МАН-ын намрын шоу эхэллээ

Twitter Print
2014 оны 09-р сар 08-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

За, би Ардын намын нэгэн сайн гишүүн болж, нэгэн амьсгаагаар 32 бурууг тоолъё. Эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн нь эрх баригчдын буруу. Засгийн газар ЭЗЭН-100 хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засагт цус сэлбэх чухал хуулиудыг баталсан нь ч буруу. Гацаанд орсон Оюутолгой, Тавантолгойн асуудлыг аравдугаар сард багтаан шийдэхээр идэвхтэй ажиллаж байгаа нь ч буруу.

2000 төгрөг давах гэж байсан долларын ханшийг барьж тогтоохын тулд гадаадын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө татаж байгаа нь ч Засгийн газрын буруу. Иргэдийнхээ ая тухай аж төрөх орчныг бүрдүүлэхийн тулд орон сууцны найман хувийн хүүтэй зээл олгосон нь буруу. Хоёр хөршийнхөө төрийн тэргүүнүүдийг урьж, харилцан хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэн шийдэж, түүхэнд байгаагүй томоохон хэлэлцээрүүдийг байгуулсан нь буруу. Посткоммунистуудтай нийлэн МАНАН-гийн Засгийн газар байгуулахгүй байгаа нь Н.Алтанхуягийн буруу. Тэр ч байтугай охиныг нь хэрэгт татчихаад байхад шантрахгүй зүтгээд байгаа нь Ерөнхий сайдын буруу. Ажил хийх гээд арга сэдэж, шийдэл гарц хайгаад байгаа нь Э.Бат-Үүлийн буруу.

Хотын замын түгжрэлийг арилгах зоригтой алхмууд хийж байгаа нь ч түүний буруу. Авто замын уулзваруудыг шинэчлэн сайжруулаад байгаа нь ч буруу. Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй болгож ТҮЦ машин энэ тэрийг санаачилж, төвөг чирэгдлийг багасгаад байгаа нь ч буруу. Товчхондоо бол Монгол Улсаа хөгжүүлэх гэж сэдэж санаачилсан болоод Монгол хүний төлөө хийсэн бүхэн нь Ардчилсан намын буруу.

Ерөөсөө МАН-тай л хамтраагүй л бол юу ч хийсэн тэдний буруу.

Ийнхүү нэгэн амьсгаагаар 32 бурууг тоолж, бас “Буруу, буруу, буруу бүхэн бусдын буруу” хэмээн МАН-ынхан өнөөдөр хоороор дуулах нь. Энэ дууныхаа араас “Зөв явбал зөөлөн МАН” гэдэг дууг хоолой нийлүүлэн түрэх юм гэнэ.

Тухайлбал, улс орон, ард түмнийхээ эрх ашгаар дэнчин тавьж, засагт хамтрах саналыг эцэс төгсгөлгүйгээр тавьж увайгүйтэж байгаа нь МАН-ын зөв. Ажил хийх гэхээр арагшаа чангаадаг нь ч зөв. ЭЗЭН-100 хөтөлбөрийн учрыг олоогүй, үзэж танилцаагүй нь МАН-ын зөв. Эрх мэдлийн төлөө ард түмнээ золиослон бүхнийг харлуулж байгаа нь ч зөв. Урьдын бэрх дарлалаа санагалзаж байгаа нь зөв. Ардчиллын үнэт зүйлсийг гутааж байгаа нь зөв. Улс орныг 20 шахам жил удирдахдаа эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн нь МАН-ын зөв. Энэ мэтээр өөрсдийгөө зөвтгөх өчнөөн шалтгааныг МАН-ынхан цээжилжээ.

Хон хэрээ хэчнээн цагаанаар будуулавч хэзээ ч хун болохгүй, хэрээ  хэвээрээ л үлдэнэ. Сэг зэмэн дээр хашгиран гуагладаг зан нь ч өөрчлөгдөхгүй гэдэг лугаа адил.

Намрын чуулган эхлэх яагаа ч үгүй байхад МАН-ынхан яаран сандран хуралдаж, Засгийн газрыг харлуулан, ганхуулах төлөвлөгөөгөө ийнхүү хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдөр тэд ээлжит шоугаа эхлэх нь. Намрын чуулган эхлээгүй байхад намын бүлгээ хуралдуулан байж, Засгийг намнах ан авд мордоцгоосон нь энэ ажээ.

www.Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.