С.Баярцогтыг шүүхийн захирамжаар суллахаар болжээ

Twitter Print
2021 оны 08-р сар 20-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 4.8 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг шүүхийн захирамжаар суллахаар болсон тухай түүний өмгөөлөгч Г.Орхон мэдээлжээ.

Улсын Дээд шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох 470 хавтас хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн хянан хэлэлцжээ. Уг хуралдаанаар С.Баярцогт нарт холбогдох хэргийн гомдлыг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд С.Баярцогтод холбогдох хэргийг тусад нь салгаж, хэргийг дахин шалгахаар прокурорт буцааж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг.

Прокуророос түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан боловч шүүхээс түүнийг нотлож чадаагүй учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн 10 жилийн ял оноож, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө хорьсон юм. 2020 оны долдугаар сарын 17-нд болсон анхан шатны шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жил, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт дөрвөн жил, Б.Ариунсан, Бадралд 1.6 жилийн хорих ял оноосон юм.

2020 оны арванхоёрдугаар сард давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оноосон хорих ялыг бууруулсан байдаг. Тодруулбал, шүүгдэгч С.Баярцогтод оноосон арван жилийн ялыг 4,8 жил, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарт оноосон дөрвөн жилийн хорих ялыг 1.3 жил болгон бууруулахаар шийдвэрлэжээ.

2021 оны тавдугаар сарын 19-нд Улсын дээд шүүхээс С.Баярцогт нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэн С.Баярцогтод 4.8 жилийн хорих ял оноосон. Харин С.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан, Б.Бадрал нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хүчингүй болгож суллах шийдвэр гаргасан юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т үндэслэн шийтгэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2

Тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж, байнга тогтвортой үйлдэж, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1

Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2

Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.