Ямар вакцин хамгийн сайн бэ?

Twitter Print
2021 оны 02-р сар 17-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

01. Өчигдөр хөдөө байгаа гэрээсээ гараад уул руу алхсан юм. Уулын орой хүрэхэд худалчхан хүнд бараг л 10-аад алхам зайтай очоод байтал машинтай хоёр цагдаа давхин ирээд бараг л буу тулгах нь холгүй юм болоод буцахыг шаардав. "Гэрийнхээ ойролцоо дэлгүүр хоршоо чөлөөтэй орж болж байгаа биз дээ?

Бидний насны хүмүүс ууланд авирч цэвэр агаар амьсгалж яагаад болдоггүй билээ?" гээд учирлатал "Энэ хавийн орчинд агаарт халдварын голомт үүсгэж мэдэх учраас заавал буц" гэдэг хачин шаардлага тавив. "Дүү минь би микробиологийн мэргэжлээр насаараа ажилласан мэргэжилтэн байна. Тэр титэм вирус чинь хаа сайгүй хөдөө хээрийн агаарт тархаад явж байдаг зүйл биш. Хотын агаарт ч дэгдээд тархаад байдаггүй юм." гэж эхнэр маань учирласны хүчинд 10-аад алхмын цаана байгаа овоогоо тойроод буцаж билээ.

02. Манай онцгой байдлын удирдлага гэж вирусын мэдлэгийн хувьд өчигдөрийн хоёр цагдаагаас нэг их илүү гарахааргүй нөхөд байж мэдэх л дээ. Яагаад гэвэл мэргэжлийн удирдлага гээч зүйл манай улсад алдагдаж гүйцсэн болохоор ойлгож болох асуудал. Эхнэр бид хоёр буцаж явах зам зуур КОВИД-той холбоо бүхий өргөн хэмжээний кампанит ажлын талаар хоорондоо ярилцаж явлаа. "8 саяын үнэтэй эмчилгээ, 120 000 төгрөгний үнэтэй оношлуур." Үнэхээр тийм их хөрөнгө зарлагадаж байгаа бол манай улсын эрүүл мэндийн салбар дийлж гарах юм болов уу?

03. 2019 оны 5 сард Япон улс хамгийн өргөн олон нийтийг хамарсан КОВИД-ын шинжилгээ хийхэд 11 000 гаруй хүн хамрагджээ. Тэднээс 4000 гаруй хүний хариу эерэг гарсан гэдэг. Математик загварчлалаар бол аймаар өндөр үзүүлэлт л дээ. Түүний дараа япон улс шинжилгээнд олон түмнийг хамруулах тал дээр тэгтэл их хүч гаргаагүй. Гол нь хүнд өвчтэй хүмүүсийг үхүүлэхгүй байх тал дээр хамаг хүчээ дайчилсан. Тэр нь ч үр дүнгээ маш сайн өгч үхлийн хэмжээгээр КОВИД өргөн дэлгэрсэн орнууд дотроо хамгийн доод төвшинд байгааг та бүхэн дуулсан байх аа.

Япончууд онош эерэг гарсан. Хөнгөн шинж тэмдэгтэй хүмүүсийг гэрт нь тусгаарлах чигтэй ажилласан тухай Би Би Си мэдээлж байсан. Ер нь япончууд бүх хүмүүсээ шинжилгээнд хамруулна гэвэл 150 жил зарцуулахаар тооцоо хүртэл тэр бичлэг дээр байсан шүү. Өөрөөр хэлбэл Японы эрүүл мэндийн тогтолцоо тийм хэмжээний ачааллыг даван гарч чадахгүй гэдэг дүгнэлтэнд хүрсэн хэрэг л дээ.

КОВИД-ын дэлгэрлийн эхэн үед өндөр хөгжлөөрөө тэргүүлэгч арлын орон өөрсдийгөө яая гэж байхад манай дарга сайд нар "Японоос оношлуурыг онгоцоор олон арван мянгаар нь" зөөгөөд байсныг уншигчид сайн санаж л байгаа байх. Хэрвээ би тэр үед ийм бичлэг оруулсан бол хэрэгтэнгийн сандал дээр суугаад дээлээ нөмөрсөн байж мэдэх л юм. Ер нь ч тухайн үеийн УОК-ийн "заналхийлэл сүрдүүлэг" тийм өнгө аястай байсан даа.

04. За энэ ч яахав. Өнөөдөр эхнэр бид хоёр уул руугаа алхахаар гартал нөгөө машинтай цагдаа нар тэртээ хол байж л байх юм. Хөдөөгийн сэлүүн орчинд амьдарч байгаа хүмүүс идэвхитэй хөдөлгөөн хийж, цэвэр агаараар амьсгалж байх нь дархлаагаа дэмжих чухал хүчин зүйл гэдгийг ойлгодоггүй юм болов уу? Бид хоёр жаахан даялсан байдалтай тойруу замаар уул руугаа зүглэсэн. "Нөгөө айхтар хэл амтай хоёр явж байна." гэж цагдаа нар ч мэдэв бололтой. Учиргүй давхиад ирсэнгүй. Хот хүрээ газар бол хатуу чанд байх ёстойг ойлгож болно. Хүн ам цөөнтэй, халдварын голомт үүсээгүй байгаа газар оронд арай ондоо журам үйлчлэх учиртайсан.

