Кристиан Андерсен - Хааны шинэ хувцас

Twitter Print
2020 оны 12-р сар 11-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Эрт урьдын цагт нэгэн хаан байжээ. Тэр хаан шинэ, сайхан хувцсанд туйлын дуртай тул хамаг мөнгөө хувцсанд өгч, сайхан хувцасны төлөө хаант улсынхаа сан хөмрөгийг хайр найргүй зарцуулдаг байлаа.

Тэр хаан өдөр бүр, цаг тутамд сольж өмсдөг олон хувцастай ч сэтгэлд нь үүрлэсэн атгаг шунал бодол нь хязгааргүй ихийг ямагт хүсэж, өөрт байхгүй элдэв чамин хувцас олж өмсөх талаар бодон тархиа гашилган суудаг юмсанжээ. Нэг өдөр хувцсанд дуртай хааны эзэнт улсад гадны хоёр луйварчин ирээд "Бид тансаг торго нэхэж хувцас урладаг хүмүүс. Бидний нэхсэн торгонд хорвоод хосгүй нэгэн гайхам шид бий.

Энэхүү торгоор хийсэн хувцас зөвхөн ухаантан мэргэдэд харагдаж харин ухаан муутай тэнэг мулгуу хүмүүст хардаггүй юм" гэсэн цуу үг тараажээ. Энэ цуу яриа амнаас ам дамжин явсаар хааны чихэнд хүрчээ. Хаан " Ийм хорвоод хосгүй хувцсыг өмсөж үзэхийн зэрэгцээ өөрийн албатуудыг ухаантан эсвэл тэнэг эсэхийг амархан ялган мэдэж болох нь ээ. Тэр шидтэй эдээр нэг хувцас нэхүүлж авъя" гэж шийджээ.

Ингээд нөгөө хоёр луйварчныг дуудуулж өөрт зориулж тэр гайхамшигт хувцсаа даруйхан урлахыг тушаалаа. Луйварчид хувцас хийхэд зориулсан үнэт утас авах хэрэгтэй хэмээн худал ярьж хааны сан хөмрөгөөс их мөнгө гаргуулан аваад, яг л хувцас урлаж буй мэт бөхөлзөн тонголзож, оёсоор бүтэн өдөр болов. Хаан ажлын явцыг шалгуулахаар хамгийн мэргэн ухаантай Шадар сайд өвгөнөө хоёр оёдолчин руу явуулав. Ингээд шадар сайд өвгөн нь тэрхүү хоёр луйварчны хувцсаа нэхэж буй байдлыг шалгахаар очтол нүдэнд нь юу ч харагдсангүй. Хоёр луйварчин хоосон газар руу зааж хувцас нэхэж буй торгоны өнгө хээ, чанар сайн байгаа биз? хэмээн асуусанд өвгөн сайд хичнээн нүдээ бүлтийлгэн харавч нүдэнд нь торох зүйл үзэгдсэнгүй. Дэмий л дотроо "Ай би тэнэг юмсанж. Үүнийг бусдад мэдэгдэж л хэрхэвч болохгүй. Тэгвэл би албан тушаалаа алдана.” хэмээн бодоод нүдний шилээ зүүгээд ингэж өгүүлэв.

- Аяа, энэ их сайхан торго байна. Өнгө хээ нь тун ч сайхан зохиж. Би хаанд өөрийн биеэр айлтгах болно гэжээ. Өвгөн сайд буцаж очоод хаандаа “Гайхам сайхан хувцас урлаж байна” хэмээн айлтгав. Үүний дараа хаан бас дахин өөр нэг мэргэн түшмэлээ явуулж хоёр оёдолчны ажлыг шалгуулсанд тэр түшмэлийн нүд ч гэсэн өмнөх сайдын адил хувцас нэхэж буй гэх машинаас өөр юуг ч олж харж чадсангүй. Хоёр луйварчин ч өөрсдийн нэхэж буй хувцасны сайныг магтаж сайхан эд байгаа биз? хэмээн асуусанд тэрхүү түшмэл, "Юу ч олж харахгүй байна гэх юм бол тэнэг гэдгээ зарлаж, энэ сайхан албан тушаалаа алдаж таарна" гэж боджээ. Ингэж бодоод тэрээр хоёр луйварчны үгийг дагав. Тэгээд хаанд буцаж очоод үнэхээр тансаг сайхан эд байна гэж айлтгажээ. Эцэст нь хаан өөрийн биеэр тэрхүү эдийг үзэхээр болж өмнө явуулсан хоёр түшмэлийн хамт хоёр луйварчин дээр хүрч очлоо. Тэр хоёр ч хааныг үзээд хийж буй ажлаа улам илүү хийж, хамаг ур чадлаа гаргаж байгаа мэт дүрийг үзүүлэв. Хоёр шадар түшмэл ч урагш гарч хоосон газар заан тэрхүү гайхамшигт эдийн өнгөний зохицлыг анхааран үзнэ үү хэмээн хаанаа урив. Тэгээд хаанаасаа ингэж асуув.

