Сэлэнгээс Улаанбаатарт ирж тусгаарлагдсан иргэн 2-3 хоног архидан согтуурчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссийн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын Дэд дарга, Хурандаа Б.Ууганбаяр дараах мэдээллийг хүргэлээ. 

Тэрээр “Одоогоор 2516 хүн тусгаарлах байранд байна. Сүүлийн тав хоногийн байдлаар 105 орчим хүний тусгаарлах хугацаа дуусаж, тусгаарлах байрнаас гарсан. Энэ хүмүүс гэртээ тусгаарлалтын дэглэм сахих ёстой. Гэтэл Сэлэнгээс Улаанбаатар хотод ирж тусгаарлагдсан иргэн 2-3 хоног архидан согтуурхсан байна. Энэ хүнд холбогдох арга хэмжээг авна.

Дараагийн тусгай нислэг хүлээж авахтай холбогдуулан тусгаарлах байрны хүрэлцээ хүндрэлтэй байна. Одоогоор 360 орчим хүнийг хүлээж авах боломжтой. Өнөө өглөө Улаанбаатар хотод байх томоохон зочид буудлуудын эзэдтэй уулзаж, нөхцөл байдлаа танилцууллаа. Та бүхэн дэмжээч гэж санал тавьсан. Өнөөдөр 15.00 цагт хариугаа хэлнэ. Бид өөр сонголтгүй болсон. Гадагшаа явж байгаа иргэдэд сануулахад, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлах хүртэл та бүхэн буцаж ирэхгүйгээр ажил төрлөө зохицуулж, хувийнхаа зохион байгуулалтыг хангаарай” гэдгийг хэллээ.

Түүнчлэн, МХЕГ-ын Дэд дарга Г.Сугарбат хилээр ачаа, бараа тээвэрлэн орж ирж буй гадаад жолооч нарыг бүхээгнээс нь буулгахгүйгээр ариутгал хийж, богино хугацаанд буцаан хил гаргаж буй талаар мэдээлсэн юм. Тэрбээр "Гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Цагааннуур, Боршоо, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор нийт 183 жолооч орж ирсэн. Үүнээс 35 нь гадаад жолооч байна. 171 автомашинаар нийт 435 тн хүнсний бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирлээ. Бүх ариутгалыг хийж байна. Гадаад жолоочдыг хилээр нэвтэрснээс нь хойш бүхээгнээс нь буулгахгүй ариутгал хийж, цагдаагийн хяналтанд буцаагаад хилээр гаргаж байгаа. Монгол жолоочдыг өөрсдийнх нь хүсэлтээр буцаж гарах шаардлагатай бол гаргаж байна. Өнгөрсөн шөнө Орхон аймгийн Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрт ирсэн гадаад жолоочтой машиныг орой ажлын цаг дууссан шалтгаанаар бараа хүлээн авагч буулгаагүй. Ер нь гаднын жолоочтой тээврийн хэрэгслийг маш бага хугацаанд Монголд байлгаад гаргах ёстой. Гэтэл тэнд хонуулсан байна. Бараа хүлээн авч буй бусад хүмүүс үүн дээр анхаарах хэрэгтэй байна. Цаг агаар дулаарч байгаа учраас иргэд бөөнөөр цугларах, хүүхдүүдээ авч олон нийтийн газраар явах тохиолдол ихсэж байна. Хэдийгээр эрүүл бүсэд амьдарч байгаа ч гэсэн иргэд хэнэггүй хандах, ач холбогдол өгөхгүй байна" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.