05. Таньж мэдэх хүмүүс надаас "Хятад вакцин хийлгэвэл аюултай эсэх" талаар тандсан байдалтай мэр сэр асууж эхлээд байна. Би үнэндээ биеэрээ хийлгэж үзээгүй болохоор тийм ийм гэж хэлж чадашгүй нь. Хятад гэлтгүй бусад төрлийн вакцинуудын тухайд өөрийн хэмжээнд тодорхой мэдээлэл зав чөлөөгөөрөө сонирхон уншиж л байна. Ийм хариуцлагатай цаг үед, маш эмзэг нарийн сэдвээр элдэв үг унагах нь миний насны хүнд зохимжгүй хэрэг байж таарна. Тэгээд ч ямар мэргэжлийн хүн биш. Харин гэр бүлийн хүрээнд бол нэлээд нарийн мэдээллийг ярьж хөөрч байдаг нь нууц биш ээ. Дор би хоёр зүйлийг нийтэд онцлон ярих нь зүйтэй байх аа.

06. Ер нь ямар ч төрлийн вакцин хөнгөн хүнд ямар нэгэн төрлийн сөрөг нөлөө үзүүлдэгийг бага байхдаа хийлгэж байсан вакцингуудын туршлага дээрээс бид сайн мэднэ. Тариулсан газар хөндүүрлэх, улайж хавдах, халуурах гээд юу эс байлаа даа. Зарим тохиолдолд азгүй нэг нь чадхийчих жишээ ч мэр сэр байдаг бололтой.

Гэхдээ вакцины үхэлд хүргэх тохиолдол тариулснаас хойш 20-30 минутын хооронд явагддаг. Тэр үеийг давсан бол 2-3 хоноод гэнэт нүд аньчих явдал байдаггүй гэж Тайваний мэргэжилтэн эмч зурагтаар ярьж байдаг шүү. Тийм болохоор вакцин хийлгээд бие эвгүйцэх тохиолдол гарах юм бол эмнэлэг эмчдээ ойр байсан нь дээр байж мэдэх нь. Тэгээд янз бүрийн ноцтой өөрчлөлт гарвал эмгэг шинжид нь тохирсон эм тан уулгаад амь насыг нь эрсдлээс аварч болдог аж.

07. Хоёрдугаар бодууштай нэг зүйл нь Япончууд аль ч улсын ямар ч төрлийн вакцин хийлгэх тал дээр их хашир хандаж байгаа болох нь саяхны нэг судалгааны үр дүнгээс харагджээ. Өөрөөр хэлбэл хүн амын 19 хувь нь "Нэн даруй хийлгэнэ" гэдэг байр суурьтай байгаа бол үлдсэн хувь нь үр дүнг харж байж болно гэсэн байр суурьтай байгаа нь энэ талын үзүүлэлтээр дэлхийн нийт улс орнууд дунд араасаа хоёрдугаарт жагсаж байгаа ажээ. Харин тэр үзүүлэлтээр аль улс орсон болохыг мэдээлэлд ойр байдаг уншигчид эрхбиш олж үзсэн байлгүй дээ.

Гол нь бидэнтэй ойр дөт харилцаатай байдаг дээрх хоёр улсын нийт хүн ам хийлгэхгүй гээгүй "Үр дүнг нь харж байж болно." гэдэг байр суурьтай байгаа нь зангарга сайтай том үндэстэнгүүдийн ухаалаг хандлагын илрэл болой. Харин хийлгэх хамгийн дуртай бахтай үндэстэнгээр Бразилчууд орж байгаа аж. Өөрөөр хэлбэл нэн даруй хийлгэнэ хэмээх байр суурьтангууд 80 гаруй хувьтай байгаа ажээ. Өвчлөлийн тоогоор дэлхийд эхнээсээ хоёрдугаарт орж байгаа тэр улсын иргэдийн байр суурийг ч буруутгах аргагүй юм.

08. КОВИД-оос нийт хүн амаа хамгаалах тал дээр, гол хандлагын хувьд Швед, Япон хоёр улс ижил төстэй байр суурь баримтласан. Ер нь өлчир чийргээрээ зартай Монголчуудын хувьд тэдний зам мөрөөр явж үзэхэд гэмгүй байсан санагддаг юм. Ядаж 2-3 аймгийн хувьд тийм туршлага хэрэгжүүлж болохгүй байсан юм болов уу? Гэтэл манай дарга сайд нар КОВИД-оос урьдчилан сэргийлэх Хятадад хэрэгжүүлсэн хатуу ширүүн кампаничлах арга хэмжээг шохоорхоод байгааг жаахан ухаан сэхээтэй нийгмийн давхарга ойлгож байгаа байх аа.

Би гол нь энэ бичлэгтээ юу хэлэх гээд байна вэ гэхээр вакцинжуулах асуудал дээр тэр энэ улсын вакцин сайн болов уу гэдэг хөнгөн гоомой байр сууринаас биш 7 хэмжиж нэг огтлож ирсэн өвгөдийн голч ухаанаа барьсан нь сайн болов уу?

Ер нь цаашид үндэстнээ вакцинжуулж биш өлчиржүүлж эрүүл мэндийн дархлааг нь хамгаалж байхсан даа. Дээр суусан эрхмүүд эрхбиш энэ тал дээр гэгээндээ болгоож л байдаг байлгүй дээ хэмээн найдахаас.

Д.Болдбаатар 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.