- Үнэхээр гайхамшигтай байгаа биз? Үүнд хаан гайхаж "Энэ ямар жигтэй хэрэг вэ? Миний нүдэнд юу ч харагдахгүй юм. Би тэнэг мулгуу юм болов уу? Үүнийг бусдад мэдэгдвэл хаан суудлаа алдана" хэмээн бодов. Тэгээд өндөр дуугаар:

- Аяа, үнэхээр сайхан эд байна. Миний санаанд яв цав нийцэж байна, хэмээн толгой дохиход олон дагагсад нь юу ч харагдахгүй байсан ч тэнэг болохоос айж дэмий л хааны үгийг даган “Үнэхээр гайхалтай сайхан" гэж шагшин магтацгаав.

Хаан “удахгүй болох их ёслолоор энэхүү шинэ хувцсаа өмсөх болно” хэмээн айлдаад энэхүү гайхамшигтай хувцсыг хийж өгсөн хоёрыг одон тэмдгээр шагнаж "Хааны шадар нэхмэлч" цолыг олгов. Их ёслолын урьд өдөр хааны шинэ хувцас бэлэн болсныг зарлав. Сайд түшмэл, бараа бологсдоо цөмийг дагуулсаар хаантан өөрийн биеэр залран ирэв. Хоёр луйварчин ч өөрсдийн шидэт хувцсыг барьж буй дүр үзүүлэн гараа өргөн ийн өгүүлэв:

- Харагтун. Энэ бол өмд, энэ бол цамц болой. Харин энэ бол нөмрөг. Энэ бол бусад дотоод хувцас. Бүгд аалзны шүлс мэт хөнгөн тул өмссөн хүнд огт мэдрэгдэхгүй. Хааныг дагалдан яваа олон түшмэл дэмий л шинэ хувцсыг шагшран магтаж хоосон газар руу цоо ширтэн зогсоцгооно. Хоёр луйварчин ч хааны хуучин хувцсыг тайлж, шинэ хувцсыг нь өмсгөж байгаа дүр эсгэн хэсэг сүржигнэв. Ингээд шинэ хувцсаа өмсөж дуусаад хаан толины өмнө очиж нааш цааш эргэлдэн шинжин харав. Бүгд л хааны шинэ хувцсыг магтан шагширч гайхан биширснээ дор дороо өгүүлэв. Энэ үед хааныг хаант улсынхаа ард олны өмнө гарч ёслох цаг болсныг дуулгав. Хааныг гарахаар алхахад шинэ хувцасных нь нөмрөгийг барих хүмүүс ч даган ухасхийв. Учир нь тэрхүү гайхамшигт шинэ хувцсыг нь олж харахгүй тэнэг амьтан болж харагдахаас тэд айж байсан тул дэмий л гараа өргөн нөмрөг барьж яваа мэт дүрийг эсгэв.

Хааныг төрийн их ёслолдоо ихэмсэг байдлаар залран ирэхэд хурсан олон бүгдээр ам уралдан хааны шинэ хувцсыг шагшин магтана.

- Ай, тэнгэр минь, манай хааны хувцас үнэхээр өгүүлшгүй сайхан ажээ. Манай хаанд зохихгүй хувцас гэж ямар байх биш дээ гэлцэн байв. Тэнэг мангуу гэж хэлэгдэхээс бүгд эмээх тул хааны шинэ хувцсыг харахгүй байгаа хэдий ч бие биенээсээ өрсөн магтаалын үгийг харамгүй урсгана. Хааны олон хувцаснуудаас үүн шиг олныг гайхуулан бишрүүлж үгийг нь барсан хувцас өмнө нь нэг ч байгаагүй билээ. Ингэж байтал гэнэт нэг бяцхан жаал,

- Манай хаан шалдан байна! гэж хашгирсанд цугларсан олон тэр жаалын үгийг сонсоод,

- Эзэн хаан нүцгэн явж байна. Энэ жаал хааныг шалдан явж байна гэж хэллээ хэмээн өвөр зуураа шивнэлдэн шуугилдав. Хаан энэ үгийг сонсоод "үнэн үг" хэмээн ойлгож ихэд ичсэн боловч хувцастай хүн шиг л явж байгаад дуусахаас өөр арга үлдсэнгүй. Тэрээр толгойгоо дээш өргөн, улам эхэмсэг дүрээр цааш үргэлжлүүлэн алхахад түүний нөмрөгийн хормойг баригч нар ч дуурайж гараа дээш хий өргөөд ухаантны дүрээр даган алхлав аа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.