
Өнгөрсөн 20-ны өдөр Их Британийн хатан хаан Елизаветед (95 нас) шинэ коронавирусийн шинжилгээ эерэг гарсан болох тухай мэдээ дэлхий нийтэд цацагдсан. Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хатан хаан 3 тунгийн вакцинтай хэдий ч ханиад төстэй хөнгөн шинж тэмдэгтэй, эмнэлэгт хэвтэлгүйгээр асаргаа сувилгаа авч буй юм байна. Өндөр настай учраас осолдохгүй суурь эмгэгүүд байгаа л байх. Гэхдээ хяналт энэ тэр нь бол сайн байдаг байх гэж төсөөлж байгаа. Гэсэн хэдий ч 3 тунтай сайн хамгаалалт дунд байсан хүн өвдөнө гэхээр омикрон яавч зүгээр нэг нөхөр биш гэдэг нь ойлгомжтой.
ОМИКРОНЫ ХУВИЛБАРУУД ДАХИН ХАЛДВАР АВАХ ЯВДАЛ ЭЛБЭГ БАЙНА/ ИХ БРИТАНИ
Энэ удаа Омикрон хувилбаруудад дахин халдварлах асуудал өндөр байгаа тухай Nature сэтгүүлийн мэдээ нийтлэгдсэн байна.
Эх сурвалж: Nature. Feb 16, 2022 doi.org/10.1038/d41586-022-00438-3
Их Британийн Эрүүл мэндийн газраас цуглуулсан мэдээллээр Англид 650,000 гаруй хүн хоёр удаа буюу дахин халдвар авсан байж магадгүй бөгөөд тэдний ихэнх нь сүүлийн 2 сарын хугацаанд дахин халдвар авсан байна.
11 дүгээр сарын дундаас өмнө дахин халдвар авсан тохиолдол нийт бүртгэгдсэн COVID-19 тохиолдлын 1 орчим хувийг эзэлж байсан бол одоо 10 орчим хувь болж нэмэгджээ.
Тус хэлтэс өмнө нь халдвар авснаас хойш хамгийн багадаа 3 сарын дараа халдвар авсан бол "дахин халдвар” гэж үзэж байгаа бөгөөд түүнээс богино хугацаанд дахин халдвар авсан тохиолдлууд цөөнгүй байгаа тул дахин халдвар авсан тохиолдлын түвшин илүү өндөр байх магадлалтай гэнэ.
Энэ нь ердийн мутант хувилбаруудад байдаггүй онцлог юм. Үүний шалтгаан нь Омикрон хувилбар нь дархлааны хамгаалалтаас зайлсхийж чаддаг тул вакцин хийлгэсэн хүмүүс болон өмнө нь халдвар авсан хүмүүст ч дахин халдварлаж байгаа нь халдварын тархалтыг хурдасгаж байна гэж үзэж байна.
Хойшид халдварын тархалт хэрхэн нэмэгдэх, эмнэлгүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлж чадахыг үнэлэхийн тулд дахин халдварын түвшинг ойлгож мэдэж байх нь чухал ач холбогдолтой байж болох юм.
Жич: Их Британи коронавиурст цартахлын хариу арга хэмжээний зохицуулалтыг хөнгөвчилж, цуцлах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа тул дахин халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байна. Энэ бас манайд ч хамааралтай. Бид янз бүрийн хоригуудыг цуцлаад чөлөөтэй улс болсон.
Зарим хүмүүс омикрон бол амьд вакцин шиг хөнгөн хэлбэрээр явагдаж байна. Тиймээс омикроноор өвдөхөд асуудалгүй мэт бодож сэтгэж ярьж байгаа нь огт буруу ойлголт юм шүү.
Эцэст нь дахин давтан хэлэхэд короновируст халдвараар өвдөх нь хохирол хүлээж буй юм. Тиймээс эхлээд 2 удаагийн бүрэн тунгийн вакцинаа хийлгэх, дараа нь хугацаа чинь болсон бол нэмэлт тунгийн вакциндаа хамрагдах нь хамгийн зөв хамгаалалт болно шүү.
Ойдовын Батгэрэл Ph.D
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.