүлж, бүх талбартаа бие даасан байх нь шинэ зүйлийг туршиж, шинэ боломжийг цаг алдалгүй шүүрэн авч, шинэ ертөнцийг өөртөө нээх боломж юм.

Цэндийн Одонтуяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.