Таргалуулах ”шидтэй” ядуусын хоол Монголд тансаг хэрэглээ боллоо

Twitter Print
2015 оны 09-р сар 14-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Хэдэн жилийн өмнө дэлхийг шарсан төмс, бөөрөнхий бургерээр хэрсэн “Mc Donalds”-ийн сүлжээг манайд нээхээр судалгаа хийсэн ч “монголчуудын түргэн хоолны зах зээлийг зөвхөн хуушуур, бууз эзэлдэг, түргэн хоол ашиггүй” гээд буцсан гэх онигоо ч юм шиг түүх бий. Харин өнөөдөр бидний эрүүл мэндийг хохироох түргэн хоолны газрууд Улаанбаатарт сэм сэмхэн нэмэгдсээр байна.

Бургер, шарсан тахиа, хотдог бол баячуудын хоол биш. Харин дундаж амьдралтай эсвэл ядуучуудын нэг удаа цадаад гарах газар.  АНУ-д гэхэд “Mс Donalds”-ийг ядуусын ордог газар гэж нэрлэдэг бөгөөд цөөн хэдэн долларт тааруулаад гэдсээ борлуулах гэсэн хүмүүсийн дараалал байдаг. Гэтэл бид яадаг билээ? Гэр бүл, найз нөхдөөрөө нийлээд баяр тэмдэглэх байгаа юм шиг л түргэн хоолны газар руу хошуурцгаадаг.

Түргэн хоол хүний эрүүл мэндэд хортой гэдэг нь аль эрт нотлогдсон, хуучин мэдээлэл. Зүрх, судасны өвчин, чихрийн шижингийн эхлэл болдог энэ “гай”-наас өндөр хөгжилтэй орнууд татгалзаж эхлээд байгаа. “Түргэн хоол” бол таргалалт гэх “шинэ зууны тахал”-ын “найз”. АНУ-ын тэргүүн хадагтай Мишель Обама үүнээс татгалзаж, эрүүл мэндээ хамгаалахыг уриалсан бол Их Британид сургуулийн ойр орчимд буюу 400 метрээс дотогш ийм хоолны газар байгуулахыг хуулиар хоригложээ. Яг л бид тамхийг үзэн ядаж хууль гаргасан шиг. Доорх хэдхэн тоо л түргэн хоол ямар хор уршигтай вэ гэдгийг харуулна.

АНУ-ын Төрийн департментийн эрүүл мэнд, хүмүүнлэгийн үйлчилгээ хариуцсан агентлагын мэдээлснээр тус улсад жил бүр 310.000- 580.000 хүн түргэн хоолноос шалтгаалан нас бардаг байна. Түргэн хоол нь хүний амь насанд шууд нөлөөлдөггүй ч зүрхны цочролд орох, даралт харвах, хавдар тусахад нь нөлөөлсөн гэж үзжээ. Харин Английн “Thorax” эрүүл мэндийн сэтгүүлд бага насны хүүхэд долоо хоногт гурван удаа түргэн хоол идсэнээр багтраа өвчин тусах аюултай болохыг мэдээлжээ. Тэд түргэн хоол тогтмол иддэг 50 орны 500 мянга гаруй бага насны хүүхдээс судалгаа авахад багтраа өвчин тусах магадлал 39 хувиар илүү гарсан байна.

“Mc Donalds” 126 оронд 31 мянган салбартай. “KFC” 25 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. АНУ-д энэ төрлийн бизнес эрхлэгчид 2012 онд 160 тэрбум доллар олсон бол 2013 онд 660,5 тэрбум доллар болон өсчээ. Харин дээрх тоо энэ жилээс буурах хандлагатай байгаа аж. Сонирхолтой нь түргэн хоолны зах зээл Энэтхэгт газар авч байгаа бөгөөд зөвхөн 2014 онд 41 хувиар өссөн байна. Эдгээр тоо түргэн хоол ямар “алдартай” вэ гэдгийг бус дэлхий нийт татгалзаж байгааг харуулна. Энэтхэгчүүдийн хувьд бол түргэн хоол нь дундаж давхаргынхны мөнгөө хэмнэх газар болоод байгаа аж.
no-fast-food

Үүнээс гадна түргэн хоолыг дагалдуулж зардаг гаазтай ундаа, амттай шэйкүүдийг мартаж болохгүй. Шарсан төмснөөс ч илүү “дайсан” гэдгийг бид мэднэ. Та хүүхдээ бургер, пицца, шарсан тахиа авч идээрэй гэж мөнгө өгдөг юм биш биз? Хоол гэхээс илүү хор болох магадлалтай түргэн хоолыг бид амтархан хэрэглэсээр байх уу?

Б.Баяр
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.