Мянган жил чи намайг хайрлаж чадах уу...

Twitter Print
2020 оны 01-р сар 08-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Ардын урлагийн аргагүй сайхан аялгуунд аргадуулж өссөн Чинбат. Хуучир хөгжмийн мастер, МУГЖ Батмөнхийн хүү, шанзчин ээжийн амин үр.

Мөрөөдөгч, мөрөөдлийнхөө төлөө тэвчигч, тэргүүлэгч...Найруулагч Наранбаатарын УДЭТ-ын тайзнаа тавьсан "Ромьёо Жульетта" жүжгийн дууны үгийг бичих болов оо. Хөгжмийн зохиолч нь Чинбат. Түүний үнэхээр сэтгэл зүрх сэмлээд, сэгсрээд, хөглөөд, хөглөрүүлээд хаячихмаар аялгууг сонсоод л 

Гэрэлт нар сэтгэлд минь мандахыг чи мэдэв үү
Гэгээн хайр харцанд минь ургахыг чи үзэв үү...гэсэн эхний мөрүүдийг бичиж билээ.

Чинбат бол яах аргагүй Б.Шарав, Н.Жанцанноров нарын дараа Монголын хөгжмийн урлагт ирсэн сод авъяастан, сор болсон хөгжимлөг нэгэн. Түүний ертөнц даруухан, бас яруухан. Тэр бидний л адил төрийн дэмжлэггүйгээр төгөлдөр ялгуун ертөнцийг бүтээх гэж зүтгэдэг урлагт дурлагч, урлагийг үйлдвэрлэгч. Чинбат л Sweetemotion-ы дөрвөн охиныг дагуулан Холливудыг зорьж, Чинбат л дэлхийн Soul хөгжмийн хатан хаан гэгддэг дуучин Aretha Franklin-ий студид хөгжмийн найруулагчаар ажиллаж, Чинбат л Нью Иоркийн шилдэг шоу Big apple-ыг бүтээлцэж, Чинбат л Mandela day алдарт концертонд тоглосон...эх орондоо ирээд "Давтагдашгүй", "Эзлэн", "Хязгааргүй" хөгжмийн бүрэн хэмжээний тоглолтуудаа хийсэн.

Аавынхаа дурсгалд зориулсан "Сэтгэлийн гуйлга" дуунаас эхлээд Чинбат дуу болон хөгжмийн зохиолуудаа ардын болон симфони оркестр...уламжлалт болон шинэ үеийн бүх хөгжмийн зэмсгүүдийг уйлуулан байж зохиодог. Бас Чинбат л Монголын хамгийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж, дурлуулж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон...тэгээд дээр нь юу гээч, тэд нийгмийн хариуцлагаа ухамсарлахыг залууст уриалж, Нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан...харин одоо...тэд шинэ цагийн хайрын түүхийг бүтээж байна...хүүхэд байхдаа тариурнаас шар өвчин авч, дахиад л тариурнаас элэгний вирус халдварлаж, сүүлийн 10 жил байнгын эмчилгээтэй байсан эр нөхөртөө Сарнай элгээ эмтэлж өгсөн...

...Гэрэлт зүрх минь
Гэнэн сэтгэлт минь
Яагаад ийм гэгэлгэн юм бэ, чи минь
Яагаад ийм яруухан юм бэ...Тэр жүжгийн дуу ингэж үргэлжилдэг. Сарнай тайзан дээр дуулж байхдаа Чинбатаас харцаа ганц ч хором салгаагүй яг тэр мөчүүд санаанаас огтхон ч гардаггүй юм. У.Шекспирийн "Ромъео, Жульетта"-гийн хөгжмийг морин хуураар эхлүүлсэн тэр л Чинбат...Солонгосын эмнэлэгт үлдэх, үрэгдэхээ дэнслэн хэвтэж буй хос хоёр зүрх, холбоо хоёр тавилан...
...Мянган жил чи намайг хайрлаж чадах уу
Маргааш хагацах юм шиг надад дурлах уу, хонгор минь...би тэр шүлгийг зөвхөн тэдэнд зориулан бичсэн юм шиг л санагдаж байна. Чинбат, Сарнай хоёртоо, тэдний хүүхдүүдэд аав ээжийг нь авч үлдэхийн төлөө, тэгээд бас гэгээн хайр, гэрэлт зүрхнийх нь төлөө Хаанбанк 5212071351 Ц.Сарнай дансанд мөнхийн хайрын бэлгэдэл болгон сэтгэлийн өглөгөө шилжүүлээрэй...Хайрласан, хайрлуулсан зүрх болгонд тэднийхтэй адил үүрдийн үнэн, үргэлжийн гэгээн хайрыг ерөөе!

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.