
Өнгөрсөн бямба гарагт буюу өчигдөр Москва Украины зэвсэгт хүчний ОХУ-ыг Крымийн хойгтой холбосон гүүрийг устгахыг оролдсон хэмээн мэдэгджээ.
Гүүрний ойролцоо хэд хэдэн удаа тэсрэх чимээ гарч, удалгүй гүүрний дээр их хэмжээний утаан гарчээ.
ОХУ-ын томилсон Крымийн хойгийн тэргүүн Сергей Аксеновын мэдэгдсэнээр Украины талаас Крымийн гүүрийг чиглэсэн 2 удаагийн цохилт үзүүлсэн ба эхний цохилтын үеэр оросууд 2 пуужин, 2 дахь цохилтын үеэр 1 пуужинг замаас нь тус тус устгаж чаджээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр Киевийн үзүүлсэн цохилтын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд гүүрэнд ямар нэг ноцтой эвдрэл гэмтэл гараагүй, гүүрэн дээрх авто зам, төмөр замын хөдөлгөөн хэвийн болсон хэмээн мэдэгджээ.
Украины талаас ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна. Өнгөрсөн саруудад Крымийн гүүр болон Керчийн хоолой хэд хэдэн удаа халдлагад өртсөн юм.
ОХУ-ыг Крымийн хойгтой авто болон төмөр замаар холбосон Керчийн гүүр нь 2018 онд нээгдэж байсан ба өнөөдрийн байдлаар Украины өмнөд хэсэгт байрлаж буй ОХУ-ын армийг зэр зэвсгээр хангах чухал ач холбогдол бүхий зам болоод байгаа юм.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.