Цахилгааны үнийг хууль бусаар нэмсэн байгууллагуудад 189 сая төгрөгийн торгууль ногдууллаа

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 13:55 цагт
Мэдээний зураг,

Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний 1квт.ц үнэ тарифыг 5 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай тогтоолуудыг баталсан байна. Улмаар уг тогтоолуудын хоёр дахь хэсгээр баталсан тарифыг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг аж ахуй эрхлэгчдэд үүрэг болгожээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу дээр дурдсан тогтоолуудад холбогдох аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог. Гэтэл тус газраас зөвшөөрөл олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь хүсэлт гаргасан аж ахуй эрхлэгчдийн цахилгааны тарифыг мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Түүнчлэн Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчид нь өөрийн бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг бөгөөд нэр бүхий 6 зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид уг үүргээ зөрчин цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн байна.

Тус газрын зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэн мөрдүүлж эхэлсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1, 6.1.1, 6.1.2. дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн болохыг 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлүүдийг арилгаж хариу мэдэгдэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/549 тоот Улсын байцаагчийн албан шаардлагыг нэр бүхий 6 аж ахуй эрхлэгчид хүргүүлэв.

Мөн хууль бусаар цахилгааны үнийг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн мөрдүүлж эхлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгох талаар албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэв. Түүнчлэн хууль зөрчсөн дараах аж ахуй эрхлэгчдийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0,5 хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн захиргааны арга хэмжээг авчээ. 

№ Аж ахуй эрхлэгч, албан тушаалтан Торгууль /төг/
1 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 89.436.259
2 “Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 48.593.255
3 “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК 23.651.190
4 Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК 13.336.992
5 “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК. 9.022.355
6 “Хөвсгөл-Эрчим хүч” ОНӨХХК 1.490.405
7 Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр 960.000
8 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Т.Ган-төмөр 960.000
9 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Р.Мягмар 960.000
10 Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Д.Бассайхан 960.000

Нийт 189.370.456

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.46) 2015-10-28 17:30
      • 0
      • 0

      tegeed ed nar chini ene torguuliig huleen zuvshuurch torguulia yag tuluh yumuu, hervee tiim bol munguu iluu tulsun aj ahuin negjuud nehemjilj boloh yumuu

      Хариулах