Харийн хатгаас уу, эрлийз сэтгэлгээний элийрэл үү?

Twitter Print
2020 оны 10-р сар 03-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Бага насны хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг гэж энэ. Энэтхэгийн захын хорооллуудад ийм дүр төрхийг олонтаа харж болно. Ганц Энэтхэгт ч биш, дэлхийн олон оронд бий. Манайд хүртэл бий. Зах дээр өдрийн хоолны төлөө хэр хэмжээнээсээ хэтэрсэн ачаа зөөж буй 13 настай хөвүүд цөөнгүй.

Гудамжинд гутал тослон суугаа 10 настай хөвүүн ч бий. Зүгээр л халуун өдөр "Мөстэй коло" гэж, жавартай үдшээр "Халуун аарц" гэж хашгирч яваа 10 гаруйхан настай хүүхдүүдийг бид Нарантуул зах орчмын зам дээрээс өдөр тутамдаа харж болно. Хүүхдүүд сайн дураараа, дуртайдаа тийн хэр хэмжээнээсээ хэтэрсэн ажил хийгээгүй, зүгээр л амьдрахын тулд, гэдэс өлсөхгүйн тулд, аав ээждээ тус болохын тулд юм.

Бид түүнийг харсан ч хараагүй юм шиг явдаг нь бага насны хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг далдуураа хүлээн зөвшөөрдгийнх. Тэглээ гээд тэдний хөдөлмөр эрхлэхийг нь хорьчихож бас боломгүй. Тэгвэл хоолгүй болоод, бүр үхэх юм болно. Харин эцэг эхийг нь орлоготой болгоход анхаарах...

Харин тэр үнээ саадаг бол хөдөлмөрийн мөлжлөг биш шүү. Хөдөө өсөж өндийсөн бүхэн мэднэ. Хөлд орсон цагаас эхлэн хот захлан, ишиг хурга эргүүлдэг, ирэг, сэрх унаж сурдаг, тэгээд 5-7 насандаа хурдны морь унаж, хонь хариулж, аргал түлш, ус цасандаа явдаг. 10 нас гараад их олон зүйлийг бие даан хийж чаддаг, тэр хэрээрээ амьдралд тэсвэртэй, олон талтай болж хүмүүждэг манай уламжлалт ахуйн онцлог юм. Түүнийхээ төлөө хэн нэгнээс, эцэг эхээсээ хөлс цалин авдаггүй, авьяа ч гэдэггүй сэтгэлгээтэй. Тэглээ гээд муудсан, хохирсон юм үгүй, харин ч элгээ мэдэрдэг, эх нутгаа хайрладаг, эх соёлоо эрхэмлэдэг болдог юм.

"Будаач будаач гэхээр сахлаа будав" гэгчээр хүүхдийн эрхтэй холбоотой асуудал нийгэмд сөхөгдөнгүүт учиргүй нэг их хүний эрх ярьдаг орчин үежсэн хүмүүн, энэрэн нигүүлссэн амьтан болох гэж ядах хэрэггүй юм. Байгаа оно. Тэр ачаа зөөж буй хүүхдүүдийг олж хар. "Мөстэй кола" гэж хашгирч яваа хөвүүдийг олж хар. Хогийн цэг дээр амьдарч буй багачуудийг олж хар. Тэгээд тэднээс язгуур соёлоо ялгаж үз. Язгуур соёлоо "Пүү паа" гэлцэн гишгэлж хаячихаад хаана хүрэх гэсэн юм бол? Харийн хатгаас уу? Эрлийз сэтгэлгээний элийрэл үү?

Б.Наминчимэд

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.