Их Британид 144 мянга гаруй хятад оюутан сурдаг

Twitter Print
2022 оны 03-р сар 07-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

БНХАУ нь дэлхийн хамгийн том экспортлогч орнуудын нэг билээ. Хятадын хувьд зөвхөн бараа бүтээгдэхүүн экспортлоод зогсохгүй дэлхийн томоохон их дээд сургуулиудад суралцах хятад оюутнуудын тоо нэмэгдсээр байна.

Судалгаагаар жил бүр Хятадаас 700 мянга гаруй хүн сурах зорилгоор хилийн чанадыг зорьдог ба тэдгээрийн дийлэнх нь Их Британийн Нэгдсэн Вант Улсын их дээд сургуулиудыг сонгодог аж.

Өнөөдрийн байдлаар Их Британид Хятадын 144 мянга орчим оюутан суралцаж байгаа нь 5 жилийн өмнөхөөс 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Хятад оюутнуудын тоо нэмэгдсэнтэй зэрэгцэн Их Британид үзүүлж буй Хятадын нөлөө сэдэв хүчээ авсан билээ. Жишээ нь Их Британийн их дээд сургуулиуд Хятад оюутнуудын төлбөрөөс хэтэрхий хамааралтай болсон, коммунист үзэлтэй хятад оюутнууд боловсролын байгууллагуудын эрх чөлөөнд халддаг хэмээн шүүмжлэх явдал ч нэмэгдсэн байна.

Түүнчлэн баян хятад оюутнуудын тоо нэмэгдсээр орон нутгийн залуусын их дээд сургуульд элсэх боломжийг боогдуулж байна хэмээн шүүмжлэх явдал ч байгаа аж.

Глазко хотод 6000 гаруй хятад оюутан суралцдаг ч тэдгээрийн дийлэнх нь жирийн дундаж давхаргын гэр бүлд өссөн залуус байх ба зарим нь Глаззод ирэхээсээ өмнө ганц ч удаа хилийн дээс алхаж үзээгүй аж.

Гэсэн хэдий ч сургуулийн удирдлагууд хятад оюутнуудыг тусдаа нэг дотуур байранд байршуулж, орон нутгийг ёс заншил, соёл урлагтай танилцуулах, англи хэлний мэдлэгийг нь сайжруулах тал дээр бодитой зүйлс хийдэггүй хэмээн хятад оюутнууд үзэж байна.

Нөгөөтэйгүүр Их Британийн их дээд сургуулиуд Хятадын ахлах сургуулиудтай харьцуулахад тэдэнд өөрсдийгөө хөгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгодог гэдгээрээ давуу талтайг хятад оюутнууд онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.