“Гүнжийн сүм” гэж нэрлэх болсон түүх

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Сүмийн талаарх түүх:

Манжийн хаад Монголыг эзэлж ноёдыг нь өөрсдийн дуулгавартан болгон барьж эзэгнэхийн төлөө тэдэнтэй ургийн холбоо тогтоож хааны буюу шадар ноёдынхоо авхайг монгол ноёдын хатан болгодог байжээ. Ийн учир Энх-Амгалан хааны 7-н охины нэг Хичээнгүй Амарлингуй гүнжийг 1617 онд Түшээт хан Чихундоржийн ач хүү Галдандоржийн хүү Дондовдоржийн хатан болгон өгчээ.

Тэр гүнж ухаантай сэргэлэн манжийн хааны ордны дүрмийг гэртээ яг баримталж гэрийн цаазыг маш хатуу сахидаг өглөө эрт босож үдэш орой унтаж хооллох ундлах цаг мөчийг тогтмол чанга баримталдаг байснаар нь хошуу олноороо түүнийг догшин гүнж гэж нэрлэдэг байжээ. Гүнж хатан таалал төгсөхдөө “Миний цогцосыг хятад газар бүү аваачаарай Би монгол хүний эхнэр тул монгол хүн болжээ Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юмсанж. Тэр ёсоор нь дээрх сүмийг барьж гүнжийн цогцосыг алтан дотортой цагаан зандан модоор хийсэн авсанд хийж алтан мөнгөн хүний дүрс, таван хошуу малын сийлбэрт эрдэнийн чулуу зэргийг хийж сувдан цамц өмсгөн оршуулжээ. Тэдгээр зүйлсийн ихэнхийг монгол дархан Дандаа гэдэг хүн урлан бүтээжээ.

Мөн гүнжийн түүхийг 5-н алд цагаан торгон дээр хятад үсгээр бичиж авсанд хийсэн гэдэг. Гэтэл Гүнжийн сүм дэлхийн долоон гайхамшигийн нэг Таж Махалын бунхан лугаа өнөөдрийн соёлт хүмүүн төрөлхтөний нүдийг хужирлаж сэтгэлийг баясгаж чадсангүй. Он жилийн цагийн хатуу урсгалыг даасангүй. Одоо түүнээс зөвхөн нурсан хэрэмний эвдэрхий туурь л үлдэж, өнгөрсөн түүхийн гашуун туульсыг хайлах мэт нар салхи хур бороонд илэгдэн эзгүйрэн хөсөрджээ.

Гэлээ ч монгол хүн хайр сэтгэлдээ үнэн ч үлдсэн харийн бүсгүйг мартсангүй. Түүний тухай сайхан дурсамж амнаас ам дамжин хуучилсаар домог болон өнөөг хүрчээ.

Төв аймагт Тэрэлжээс хойш Гүнжийн сүм байдаг ба Энэ Гүнжийн сүмд маш ховор гэрийн эдлэл зүйлс, өөрийн хэрэглэж байсан гоёл чимэглэл эд үйлс байсан ба энэ нь 1937-1939 он хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж байсан ба энэ онуудад үндсэндээ бүрэн тоногдсон байна. Гүнжийн сүм нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун хөндий Сүмийн гурван Эрээний наран ургах зүг Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт оршино.

Богд дархан ван Дондовдорж 1697 онд Энх Амгалан хааны гүнжийг хатнаа болгон авч олон жил ханилан суужээ.

Хожим хатныг нас барахад Манжийн хааны зарлигаар Баруун Баянд сүм барьж тэр сүмийн хүлэмжид шарилыг нь оршуулж “Гүнжийн сүм” гэж нэрлэх болсон төдийгүй хошуунаасаа нэг отог таслаж уг сүмийг сахиулсан түүхтэй юм байна.

Жич: 

Гүнжийн сүмд хэрхэн очих вэ?

Хамгийн түрүүнд Тэрэлжийн эцэст очно. Тэндээсээ голоо гатлаад баруун гар талаа барьж тод замаар явахад зүг чиг заасан пайз таарна. 

Тэрэлжийн эцсээс цааш 45 орчим км замд бий. Уулын хормойд хөндийн гүнд оршдог нууцлаг түүхт сүмийн туурь. Сүмд хүрэхээс 10 орчим км-ын зайд дөхөн очиход шаварт хөндий угтана. Машин сайтай бол туучиж явсаар шууд очно. Харин жижиг тэрэгтэй явах бол шаварны наана машинаа орхиод 10 хүрэхгүй км зайд алхах хэрэгтэй болно. 

Эх сурвалж: Монголоороо аялагчид

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.